Архангайчууд Засаг даргадаа ам муутай байна

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Архангайчууд Засаг даргадаа ам муутай байна

Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монгол хүн-2020” хэлэлцүүлэг 20 дахь аймаг болох Архангай аймагт өнгөрсөн аравдугаар 29‑30‑нд боллоо. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын дарга, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, УИХ‑ын гишүүн, Монгол Улсын баатар Э.Бат‑Үүл, Архангай аймгаас УИХ‑д сонгогдсон УИХ‑ын гишүүн Р.Гончигдорж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны дэд сайд Д.Нямхүү нар оролцсон юм.

Хэлэлцүүлэг “Эрх чөлөөтэй Монгол хүн”, “Эрүүл чийрэг Монгол хүн”, “Эрдэм боловсролтой Монгол хүн”, “Ажилтай орлоготой Монгол хүн”, “Аюулгүй орчинтой Монгол хүн” гэсэн үндсэн таван сэдвийн хүрээнд болж, 19 сумын 500 гаруй хүн оролцож өрх гэр, сум аймгийнхаа хэмжээнд тулгамдсан асуудлаа ярилцаж, аймаг орон нутгийнхаа хөгжлийн гарцыг хамтдаа тодорхойлцгоосон юм.

Эрх чөлөөтэй Монгол хүн

Архангай аймгийн Засаг дарга ­Е.Баатарбилэг, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат нар нь өөрийн багаа бүрдүүлэх зорилгоор намчирхаж, олонхоороо түрий барин аймгийн ИТХ‑д 2008 онд тухайн үеийн МАХН /МАН/‑аас сонгогдсон аймгийн хурлын төлөөлөгч Ж.Мөнхбатыг аймгийн Төрийн сангийн даргаар, Гомбодоржийг аймгийн ХХААЖДҮГ‑ын даргаар, Г.Ганболдыг Хангай нурууны цогцолбор газрын даргаар, Р.Гандиймааг Аймгийн Эрүүл мэндийн газрын дэд даргаар, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга П.Энхтайван нь ажлаа үргэлжлүүлэн хийж байна.  МАН‑аас аймгийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон нэр бүхий 20 хүн төрийн албан хаагчаар ажиллахын зэрэгцээ  аймгийн ИТХ-ын төлөөлөгч хэвээр өнөөдрийг хүрч байгаа нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль, Төрийн албаны хуулийг зөрчиж байгаа юм. Аймаг суманд төрийн алба жинхэнэ утгаараа ажиллахгүй бол төрийн албаны салбар зөвлөл байх шаардлаггүй гэж үзэцгээж байгаа аж. Түүнчлэн төрийн алба дэндүү данхайж байгаа боловч төрийн үйлчилгээ сайжрахгүй байна. Сүүлийн жилүүдэд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагууд, тухайлбал, Хүнс хөдөө аж ахуй жижиг дунд үйлдвэрийн газар, нийгмийн даатгалын хэлтэс, татварын хэлтэс, улсын бүртгэл, мэргэжлийн хяналтын газар гэх мэт байгууллагууд бүгд өөрийн тусдаа байртай, хашаатай, харуултай, гражтай, машинтай болсоныг шүүмжлэв. Төрийн албаны сонгон шалгаруулалт шударга явагдахгүй, тэнцэх хүн нь урьдчилан тодорхой болчихдог. Төрийн алба намын алба болсон. Аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийн эхнэр Туяацэцэг нь тус аймаг дахь Хадгаламж банкны захирлаар ажилладаг бөгөөд аймгийн төвийн болон хөдөө сумдын төсөвт байгууллагуудын харилцах дансыг ХААН банкнаас татуулах 394 тоот захирамжийг гарган эхнэрийнхээ Хадгаламж банкин дээр төвлөрүүлсэн. Ингэснээр Хадгаламж банкны ачаалал нэмэгдэж иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндрэл учруулах болжээ.

