
-Яахаараа болдоггүй юм.
-Энэ манай эзэмшлийн талбай, яв яв... гэх иймэрхүү хэрүүл хотын хаана ч, хэзээ л бол хэзээ болдог. Харин сүүлийн үед Чингис хааны нэгэн захиас хотын орон сууцны оршин суугчдын дунд “хит” болж байна. Юу гэж үү?
“Тангуд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр сануул” хэмээх зарлиг. Яагаад гэвэл нэг өглөө босоход л байрыг нь тойруулаад барьчихдаг хашаанаас үүдэлтэй болохоор тэр. Тэрхүү хашааг Тангуд улс мэт санаж нураалгахгүй аваас хэзээ нэгэн цагт цонхыг нь хааж барилга сүндэрлэхдээ л сүндэрлэнэ.
Ер нь орчин үеийн нийслэлчүүд нийтийн эзэмшлийн гэх тодотголтой газруудтай гэдгийг өдөр бүр санаж явах хэрэгтэй. Бүр 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд НИТХ-ын тэргүүлэгчдийн 180 тоот тогтоолоор баталгаажсан ногоон байгууламж, зам талбай, түүх, соёлынхоо дурсгалт газруудыг хамгаалсан 35 орчим мянган га талбай хамарсан 32 нийтийн эзэмшилтэй газартай гэдгийг сайтар санаж, санаж сэрдэггүй нь хэвлээд халааслаад явж байхад гэмгүй юмсанж. 180 дугаар тогтоол ёсоор эдгээр газруудад барилга байгууламж барих, хэмжээ, хязгаарыг нь тогтоох, хяналт тавин ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярт үүрэгджээ.
НИТХ 2009 онд гаргасан 119 тоот тогтоолыг нэгэн амьсгаагаар хэлбэл,
-Төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон орон сууцны барилгын гадна цэвэр, бохир ус, дулаан дамжуулах шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төвийн барилга, тоног төхөөрөмж, авто зам, замын байгууламж, зам гүүр, ус зайлуулах суваг, үзлэг тооллогоор илэрсэн ашиглагч байгууллагын балансад тусгагдаагүй болон эзэн харъяалал нь тодорхойгүй барилга байгууламж, эд хөрөнгө, үерийн хамгаалалтын барилга байгууламж, хотын гудамж, зам талбайн борооны усны шугам, хөрсний ус зайлуулах барилга байгууламж, гэрэлтүүлгийн байгууламж, ногоон байгууламж, амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх бүсийн тоног төхөөрөмж, хөшөө дурсгалын эд зүйлүүд… гэх мэт орно, ёох.
Нийтийн эзэмшлийн гэх тодотголтой хэн нь ч эзэмшээгүй эдгээр 32 гудамж, талбай, ногоон байгууламжууд барилгын компанийн хямдхан олз болох нь хялбар байна. Хамгийн эхний “олз” “Тэнгис” кино театрын зүүн талын талбай боллоо. Нийслэлийн Газрын алба, Чингэлтэй дүүргийн Засаг Тамгын даргын удирдлагууд НИТХ-ынхаа тогтоолыг үл хайхран таван давхар номын сан таван жилийн хугацаатай барих нэрийдлээр газар шорооны ажлаа нэгэнтээ эхлүүлсэн нь тэр. Хамгийн гол нь хэн нь Тангуд вэ гэдгийг хайх бус хэн нийтийн эзэмшил рүү халдаж байгааг нь сайтар харах нь чухал болжээ.
Нойрмог суугчдыг далимдуулах мэт 02.00 цагийн үед малгайтай цамц өмсөн, маск зүүсэн залуусаар түрэмгийлэн барилга барих газраа хашаалсан гэж соргог суугчид хэлнэ лээ. Баг зүүж, дээрэм хийж байгаатай чанарын ялгаагүй зүйл болж. Хэрвээ хариуцлага тооцдог бол олон хууль дүрэм, тогтоолыг зөрчсөн энэхүү үйлдлийг зогсоож, ухсан газрыг буцаан тэгшлүүлэх ёстой байсан биз. “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр хэвлэл мэдээллээр хэсэг “шуугиад” намжлаа. Одоо барилгаа баригдах нь тодорхой болсон. Чингэлтэй дүүргийнхэн таван номын сан л байгаасай гэж найдан хүлээх үлдлээ. Харин дараагийн “бай” нөгөө 32 талбайн аль болохыг хэн мэдлээ. Магадгүй нэг “тангуд” барилга барих гээд сайхан зүйл яриад явж байхыг үгүйсгэх аргагүй. Тэнд арван давхар номын сан, хорин давхар эмнэлэг барина гэж ярих ч юм бил үү.
Үүнээс урьтаж, 180 дугаар тогтоол болон барилга байгууламж барихыг хориглосон нийслэлчүүд бидний “дундын өмч” болсон нийтийн эзэмшлийн газруудыг холбогдох байгууллага, тэр тусмаа Газрын алба, нийслэл хотынхоо удирдлагуудад сануулъя. “Нийтийн эзэмшлийн газар барилга барих зөвшөөрөл бүү өг” гэж НИТХ-ын тэргүүлэгчид нийслэл хотын удирдлага, Газрын албаныханд өглөө бүр сануулж байгаасай. 2010 онд баталсан 180 тоот тогтоолоо, хавсралтын хамт өглөө, өдөр, орой гээд цаг бүр сануулж байвал зүгээр ч юм уу, Чингис хаан шиг. Манайхан чинь Чингис болох дуртай биз дээ…
Баянгол дүүрэг
- Саппорогийн аюулгүйн тойрог
- Өндөр Гэгээн Занабазарын гудамж дагуух ногоон байгууламж
Чингэлтэй дүүрэг
- Голомт картын төвийн өмнөх талбай
- Бэтүб хийдийн баруун талын талбай
- Самбуугийн гудамж дагуух ногоон байгууламж
- Тэнгис кино театрын зүүн талын талбай
Сүхбаатар дүүрэг
- Чин ван Ханддоржийн байшингийн орчны талбай
- Чойжин ламын сүмийн орчны талбай
- Бээжингийн гудамж дагуух ногоон байгууламж
- Залуучуудын соёлын төв ордны арын талбай
- 3-р дунд сургуулийн өмнөх талбай
- Дамбадаржаа хийдийн орчны талбай
Сонгинохайрхан дүүрэг
- Орон сууцны 13-р байрны зүүн талд Залуусын гудамж дагуух талбай
- Орон сууцны 26-р байрны зүүн талд Барилгачны гудамж дагуух талбай
- Геологийн төв лабораторийн урд талбай
- 62-р сургуулийн өмнөх талбай
- Орон сууцны 7а,б,в-р байрны зүүн талд Үйлдвэрчний эвлэлийн гудамж дагуух талбай
- Тролейбусны депогийн баруун талын талбай
- Жаргалант тосгоны захиргааны урд талбай
Баянзүрх дүүрэг
- Жуковын музей орчим
- Зүүн 4 замын уулзвараас Эскадрилын хөшөө хүртэлх Энхтайваны өргөн чөлөө дагуух цэцэрлэгт гудамж
- Д.Сүхбаатар жанжны төрсөн гэрийн буйрын орчим
- Эскадрилийн хөшөөний орчим
- Консулын дэнжийн нууц бүлгэмийн байшин
- Дамбын рашааны орчим
Хан-Уул дүүрэг
- Грийн хаус хотхоны урд талбай
- Шинэ өглөө хотхоны урд талбай
- Дунд голын урд Петровис ШТС-ын зүүн хойд талбай
- Махадма Гандийн гудамж дагуух ногоон байгууламж
- Ардын хувьсгалын 25 жилийн ойн өндөрлөг орчим
- Богд хааны зуны ордны цогцолбор
- Дайчдын алдар хөшөөний орчим