
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Мөнхбатаас тодрууллаа.
-АТГ-ын дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэлтэй болсон гэж ойлгож болох уу. Тэд албан тушаалдаа эргэн очих боломжтой юу?
-Авлигатай тэмцэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол тухайн өдрөөс эхлэн түүнийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэж заасан байдаг. Ч.Сангарагчаа нарыг гурван шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоосон. Тиймээс хуулийн дагуу энэ хүмүүс албан тушаалаа хаших боломжгүй гэсэн үг. Мөн энэ хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх бүрэн үндэслэл бий болж байгаа юм. Хийсэн гэм буруутай үйлдлийг шат шатандаа хянаад хорих ял ногдуулсан, гэм буруутайг нь тогтоосон учир ажилдаа эргэн орох эрх зүйн үндэслэл байхгүй.
-Гэхдээ Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч түүнийг гэмт хэрэг үйлдээгүй, цагаатгах ёстой. Тиймээс Ерөнхий шүүгчид энэ асуудлаар хандана гэдгээ хэлсэн. Бусад дарга нарын өмгөөлөгчдийн хувьд ийм байр суурьтай байхыг үгүйсгэхгүй юм?
-Нэгэнт Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан зүйл заалтыг зөрчин, гэмт хэрэг үйлдсэн нь гурван шатны шүүхээр тогтоогдсон байхад өмгөөлөгч нь ямар нэг газарт хандаад юу ч өөрчлөгдөхгүй л болов уу. Дээд шүүхийн шийдвэр эцсийнх гэж хуулиндаа бий. Гэхдээ өмгөөлөгчид Ерөнхий шүүгчид хандах эрх нь нээлттэй.
-АТГ-ын дарга нарыг нэг жилийн хугацаанд хэрхэн хянан харгалзах вэ. Хаанаас хянналт тавих вэ?
-Тухайн этгээдийн хоригдох ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй, гадуур тэнсэнэ гэдэг нь ял эдлүүлэх хамгийн хөнгөн хэлбэр л гэсэн үг. Гэм буруутай нь тогтоогдсон АТГ-ын дарга нарыг оршин суугаа газрын цагдаагийн байгууллагаас хяналт тавина. Хэрэв нэг жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэх, захиргааны зөрчил гаргасан тохиолдолд ялыг биечлэн эдлүүлэх юм.
-Нэг жилийн тэнсэн харгалзах хугацаагаа дуусаад төрийн албанд ажиллах боломжтой юу?
-Төрийн албан хаагч шүүхээр ял шийтгүүлсэн бол төрийн албанд ажиллах эрхийг нь хуулиар хориглосон байдаг.
С.Отгон