Монголчуудын хүн чанар хаачив?

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Монголчуудын хүн чанар хаачив?

Хүн төрөлхтөнийг хүн чанартай байхыг хоёрхон насны амьдралаараа ухааруулаад буцсан хятад охины тухай бичлэг интернэтэд тавигдсанаас хойш ердөө арав гаруйхан хоногийн дараа буюу уржигдар “Улиастай-Дэнжийн 1000” чиглэлийн  УНН-9673 улсын дугаартай автобусанд ийм нэгэн үйл явдал болов.

Зорчиж явсан автобус маань “100 айл”-ын буудал дээр хүрч ирж зогсоход хав хар хувцастай бөөвийсөн хүн дөрвөн хөллөн мөлхсөөр орж ирлээ. Автобусны хойд хэсэгт сууж бас зогсч байсан зорчигчдын зарим нэг нь түүнээс зугтав. Барагтай хүнд тавьж өгдөггүй суудлаас залуучууд хүртэл дайжих нь тэр. Хамраа дарж, ярвайх хүн ч бишгүй. Азаар амралтын өдөр тул зорчигч цөөн байв. Үл таних хүн мөлхсөөр. Кондукторын дуу хадаад явчихлаа. “Согтуу хүн зөөвөрлөхгүй буугаарай. Муусайн хар юмнууд уух мөрөөрөө уухгүй, автобусанд орж ирж лай болдог байхгүй юу. Хүн хар ч сууж болохгүй дайжуулаад” гэх нь тэр. Сайн ажвал хувцас хунар нь шороотой хутгалдчихсан, гудамжинд хог түүж амьдардаг хүмүүсийн нэг болов уу гэлтэй. Дөрвөн хөллөн зүтгэсээр байж, автобусны хамгийн арын суудлын гишгүүрийн хэсэг дээр суугаад авлаа. Бие давхар бүсгүй хүн аж. Насны хувьд 30 дөнгөж гарч яваа болов уу гэлтэй. Бие нь базаахгүй байгаа бололтой, гэдсээ байн байн базлан эцэстээ тэсгэл алдав бололтой орь дуу тавив. Ойр тойрон дахь хүмүүсийн сэжиглэж байна гэдэг жигтэйхэн. Зарим нэг нь ам хуурай байсангүй алив муу үгийг түүн рүү чулуудлаа. “Муу хар архичин, архиа хэтрүүлж уучихаад шингээж чадахгүй тарчилж байхгүй юу. Ерөөсөө энэнд хэн архи өгсөн юм, өөрөө дуртайдаа л уугаа биз дээ” гэцгээх аж. Гэвч үл таних эмэгтэй тэдний үгийг сонсохтой манатай орь дуу тавин гэдсээ базлан ёолсоор, эцэстээ автобусны шалан дээр падхийн унав. Хэн ч түүнийг юу болов гэж сэтгэл тавих шинж алга. Харин кондуктор нөгөө бүсгүй дээр очиж “Босоорой” гэж хэлж үзлээ. Хариу алга ухаан алдсан бололтой.
Замын түгжрэл үгүй тул автобус давхисаар. Тэгтэл кондуктор бүсгүй жолоочдоо хандан “Тоогий Сансрын буудал дээр зогсч байгаарай, хүн буулгана шүү” гэдэг байгаа. Зүрх оволзоод кондукторт үг хэлэхээс аргагүйд хүрэв. Автобусанд ойрол­цоо­гоор 30 гаруй хүн зорчиж явсан болохоор хэн нэг нь кондуктоорын хийх үйлдлийг зогсоох үг хэлж юуны магад гэж бодож хүлээзнэсэн авч хэн ч юу ч дуугарсангүй. Арга буюу кондуктортой халз тулаан хийхээс аргагүй болов. Нэг биш хоёр хүний алтан амь ингээд гудамжинд хөсөр хаягдах юм гэж үү хэмээн бодохоор хоолой ч зангираад ирлээ. Монгол хүний нинжин сэтгэл хаачив аа гэж халагламаар.

Арав гаруйхан хоногийн өмнө Хятадын Гуандун мужид хоёрхон настай охиныг ачааны тэргээр дайрчихаад эмнэлгийн тусламж үзүүлэлгүй давхиад явчихсан хоёр жолоочийг монголчууд хэчнээн их зүхлээ дээ. Бас охиныг машинд дайруулчихсан хэвтэж байхад хажуугаар нь өнгөрсөн 18 хүнээс ердөө нэг ядарсан эмэгтэй л эмнэлгийн тусламж дуудсаныг бодохоор монголчууд хөршүүдээсээ илүү гарах юм нэгээхэн ч алга. Хүнлэг бус сэтгэлтэй хүмүүсийнхээ өмнөөс Хятад улс дэлхий дахины өмнө ичсэн. Харин Монгол Улс яах бол…  

Кондуктор жирэмсэн эмэгтэйг хувцаснаас нь чирч эхлэв. Түүртэх юмгүй чирч байна шүү, архичид бол хөл гараараа автобусны энд тэндээс нь зүүгдчихээд буухгүйг хичээн ана мана үздэг бол хөөрхий эмэгтэй ухаан алдсан болохоор гарынх нь аясаар чирэгдэнэ. Хэн ч юу ч хэлэхгүй атлаа кино үзэж байгаа мэт харахыг яана. Тэсгэл алдран “Хөхөө өвлийн хүйтнээр жирэмсэн хүнийг яаж автобусны буудал дээр хаяна гэж бодоод чирч яваа хүн бэ. 103 дуудаад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхгүй бол наад хүн чинь ухаан алдчихаад байна шүү дээ” гэвэл кондуктор үгийг минь авлаа. Цүнхээ уудлан гар утсаа гаргаж ирээд 103 руу залгав. Ачаалал бага байсан бололтой, шууд л дуудлага хүлээн авлаа. Тэрбээр “Автобусанд нэг жирэмсэн эмэгтэй ухаан алдчихлаа гэвэл цаанаас нь нэлээд олон зүйл шалгааж буй бололтой, эцэст нь хаана явж буйг асуулаа.  Кондуктор “Одоо Сансраас хөдөлж байна, бид явсаар Офицер орно” гэж хариулав. Ямар ч л байсан ярианаас нь бие давхар эмэгтэйг Нийслэлийн Яаралтай түргэн тусламжийнхан Офицеруудын ордноос тосч авахаар болж санааг минь амраав. Гэхдээ л монгол хүний энэрэнгүй сэтгэл хаачив. Хүн чанар хаачив гэж ахин дахин асуумаар. Магадгүй тэр бүсгүй өөрийнхөө муугаас гудамжинд амьдарч байж болох ч хэвлийдээ үрээ тээсэн монгол бүсгүйчүүдийн минь нэг биш гэж үү. Монголчуудын маань хүн чанар хаана гээгдчих вэ? г

Г.Дарь

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж