
Нийслэлийн 372 жилийн ойн өдөр өнгөрсөн бямба гаригт тохиов. Уламжлал ёсоор нийслэлийнхэн сүлдэт хуур цэнгүүлж, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ. Хотын дарга Г.Мөнхбаяр ерөөл айлтгаж, их хотынхоо иргэдэд мэндчилгээ дэвшүүлсэн юм. Түүнчлэн Баасан гаригт нийслэлийн шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан “Алтан жолоо”, групп, “Тэсо” компани, “Улаанбаатар принт”-ийнхэнд шагналыг нь гардуулахын зэрэгцээ энэ жил хийж гүйцэтгэсэн бүтээн байгуулалтынхаа талаар тайлагнасан юм. Мөн баярын өдрөөрөө “Нийслэлчүүд -2011” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр урлаг, соёлын нэгдсэн тоглолт, баярын худалдаа үйлчилгээ, маскарад шоу, парад, спорт урлагийн тэмцээн, түргэн халуун хоол, кофе, цайны фестиваль, витамин аминдэмийн фестиваль зэрэг олон арга хэмжээ болов. Эл өдрийн үдэш гэрэлт дэнлүү хөөргөж, “Их хотын соёл түгээгч 2011” хүндэтгэлийн ёслол зохион байгуулсан юм.
Б.Агь"Өдрийн шуудан" сонин