Эрүүл чийрэг Монгол хүн

Архангай аймагт халдварт өвчин, зүрх судас, хоол боловсруулах, элэгний хорт хавдар, осол гэмтлийн өвчлөл зонхилдог аж. Уулархаг өндөр уулсын бүс нутагт амьдардаг учир усны хатуулаг их. Тариат, Өндөр‑Улаан, Эрдэнэмандал, Ихтамир сумдад удамшлын болон сэтгэцийн гаралтай өвчнүүд давамгайлж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид суурь өвчтэй хүүхдүүдэд шаардлагатай хүүхдийн сувилалыг бий болгох талаар хөндлөө. Мөн Боловсролын яам, Эрүүл мэндийн яамны уялдаа холбоо муутайгаас чанаргүй, туршлагагүй эмч нар шинээр суманд ирж байгаад сэтгэл дундуур буйгаа илэрхийлж байв. Түүнчлэн бусад аймагт хөндөгдөөгүй нэгэн санал гаргасан нь аливаа орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн асуудал орон нутгийн удирдлагын үйл ажиллагаатай шууд хамааралтай болгох ёстой гэсэн санал байлаа. Жишээ нь: Эрдэнэбулган сум хог хаягдалдаа дарагдсанаас халдварт өвчин дэгдэх, тархах бүх нөхцөл бүрдээд байгаа аж. Иймд орон нутгийн удирдлагын ажлыг дүгнэхдээ тухайн орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлтүүдийг харгалзан үздэг болмоор байна гэжээ.

Тус аймгаас сонгогдсон УИХ‑ын гишүүн Эрүүл мэндийн сайд С.Ламбаагийн хувьд аймгийн төвд халдвартын эмнэлэг, хүүхдийн эмнэлэг барьж, 600 гаруй сая төгрөгөөр аймгийн болон сумдын өрхийн эмнэлгийг тоног төхөөрөмжөөр хангажээ. Мөн баг, сум, өрхийн эмнэлгүүдийг унаагаар бүрэн хангаж тодорхой ахиц дэвшил гарсан боловч эрүүл мэндийн тогтолцооны хувьд өөрчлөлт хийх шаардлага байгааг ийнхүү иргэд ярьж байлаа.

Эрдэм боловсролтой Монгол хүн 

Аймгийн хэмжээнд ясли огт байдаггүй. Цэцэрлэгийн багш нарын цалин хөлс, нийгмийн асуудал хөдөө орон нутагт бүрэн хаягдсан, цэцэрлэгт хүүхдээ өгөх хэрэгцээ их байдаг. Сумдад багш нарт компьютер, гарын авлага дутагдалтай. Ерөнхий боловсролын сургуулийн 7‑8‑р ангийн хүүхдүүд өнөөдрийг хүртэл сурах бичиггүй хичээллэж байна. Сургуулийн насны хүүхдийн тоо их боловч анги танхимын хүрэлцээ байхгүй. Тэгсэн хэрнээ төр захиргааны байгууллагууд байшин барилгаа өргөтгөж, боловсролын салбарт огт орон нутгаас огт хөрөнгө оруулалт хийдэггүй гэж иргэд ярьж байв. Цэцэрлэгийн эрхлэгчийн таван жилийн нэмэгдлийг огт олгодоггүй. Аймгийн төвийн гуравдугаар арван жилийн сургуулийн хашаанд шүүхийн гурван давхар байр барихыг зөвшөөрч байгаа мөртлөө нэгдүгээр сургуулийн хашааны гадна талд багш нар байр барих гэхээр сургуулийн ойр орчимд барилга бариулахгүй гэж хориглосон гэж багш нарын зүгээс шүүмжлэв. Бага ангийн хүүхдийн хичээлийн агуулга, хэтэрхий хүнд, 7-8 дугаар ангийн хүүхдүүд 17-18 хичээл үздэг, маш их ачаалалтай, хичээлээ дийлдэггүй. Сургалтын программыг бүхэлд нь өөрчилж хөнгөвчлөх нэн шаардлагатай байгааг багш, эцэг эхчүүд онцлов. Архангайн багшийн коллеж нь чанар биш тоо харгалзан шалгаруулалт хийдэг. Тус аймагт жилд 10 багшийн тоо гардаг боловч 100 багш төгсдөг гэнэ. Мөн Цэнхэр сумын хүүхдийн дотуур байрыг сумын МАН-ын дарга, засаг дарга хоёр нь хувьчилан өөрсдөө амьдарч байгаа аж. Гэтэл сумын хүүхдүүдэд дотуур байргүй айлд тавиул байдлаар амьдарч байна. Мөн Цэнхэр сумын ахлах сургуулийн захирлыг ажлаа муу хийсэн гэж гурван удаа ажлаас нь халсан боловч аймагт хамгаалагддаг гэж байлаа.

Ажилтай орлоготой Монгол хүн

Архангай аймаг төвийн бүсэд байрладаг давуу талтай, үзэсгэлэнт байгальтай, улсдаа нэртэй сүү цагаан идээний орон. Гэсэн хэдий ч аймгийн хамгийн тулгамдсан асуудал бол ажилгүйдэл аж. Иргэдийн зүгээс ч ажилтай болчихвол төр засгаас гуйгаад байх юм алга гэж байсан. Тийм учраас ЖДҮ‑ийн зээлийг намчирхахгүйгээр шударга хуваарилж, иргэдийг хөдөлмөр эрхлэх, мэргэшүүлэх сургалтад үе шаттай хамруулж өгөхийг иргэд хүсч байсан. Түүнчлэн аймаг орон нутагт зарлагддаг тендер шударга бус болдог. Татвар төлөгчдийн мөнгөнд Засаг дарга Ё.Баатарбилэг хэтэрхий үрэлгэн хандаж байгаа гэж бухимдах хүмүүс цөөнгүй байсан юм. Тухайлбал энэ онд тус аймаг орон нутгийн төсвийн хөрөнгөөр Аялал жуулчлал  мэдээллийн төвийн барилгыг 80 сая төгрөгөөр барьжээ. Аялал жуулчлалын төв барих тендерийг олон нийтэд зарлаагүй бөгөөд тус тендерт ганцхан “Изохаус” ХХК материалаа ирүүлсэн гэх шалтгаанаар тус компанийг шалгаруулсан байна. Тус мэдээллийн төвийг дэндүү өндөр өртгөөр барьсан төдийгүй тохижолтод нь 30 сая төгрөг зарцуулсан нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа аж. Бусад аймаг иж бүрэн тоноглолтой хөл бөмбөгийн талбайг дээд тал нь 168 сая төгрөгөөр барьдаг байхад Архангайд 320 сая төгрөгөөр ганцхан компанийг тендерт оролцуулж бариулсан гэнэ. Цэцэрлэг хотын төвд спортын тоглоомын гурван талбайг мөн л ганцхан компани тендерт оролцон нэг бүрийг нь 20 саяар барьжээ. Чулуут суманд 22 сая, Хайрхан суманд 40 сая төгрөгөөр халуун ус бариулсан боловч одоо хүртэл ажиллахгүй байна. Тус суманд 150 сая төгрөгөөр баригдсан гүүр нэг жилийн дараа үерт урссан, хариуцлага хүлээх эзэнгүй болж өнгөрчээ.

Аюулгүй орчинтой Монгол хүн

Цэцэрлэг хот нэгдсэн дулаан хангамжийн сүлжээгүй учир өнөөдрийн байдлаар нам даралтын жижиг том 17 зуух ажиллаж байна. Үүнээс болж агаарын чанар муудаж, өвлийн нөхцөлд байрны айлууд өвлийн хувцастайгаа өвөлжиж байгаа нь аюултай орчин хэмээн тодорхойлов. Дараагийн нэг асуудал бол хэлэлцүүлэгт оролцсон иргэн бүр Эрдэнэбулган сумын хогны асуудалд анхаарал тавихыг хүслээ. Энэ онд гэхэд гэр хорооллын таван сарын хогийг 9 сард ачсан байна. Гэсэн хэдий ч хот тохижилтийнхон нь хогны мөнгийг иргэдээс сар бүр авдаг аж. Мөн золбин нохойгоо хүч хүрэхээ байсан гэцгээж байв.  Түү Түүнчлэн Цэнхэр сумын Орхонт багийн нутагт ашигт малтмалын ашиглалтын 14 лиценц 1997 оноос олгогдож олборлолт явуулснаар хойш шар усны үерт бэлчээр сүйдсэн. Булган уулын зүүн суга Жамганы булгаас урсдаг жижиг гол Цэцэрлэг хотын төвөөр урсдаг бөгөөд гол тэр чигээрээ хогоор урсаж буй нь Цэцэрлэг хотынхны сэтгэл дутсантай холбоотой гэж байсан юм. Түүнчлэн Эрдэнэбулган сумын гэрэлтүүлэг хангалтгүй байгааг шүүмжлэв.

 Ийнхүү “Монгол хүн 2020” хэлэлцүүлгээр Архангайчууд орон нутгийн удирдлага, тэр дундаа Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүн гэх тодотголтой аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэгийг нэлээд их шүүмжилж байсан юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж