Сурагчаа зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгэв

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Сурагчаа зодсон багшид эрүүгийн хэрэг үүсгэв

Уран нугараач охиныг зодсон сургагч багшид Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалтай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд хагас жил болжээ. Сургагч багш Г.Энх-Амгалан Монголын Үндэсний цирк буюу одоогийн АСА циркт циркчин, багш сургагчаар ажилладаг аж. Түүнд Эрүүгийн хуулийн 181-д зааснаар бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. 13 настай О-г багш нь зодсон хэрэг одоогоос нэг жилийн өмнө болж, хохирогч охины ээж өнгөрсөн оны аравдугаар сард цагдаагийн байгууллагад гомдол гарган үнэн мөнийг нь тогтоож, зохих шийтгэлийг нь хүлээлгэхийг хүсчээ. Улмаар УМБГ-аас энэ оны гуравдугаар сарын 22-нд Г.Энх-Амгаланд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл нэг мөр шийдээгүй байна. Учир нь шинжилгээний дүгнэлт удааширч байгаатай холбоотой гэнэ. Гэхдээ ирэх долоо хоногоос прокурорт шилжүүлнэ гэдгийг албаны эх сурвалж хэлэв.

Хэргийн талаар эргэн санавал АСА циркийн жүжиг­чид өнгөрсөн онд ОХУ-ын хотуудаар аялан тоглохдоо “Шинэ цирк” төвтэй хамтарч агаарын гимнастикийн үзүүл­бэр үзүүлжээ. Ингэхдээ уран нугараач  О-г сайн нугарсангүй гэсэн шалтгаанаар багш нь зодож танхайрч, биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Циркийн багш сурагчаа зодсон хэргээр шалгагдаж байгаа нь үнэн. Мөрдөн байцаалтын явцад дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Урьд нь ийм хэрэг огт гарч байгаагүй. Гэтэл сүүлийн үед мэр сэр гарч байна. Мөн гадаад руу явсан циркийн хүүхдүүдийг зодох, ёс бусаар хандах, хөдөлмөрийн мөлжлөгт оруулсан зэрэг санал гомдол ирсний үндсэн дээр УМБГ уг хэргийг шалгаж байгаа” гэв.

Харин Г.Энх-Амгалантай хамт ажилладаг Төрийн шагналт, ардын жүжигчин Б.Норовсамбуу багшаас энэ хэргийн тухай тодруулахад “Г.Энх-Амгалан багш бол үнэхээр хатуу зарчимтай чанга хүн. Тэр зодуулсан гэж байгаа хүүхэд нь их сайн нугардаг болсон. Г.Энх-Амгалан зарим үзүүлбэрт О-той хамтарч тоглодог байсан юм. Харин тэр хүүхдийн хөлийн шарх, сорви, нурууны хөхөрсөн байдал нь зодуулсных бус бэлтгэлийн үеэр авсан бэртэл байсан. Уран нугаралт хүнд төрөлд багтдаг болохоор хүүхдээс асар их тэсвэр тэвчээр, хатуужил шаарддаг. Дандаа загнуулж байж сурдаг хүүхэд байхад аргадаж магтахаар сайн болдог ч хүүхэд бий. Ер нь багш болгон хичээлээ заах өөрийн гэсэн арга барил ур чадвартай, тодорхой дэглэмтэй байдаг. Г.Энх-Амгалан багш чанга хатуу хандсан байж болох ч хүүхдийг зодох хүн биш“ гэсэн юм. Харин энэ хэргийн талаар циркийн багш дасгалжуулагч Г.Энх-Амгалан багш “Наад хэргийн чинь тухай надад яриад байх зүйл байхгүй. Хэрэг шийдэгдсэний дараа би албан ёсоор ярилцлага өгч, иргэн хүнийхээ хувьд нэр төрөө сэргээлгэнэ. Ямар учраас надад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж эхэлснийг мэдэхгүй байна. Сайн ойлгохгүй юм. Тэр охин одоо хичээлдээ зүгээр явж байгаа л гэсэн шүү дээ” хэмээсэн юм. Хэрэв циркийн жүжигчин хүүхдийг багш нь сургах нэрээр зодох, доромжлох, улмаар биед нь хүнд гэмтэл учруулсан нь үнэн бол энэ нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, байж боломгүй хэрэг. Тиймээс Энх-Амгалан багш гэм буруутай эсэх нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 51-100 дахин их хэмжээний мөнгөөр торгох, 3-6 сар хүртэл хугацаагаар баривчлах эсвэл, гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай аж.

О.Сайханцэцэг

"Өдрийн шуудан" сонин


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж