“УИХ баталсан хуулиа хянаж чаддаггүй”

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

“УИХ баталсан хуулиа хянаж чаддаггүй”

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт хийх аргачлал” сэдэвт семинарыг Төрийн ордонд хийлээ. Семинарын талаар УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, эрхэм гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.

-Хүний эрхийг Монгол Улсад хангах үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын 2003 оны 41 дүгээр тогтоолын хэрэгжилттэй танилцах, үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор семинар зохион байгууллаа. Өнгөрсөн найман жилийн хугацаанд ямар үр дүн гарсан гэж дүгнэж байгаа вэ?

-Монгол Улсын хувьд нэг том бэрхшээл байна. Тэр юу вэ гэхээр 20 жилийн турш УИХ-аас маш олон хууль тогтоомж гаргасан. Гэхдээ тэдгээрийн хэрэгжилтийг хэзээ ч системтэй дүгнэж, үнэлж цэгнэж байсангүй. Хувь улстөрчдийн нүдээр л асуудлыг харж ирсэн. УИХ-аас илүүтэйгээр Засгийн газар санаачилга гаргаж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрт үнэлгээ хийсэн.

Өнөөдөр найман жилийн өмнө баталсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт үнэлэлт, дүгнэлт өгөхийг зорьж семинар хийлээ. Дүгнэх аргачлал тодорхой бишээс болж Засгийн газар болохоор хүний эрхийн төвшин дээшилж байна гэдэг. Гэтэл Төрийн бус байгууллагууд улам бүр дордож байна гэдэг.

Хэвлэлүүдээр “Хорих байранд иргэнийг зоджээ”, “Эрүүлжүүлэх байранд иргэний гэдсийг тас өшиглөжээ”, “Иргэнийг эрүүдэн шүүжээ” гэсэн зүйл гараад байдаг. Албан ёсны тоо баримтаар энэ бүхэн зөөлрөөд ороод ирдэг. Төрийн бус байгууллага, хэвлэллүүд болохоор үүнийг хатуу үгээр илэрхийлдэг. Олон нийт эдгээрийн аль нь үнэн бэ гэдэгт эргэлздэг. УИХ энэ асуудлыг ямар хүрээнд үнэлж дүгнэх вэ гэдгээ тодруулж чадахгүй байна. Засгийн газар мэдээллээ нуугаад хууран мэхлээд байвал УИХ яаж ч чадахгүй. “Хэвлэл худлаа мэдээлжээ” гээд л өнгөрдөг. Ийм байдлаас гарах хэрэгтэй. Гэтэл ийм хэмжээний хөтөлбөрийг үнэлж дүгнэхэд дор хаяж 200-300 мянган ам.доллар хэрэгтэй. УИХ ганц хөтөлбөр дүгнэхэд ийм хэмжээний мөнгө гаргаж чадах эсэх нь эргэлзээтэй. Засгийн газраар хийлгэхэд мэдээлэлд ойр учраас арай түргэн гаргаж магадгүй. Гэхдээ мэдээллээ нуух, засварлах боломж байгаа учраас үр дүн гажуудаж магадгүй юм. Бие даасан судалгааны байгууллага илүү чанартай хийнэ.  Гэхдээ Засгийн газраас мэдээлэл олж авах нь хүндрэлтэй. Дүгнэлтээ үнэн зөв гаргая гэвэл бие даасан шинжээчдээр хийлгэнэ. Гэхдээ энэ нь хугацаа шаардана.

Би УИХ-ын гишүүн болмогцоо Хууль зүй, дотоод хэргийн яаманд санал тавьсан. Эхний төсөв батлахад би тангараг өргөөгүй байсан. Сүүлийн хоёр жилд шаардсан ч хийж чадсангүй.

-Ямар шалтгаанаар хийж чадаагүй вэ?

-Хүний эрхийг хангах чиглэлээр Монгол Улс жилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ гэдгийг Төсвийн хуулиас харах ямар ч боломжгүй. Өнгөрсөн жил хэрүүл уруул хийж байж Хүний эрхийн дэд хороонд хэдэн төгрөг тавьснаар энэ судалгаа зэргийг ярьж байна. Өмнө нь УИХ-ын дэд хороодод ямар ч мөнгө тавьдаггүй байсан. Долдугаар сарын 1-ний нээлттэй сонсгол хийхэд ямар ч мөнгөгүй байснаас болж Хууль зүйн байнгын хорооны мөнгөнөөс царайчилж , зарм хэсгийг гишүүд хувиасаа гаргаж байж хийсэн. Энэ юуг хэлж байна гэхээр маш их мөнгө эргэлдэж байгаа Засгийн газрыг хянахын тулд хяналтын чиг үүрэг рүү мөнгө хуваарилахгүй бол парламент Засгийн газраа хянаж чадахаа больсон. Эрх мэдэл, мөнгө хоёр Засгийн газарт байдаг. Түүнийг хянахын тулд УИХ-д бас эрх мэдэл, мөнгө хоёрыг тодорхой хэмжээнд татах ёстой. Гаднын ямар ч төслийг Монголд хэрэгжүүлэхдээ таваас арван хувийг хяналтад зориулдаг. Үр ашиг нь ямар байна. Завсраас нь хүн хулгайлж байна уу, үгүй юү гэдгийг хянадаг. Гэтэл УИХ том том хөтөлбөр гаргадаг ч хяналтад нь нэг ч төгрөг тавихгүй байгаа учраас баталсан хуулиа хянаж чадахгүй байна. Үүнийг цаг алдалгүй анхаарах шаардлагатай болсон байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж