“Нарантуул”-ын жаалууд ба төрийн төөрсөн бодлого

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

“Нарантуул”-ын жаалууд ба төрийн төөрсөн бодлого

“Зам тавиарай, холдоорой” хэмээн хүү хашгирна. Тэргэн дээр нэлээд том цаасан хайрцагтай бараа тэгнэн тавьж, духандаа чийхрах хөлсөө арчих сөхөөгүй захын хаалга руу зүтгэнэ. Бямба гаригийн их үдийн 15 цагт Нарантуул олон улсын худалдааны төв  ороход тэрэгчин хүүхдүүдийн ажил ид өрнөж байв.

Тэдний зогсдог газар содон. Захын хойд талд байрлах гэрийн тавилга зардаг лангууны ойролцоо аж. Төмөр тэргэн дээрээ зэрэгцэн сууж боорцог хуваан идэх хоёр хүүтэй уулзлаа. Тэд сонжсон харцаар ширтэснээ “Эгч ээ та юу зөөлгөх вэ. Бид одоохон” гэснээ сурвалжлага хийж яваагаа учирлатал “Амралтынхаа өдрөөр энд ажиллаж хэдэн төгрөг олдог юм. Та зураг авахгүй бол ярилцаж болох л юм. Харин зураг гарчихвал ангийнхан шоолно” хэмээн толгойгоо илэв. Ингээд тэднийг түр амсхийх зуур цөөн хором ярилцлаа.  Шавилхан бор хүү Г.Батмөнх гэж өөрийгөө танилцууллаа. Тэрбээр “Манайх Увсаас нүүж ирсэн. Би Нарантуул захад зургадугаар ангиас эхэлж ажилласан. Одоо хоёр жил болж байна. Өдрийн орлого янз бүр л байдаг. Заримдаа гайгүй мөнгө олчихно. Ингэж ажиллах дэвтэр номны мөнгөнд нэмэртэй байдаг юм. Би 68 дугаар сургуулийн наймдугаар ангид сурдаг” хэмээв. Гэхдээ тэр гэр бүлийнхнийхээ тухай ярихыг хүсээгүй юм.  Батмөнх хүүг хоёр жилийн өмнөөс зах дээр бараа зөөж эхлэхэд үеийнх нь хүүхдүүд олон байжээ. Харин сүүлийн үед цөөрөөд байгааг тэрбээр хэлсэн юм. Ээж аав нь ажилтай болсон болохоор хүүхдүүдийн зарим нь энд ирэхээ больсон байх хэмээсэн. “Ажил хийвэл ам тосдоно” гэж ээж сургадаг юм. Тиймээс ажил хийх нь буруу биш биз дээ гээд Г.Батмөнх гайхсан харцаар намайг ширтэж суулаа. Их сургуульд сурч мундаг бизнесмэн болохыг мөрөөддөг ч, даанч миний олдог мөнгө төлбөрийнх нь талд ч хүрэхгүй дээ гэж хүү санаа алдав.  

Тэрэгчин хүүхдүүдийн гурав нь есдүгээр ангийн сурагч. Харин хоёр нь сургуулиас гарсан. Аав ээждээ туслахын тулд бараа зөөдгөө хүүхдүүд хэлж байлаа. Зах тарах үед тэд цурам хийх завгүй болдог юм билээ. Наймаачид чингэлэг рүүгээ бараагаа зөөх гэж тэднийг дайчилна. Багаар бодоход 20 кг ачаа тэргэн дээрээ тавиад чирнэ. Өвлийн хүйтэнд л хамгийн хүнд байдаг гэсэн. Зарим наймаачин бараагаа зөөлгөөд хөлсөнд нь шинэ гутал өгөх ч тохиолдол бий аж. Энэ бүхэнд хүүхдүүд урамшдаг аж.

Тэдэнтэй ийн ярилцаад цааш алхтал сонин зарж яваа охинтой тааралдав. Түүний нэрийг Б.Гэрэл гэнэ.  Тэрбээр “Би ээж дүү нартайгаа амьдардаг. Ээж сонин зардаг юм. Өнөөдөр бие нь өвдсөн болохоор би сонинг нь зарж явна” гэлээ.  Б.Гэрэл охин энэ жил тавдугаар ангид оржээ. Хичээлийнхээ хажуугаар хааяа сонин зардаг аж. Ийн хүүхдүүд амралтын өдрөө зүгээр өнгөрөөхийг хүссэнгүй. Чадах бүхнээ хийж гэр бүлдээ нэмэр болох гэж зүтгэж явна. Компьютер тоглож цагийг өнгөрөөхөөс илүү ажил хийж хэдэн төгрөг олох нь тэдэнд дээр байдаг ч байж мэдэх.

Зуны цагт “Нарантуул” захад тэрэг түрдэг хүүхдийн тоо дээд тал нь 60 гардаг тухай нэгэн наймаачин хэлж байлаа. Хүүхдүүд биедээ ахадсан ачаа үүрсээр хэрсүү ухаан суужээ.

2016 он гэхэд хүүхдийн хӨдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгаж чадах уу

Холбогдох газруудаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хот, аймгийн төв, сум, суурин газруудад албан бус тоогоор 6950 хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 4600 орчим нь нийслэлд ажилладаг байна. Түүнчлэн 1200 орчим хүүхэд тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхэлдэг тухай ч судалгаанд дурджээ. Нэг хүүхэд заримдаа 500 кг ачаа зөөх тохиолдол байдаг бөгөөд энэ нь НХХ-ийн сайдын баталсан насанд хүрээгүй хүнээр ачаа зөөлгөх, өргүүлэх хэмжээнээс 4-8 дахин их аж. Зах, хогийн цэг дээр ажиллах, хэт хүнд ачаа өргөх, мах бэлтгэх, уул уурхайн салбар, хурдан морь унах зэрэг нь хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрт тооцогддог байна. Хүүхэд үгэнд оромтгой, заримдаа өгсөн хөлсийг нь чимээгүй авчихдаг учраас наймаачид хүнд хүчир ажил хийлгэх дуртай байдгийг үгүйсгэхгүй. Тэд нэг удаа 500 кг ачаа зөөж хөлс, хүчээ зориулсныхаа шанд ердөө 1500 төгрөг авна.

Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийн олсон орлогоороо өрхийн төсвийнхөө 20-40 хувийг бүрдүүлдэг болохыг холбогдох газрын хийсэн судалгаанаас харагдаж байв. Үйлчлүүлэгчтэй ам мурийх тохиолдол цөөнгүй гардаг ч ихэнхдээ ачаа зөөснийх нь буруу болж хувирдаг тухай тэрэгчин хүүхдүүд хэлж байсан.  Зарим нь хөлсийг нь өгөхгүй  дорд үзэх, хэлсэн үнээсээ бага мөнгө төлөх үзэгдэл элбэг байдгийг ч яриандаа дурдаж байв. Хүүхдийн хөдөлмөр ийн үнэгүйддэг байна. Учир нь хуулиар тэднийг хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөггүй тул ажил хийлээ ч тогтсон хөлсгүй. Элдэв төрлийн даатгал байдаггүй гээд тулгарах асуудал олон.

Гэвч тэдний төлөө дуугардаг ганц өдөр нь зургадугаар сарын 1 буюу хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрөөр томчууд тэдний өмнө тулгамдсан ямар асуудал байгааг сөхөж ярихын оронд амттанаар цатгах л ёстой аятай өнгөрүүлдэг. Сурлагаараа тэргүүлэгч, урлагийн авьяастай гэх тодотголтой цөөн хүүхэд Ерөнхийлөгч, эсвэл Ерөнхий сайдтай уулзаж мөрөөдөл яриад л эрхийн өдөр нь өнгөрнө. Монгол хүүхэд эрхийнхээ төлөө тэмцэж дуугарч байсан үе тун ховор.

Монгол Улс хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болжээ. Үүний хүрээнд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан. Энэ зорилтдоо хүрэхийн тулд хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх шаардлага тулгараад байна. Гэхдээ нэг л өдөр тэднийг зах дээр гарч тэрэг түрэхээ боль, хүнд ачаа битгий зөө гэж ятгаж боломгүй. Ядуурал хүрээгээ тэлж, шилжилт хөдөлгөөн нэмэгдэж байхад таван жилийн дараа хүүхдийн хөдөлмөрийг устгаж чадах эсэх нь эргэлзээтэй.

Б.Гандолгор

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж