Гэр хорооллыг хогийн хороолол болгоно гэл үү?

Хуучирсан мэдээ: 2011.11.01-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг хогийн хороолол болгоно гэл үү?

Гэр хороолол хогондоо дарагджээ. Үүнийг нийслэлийн гэр хорооллынхон хогийн хураамжийг цахилгааны мөнгөтэй хамт хураадаг болсонтой холбон тайлбарлаж байна. Сахил хүртсэн биш шал дордов гэгчээр гомдолтой иргэд энэ талаар дүүргийнхээ Тохижилт үйлчилгээний газарт хандахад “Бид хогоо өөрсдийн боломжийг ашиглан ачиж байгаа. Иргэдээс хураасан мөнгө хугацаа хожимдож ирдэг” гэсэн тайлбарийг өгдөг байна.

Энэ талаар Цахилгаан тээвэр компаниас тодруулахад “Манайх сар бүр орж ирсэн мөнгийг хог хаягдлын санд нь шилжүүлж байгаа. Зарим дүүргийн ТҮК-ийн дарга нар манайд ирж мөнгөө шилжүүлэхгүй байна гэсэн гомдол гаргасан. Биднийг мөнгийг нь өгсөнгүй гэж ойлгоод байна. Бид сар бүр иргэдээс орж ирсэн хогны мөнгийг тоо ёсоор нь Хог хаягдлын санд шилжүүлж байгаа” гэлээ.

Нийслэлийн дүүрэг бүрт Хог хаягдлын сан гэж байдаг. Энэ санг тойрсон маргаан олон жил үргэлжилж, асуудлыг шийдэх үүднээс татан буулгаж, өнгөрсөн долдугаар сараас нийслэлийн Захирагчийн ажлын алба хогны мөнгийг төвлөрүүлэх ажлыг хийх болжээ. Тиймээс иргэдийн хураалгасан сар бүрийн 2000 төгрөгийг хаана хэрхэн зарцуулж байгаа, гэр хорооллын хогийг ачихгүй байгаа шалтгааны талаар нийслэлийн Захирагчийн ажлын албаны  мэргэжилтэн З.Мөнгөнзулаас тодруулахад “Эхний нэг, хоёр сар Цахилгаан тээвэр компаниас иргэдээс ирсэн мөнгийг шилжүүлэх, байршуулах гээд асуудал гарсан. Тухайн үед мөнгө шилжихгүй байснаас ТҮК-үүд ажиллахад хүндрэлтэй байсан юм. Харин одоо сар бүр мөнгө шилжүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ. Түүний хэлснээр бол хогны мөнгө эхний хоёр сар шилжээгүй бөгөөд бусад саруудад хэвийн олгогдож байгаа гэв. Гэтэл өнгөрсөн аравдугаар сард болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр түүний яриаг үгүйсгэн “Гэр хорооллын хогны мөнгөө авах гэсэн ТҮК-ийн дарга нар Цахилгаан тээвэр компанийн үүдийг сахих болсон. Тиймээс үүнийг даруй зохицуулах хэрэгтэй” гэсэн гомдлыг тавьж байсан юм.
 
Нийслэлд жилд дунджаар 210-260 мянган тонн хог хаягдал гардаг гэсэн албан бус тоо бий. Орон сууцанд амьдардаг нэг иргэн өдөрт 0,235 кг, гэр хорооллын нэг иргэн өдөрт 0,956 кг хог хаягдаг гэнэ.  Өөрөөр хэлбэл, нэг гудамж нийтдээ 50 өрхтэй, айл бүр дунджаар гурван ам бүлтэй гэж тооцвол өдөрт 150 килограмм, сард нэг машин хог хуримтлагдана гэсэн үг. Үүнийг нийт гудамжийн тоогоор үржүүлбэл хэдэн тонн хог өдөрт бий болж байдгийг тооцоход амархан. Тиймээс тэдний яриад байгаа хоёрхон сарын дотор ямар хэмжээний хог хуримтлагдахыг төсөөлөөд үзэхэд илүүдэхгүй байх. Ийм байтал хотын удирдлагууд “Хур хогоосоо саллаа” гээд байдаг нь доромжлол шиг сонсогдож магадгүй. Хотын дарга нар ямар гэр хорооллоор явах биш дээ, мэдэхгүй л…

Өмнө нь хурааж болоод байсан хогны мөнгөний хураалтыг сайжруулах менежмент хийснээр ийнхүү гэр хороолол хогондоо дарагджээ. Нийслэлийн гэр хорооллын нэг өрх хогноосоо салахын тулд сардаа 2500, харин орон сууцныхан 2000 төгрөг төлдөг. Тэгэхээр нийслэлийн нийт 302 мянган өрхөөс /2010 хүн амын тооллогын дүнгээр тэгэж тоолсон/ 300 мянга нь хогныхоо мөнгийг төлдөг гэж тооцвол 600 сая төгрөг болно. Харин ТҮК-үүд болон бусад албаныхан нийслэлийг хоггүй болгохын тулд 7-8 тэрбум төгрөг хэрэгтэй гэдэг. Хэдийгээр бага мөнгө хураадаг ч иргэдийн өмнө хүлээсэн үүрэг болох хог ачих ёстой үүргээ ТҮК-ийхэн мартаагүй ч хөрөнгө мөнгөний асуудалтай байна. Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн менежер н.Оюунгэрэл хэлэхдээ “Бид иргэдийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан хийх ёстой ажлаа цаг хугацаандаа хийж байгаа. Хэдийгээр машин, техник, хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байгаа ч өнгөрсөн амралтын өдөр гэхэд бид 172 цэгт цэвэрлэгээ хийж, 70 давхар орчмын хур хогийг цэвэрлэсэн. Шатахуун дуусвал танилаасаа гуйна, мөнгөгүй үедээ хүнээс гуйна бид ингэж л ажиллаж байна. Үүний цэвэрлэгээг хийсний дараа мөнгө авна гэж гэрээлсэн байгаа. Ер нь бол сар бүр орж ирэх мөнгө нь хойшилж орж ирдэг учраас бид гүйцэтгэлээрээ л мөнгө авдаг гэхэд болно. Өнгөрсөн саруудад мөнгө орж ирэхгүй байсан. Одоогоор есдүгээр сарынхаа мөнгийг авсан байгаа. Энэ сарын мөнгөө аваагүй ч бид ажлаа хийсээр л байна” гэлээ. Хамгийн гол зүйл нь мөнгө. Иргэд мөнгө өгч байгаа. Харин мөнгө цаг хугацаандаа, хүрэх эзэддээ хүрч байна уу гэдгийг тодруулахад нэг иймэрхүү. Хогны асуудлаа хүйтрэхээс өмнө цэгцлэнэ, хур хоггүй болно гэж хэлсээр, ярьсаар өвлийг угтаж байх шиг. Уг нь сайжруулах санаа нь сайхан л юм. Гэхдээ хааяа лай болохоор зай болсон нь дээр байдгийг сануулах юун. 

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж