Сонгуулийн хуульд тавьсан “Зэлтэрийн гацаа”

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуульд тавьсан “Зэлтэрийн гацаа”

Эрх барьж байгаа нам маань нэг л биш ээ. Ороо бусгаа, хэлсэн ярьснаа мартамхай, эргэж буцамхай гэж жигтэйхэн, нэг л уймраа хөгшин, эсвэл айлын учир мэдэхгүй хүүхэд шиг аашлах юм. Гэхдээ МАН-ын барьж буй улс төрийн байр суурьтай харьцуулбал энэ зүйрлэлүүд ч хэтэрхий жулдана. Үнэн хэрэгтээ уймарч мартаад ч байгаа юм биш, УИХ-д олонхи байгаадаа бярдаж, Ардчилсан намд өгсөн таван сайдын суудалдаа эрдээд “намайг хэн хэлж, нохойг хэн саах юм” гэдэг болж байгаа юм.

Хоёр жилийн өмнө С.Баяр Ерөнхий сайдын суудлаас буухад хамтарсан Засгийн газрыг хөдөлгөхгүйн тулд МАН-ынхан ямар тайлбар хэлж байсныг санаж байна уу? С.Баяр бол Засгийн газар биш, Ерөнхий сайд сайн дураараа огцрох нь танхимын бусад гишүүдэд огт падлийгүй зүйл гэж хэлээд С.Батболдыг Ерөнхий сайдаар томилж байсан байх аа. Гэтэл өнөөдөр яав? Ерөнхий сайдыг огцруулах шаардлага тавьсан УИХ-ын есөн гишүүний шаардлагыг МАН-ын бүлэг “хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзэхдээ өмнөхөөсөө огт өөр тайлбар тавьж байгаа. Ерөнхий сайд бол Засгийн газар мөн, Ерөнхий сайдыг огцруулахын тулд УИХ-ын гишүүдийн ¼ буюу 19 гишүүн наанадаж гарын үсэг зурах ёстой гэж.

Уг нь бол сонгууль болохоос наймхан сарын өмнө Засгийн газрыг ч, Ерөнхий сайдыг ч огцруулах шаардлага тавьсан гишүүдийг балиашиглаад байх шаардлага байхгүй л дээ. Огцрууллаа гээд юу дээрдэх гээд, оронд нь хэн гарч ирээд, юу амжуулах гээд байгаа нь ойлгомжгүй, тэр тусмаа огцруулах гээд байгаа үндэслэлүүд нь ч ойлгомжгүй байгаа юм чинь. Гэхдээ л УИХ-ын гишүүд бүрэн эрхийнхээ дагуу хуулийн хүрээнд шаардлага тавьсан л бол УИХ өөрийнхөө бүтцийн байгууллагуудаар /намын бүлэг, байнгын хороод гээд/ хэлэлцүүлж байж шийдвэрээ гаргах ёстой. Огцруулах гээд байгаа үндэслэл чинь буруу, эсвэл дутуу байна, УИХ-ын олонхи үүнийг дэмжихгүй ээ гэж. Түүнээс биш С.Баяр санал тавихаар нь хэлэлцээд, Ц.Батбаяр нь шаардлага тавихаар нулимаад байж болохгүй биз дээ. Ийм л сонирхолтой жишиг тогтчихоод байгаа юм.

Одоо УИХ-аар хэлэлцэгдэж буй Сонгуулийн тухай хуулин дээр ч гэсэн МАН-ын бүлэг нөгөө л хулхиддаг, бярддаг зангаа гаргаж байна. Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн төсөл дээр өгсөн саналыг Ардчилсан намын бүлэг хэлэлцээд “хүлээж авах боломжгүй” гэж үзэн хоёр дахь удаагаа буцаажээ. Учир нь МАН-ын бүлгээс одоогийн 26 тойргийг жижиглэн 48 болгох тухай эхний саналаа дахин оруулж ирсэн аж. Түүнчлэн энэ 48 мандатынхаа 12-ыг нийслэлд, үлдсэн 36-г орон нутагт хуваарилахаар. Ингэснээр Монголын нийт хүн амын 45 хувь нь амьдарч буй нийслэл хот парламентад дөнгөж 25 хувийн төлөөлөлтэй, 55 хувь нь амьдарч буй орон нутгийнхан 75 хувийн төлөөлөлтөй болох юм /үлдсэн 28 суудал буюу пропорциональ нэг том тойргоос сонгогдож буй хувьд бол хот хөдөөгийн гэсэн ялгаа гарахгүй л дээ, Монгол Улсын нийт сонгогчдын саналаар сонгогдох учраас/.

Тийм учраас УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Хэрвээ 28:48 гэсэн мажоритари давамгайлсан хувилбараар сонгуулиа явуулна гэж байгаа бол одоо байгаа 26 тойргоо жижиглэхгүй, сонгуулийн хуулийг анх боловсруулж эхлэхдээ хоёр намын бүлгийн хийсэн тохироо учраас. Хоёрдугаарт, мажоритари 48 мандатыг хуваарилахдаа хот, хөдөөгийн хүн амын тоонд нь харьцуулж нийслэлд 20, орон нутагт 28 байхаар хуваарилах ёстой” гэсэн шаардлагыг тавьсан билээ.

Учир нь 2000-2008 оны сонгуулийн санал хураалтын дүн болон 2010 оны хүн амын нэгдсэн тооллогын дүн дээр түшиглэн судлаачид зарим нэг тоо баримтыг гаргаж ирсэн байна. 2000 оны сонгуулийн өмнө Монгол Улсын хүн ам хоёр сая 373 мянга байсан бол 2010 оны эцсийн хүн амын нэгдсэн тооллогоор хоёр сая 754 болж, 16 хувиар өссөн байна. Гэтэл энэ өсөлтийн 60.2 хувь нь нийслэл хотод ногдож байгаа бөгөөд 2000 онд 773 мянган хүнтэй байсан нийслэл хот одоо сая 240 мянгуулаа болчихоод байгаа. Гэтэл энэ хугацаанд орон нутгийн хүн ам сая 614 мянгаас сая 514 мянга болж  6.1 хувиар буурсан байна. Хамгийн их өсөлтийг Баянзүрх дүүрэг үзүүлж, 149 мянгаас 275 мянгад /84.4 хувь/ хүрсэн бол хамгийн их бууралтыг Завхан аймаг үзүүлж, 2000 онд 90 мянган хүн амтай байснаа 2010 оны жилийн эцэст 65 мянга болон буурсан /27.2 хувиар/ буурсан байна.

Гэтэл одоогийн байдлаар 275 мянган хүнтэй Баянзүрх дүүрэг 40 мянган хүнтэй Налайх дүүрэгтэй нэг тойрог болж УИХ-д дөрвөн мандаттай, харин Завхан аймаг гурван мандаттай байгаа. Ойролцоогоор Баянзүрх дүүргийн 80 хүнийг парламентын нэг гишүүн төлөөлж байхад Завхан аймгийн 65 мянган хүн парламентад гурван төлөөлөгчтэй байна гэсэн үг. Хотын дөрвөн сонгогчийг хөдөөгийн нэг сонгогчтой тэнцүүлэн саналыг нь авч байна гэсэн үг. Дахиад нэг томруулдаг шил аваад үзье. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар З.Алтай гишүүн 60 мянган хүний саналаар УИХ-д сонгогдсон бол Р.Раш гишүүн 10.500 хүний саналаар сонгогдсон. Тэгсэн хэрнээ тэр хоёрын парламентад санал өгөх эрх яг адил. Хот хөдөөгийн сонгогчийн төлөөллийн эрх 5:1 болж байгаа биз. Хотын таван сонгогч саналаа өгөхөд дөрвийнх нь санал орхигдоод, нэг нь л төлөөллөө парламентад оруулж дөнгөж байна гэсэн үг. УИХ-ын тойргууд дахь хүн амын тооны харьцаа алдагдсанаас энэ бүхэн болж байгаа юм.

2008 оны сонгуулийн дараа гарсан эсэргүүцлийн жагсаал, үймээн ч гэсэн үүнтэй холбоотой. Хүн амын тал хувь нь саналаа өгчихөөд байхад яагаад бид 20-хон төлөөлөлтэй байгаа юм бэ, бидний өгсөн санал хаана гээгдчихэв ээ гэдэг асуулт. Түүнээс биш Ардчилсан нам ялагдсан, МАН ялсандаа асуудал биш. Аргагүй шүү дээ. Нийслэлийн сая гаруй хүн нийтээрээ 100 хувь очиж саналаа өглөө ч тэдний санал 20-хон хүн дээр л хуваагдаж очно. Харин орон нутагт сонгуулийн ирц 51 хувьд хүрээ л бол шууд 56 гишүүнтэй болж байгаа юм. Яагаад гэвэл мандатынх нь хуваарийг тэгээд хийчихсэн учраас. Тэгээд ч өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж баталсан төсвийн тодотгол дээрээс эхлээд гишүүд хүртэл хот, хөдөөгөөрөө талцан хэрэлдэж эхэллээ. Төсвийн тодотголоор нийтдээ 287 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар оруулж ирснээс дөнгөж 20 хувь буюу 60 тэрбумыг нь /тодотголоор орж ирж буй төсвийн орлогын бол 10 хувь/ нийслэлд зарцуулах гээд барсангүй. Мэдээж хөдөөгийнхөн дийлсэн.

Тиймээс Ардчилсан намын зүгээс намууд анх сонгосон тогтолцоо, пропорциональ давамгайлсан хувилбараасаа буцлаа буцлаа гэхэд ядахдаа тойргууд дахь мандатын тоог хүн амынх нь тоонд тэнцүүлэх хэрэгтэй шүү гэдэг шаардлагыг тавиад байгаа билээ. Тэгээд хотоос сонгогдсон 20 гишүүн ядаж Ардчилсан намын бүлгийн санал дээр хүч нэмэх болов уу гэтэл үгүй юм байна. Учир нь нийслэлийн 20 гишүүний дөнгөж тав нь МАН-аас сонгогдсон, бусад нь Ардчилсан намын гишүүд, ИЗН-ын С.Оюун, НН-ын Д.Энхбат, бие даагч З.Алтай.

Ер нь бол МАН ямар ч тохиолдолд “нэвт” явдаг есөн аймаг байдаг юм. Тэр аймгуудынхаа мандатын тоог хасах хүсэлгүй байна. Дээр нь одоо дөнгөж тавхан суудалтай байгаа хотын тойргийн мандатыг хүн амын тоонд нь харьцуулаад нэмэгдүүлнэ гэвэл “өөрөө өөртөө хортой тариа хийснээс” ялгаагүй гэж нөхдүүд үзэж буй бололтой. Тэгэхээр Ардчилсан намын бүлэг “хэзээ ч хүлээж авахгүй” гэсэн саналуудыг МАН-ын бүлгийнхэн “зөвшилцөл” нэрээр дахин дахин тавиад байгаа нь зүгээр цаг хожиж буй арга болж харагдаж байна. Ирэх арванхоёрдугаар сарын 27-ны өдөр хүртэл энэ чигээрээ зүтгэх биз. Тэгээд маргааш нь “Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой зургаан сарын хугацаа дуусчихлаа. Одоо яая гэх вэ, хуучин хуулиараа орохоос” гэх юм уу, эсвэл олонхиороо хүч түрээд одоо ярьж буй өөрсдийн хувилбараар батлуулах биз.

Тэгэхээр 26 тойргоо буцаагаад жижиглэе, тойргуудаа ч гэсэн хүн амын тоогоор нь бус, газар нутгийн хэмжээ, засаг захиргааных нь нэгжээр нь хуваая /одоогийн 26 тойргоо тэг дундуур хуваагаад хамгийн хүн ам цөөнтэй дөрвөн аймгаасаа нэг нэг мандат хасах тухай л ярьж байгаа шүү дээ/ гэдэг тэдний саналыг тойрч яриад, цаг үрээд байгаа Ардчилсан намынхан ч гэсэн энэ жүжигт санаатай, санаагүй ямар нэг байдлаар “хамтран тоглоод” байгаа юм биш биз. “Одоогийн 26 тойргийг жижиглэхгүйн төлөө 27-уулаа хатуурна” гэсэн Ардчилсан намын бүлгийн гишүүдийн хүрч чадах зүйл ердөө л энэ үү. Ирэх сонгуулийг хуучин хуулиараа явууллаа гээд иргэд юу хожих юм бэ?

Эцэст нь сонгуулийн дараа дахиад босох нийслэлчүүдийн эсэргүүцлийг энэ удаа юугаар дарах бол. Хамтарсан Засгийн газрын Хууль зүй дотоод хэргийн сайдын цагдаагийн байгууллагад хийж буй өөрчлөлтөөр үү, “Ардчилсан нам 27-хон, МАН-ынхан 47 кноптой” гэдэг тайлбараар уу?

Сануулахад одоо УИХ-д Хууль зүй дотоод хэргийн сайдын гарын үсэгтэй оруулж ирсэн Цагдаагийн байгууллагын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн баригдаад удаагүй байгаа. Энэ хуулийн төсөлд өнгөрөгч 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг нийтийг хамарсан жагсаал цуглаан, үймээн гарах юм бол цагдаагийн бие бүрэлдэхүүн дээр тагнуулынхан, дотоодын цэрэг, хил хамгаалах, шүүхийн шийдвэр биелүүлэх, онцгой байдлын бие бүрэлдэхүүн болоод зэвсэг техникийг татаж ашиглахаар заасан байгаа.  Хэдийгээр Ардчилсан намын бүлэг уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзэж, төсөл санаачлагчид нь буцаасан ч гэсэн хэрвээ асуудлыг зөвхөн кнопны олон, цөөнөөр шийднэ гэж байгаа бол Ц.Нямдорж сайдад ч бас 46 кноп бий шүү… 

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж