Улаанбаатарчууд өөрийн болон ОХУ, БНХАУ-ын төр засгийн удирдлагуудад хандан “Орос-Хятадын хооронд тавих байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамнуулан тавих” санал хүргүүлэхээр шийджээ. Нийслэлд Монголын 2.7 сая хүн амын бараг тал хувь нь амьдардаг. Тиймээс хэт төвлөрлөөс үүдэлтэй сөрөг үр дагаврууд илэрсээр буй. Улаанбаатарын агаар дахь тоосонцорын хэмжээ өнөөдөр 1575 мкг хүрчээ. Энэ нь хотын оршин суугч бүр өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэхүйц хор залгиж байгаатай адил гэсэн судалгааг эрдэмтэд гаргажээ. Нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн жилийн агууламж нь стандартаар тогтоосон хэмжээнээс 2.7 дахин бохирдоод байгаа аж. Энэ үзүүлэлт өвөл тав дахин нэмэгддэг байна. Нөхцөл байдал энэ хэвээр цаашид үргэлжилвэл улаанбаатарчууд бидний ирээдүй хойч үеийн эрүүл мэндэд аюул учрах болно.
Харин энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн бодитой, оновчтой шийдэл нь Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах хэмээн үзэж буй юм байна. Тиймээс хойд, урд хөршийн хооронд барих байгалийн хийн хоолойг манай улсаар дамжуулан барих асуудлыг гурван талын яриа хэлэлцээрээр шийдвэрлэхийг санал болгохоор зорьж буй нь энэ аж.
Б.Аз
"Өдрийн шуудан" сонин