Дарга нарын даалгавраар баривчлахыг завдсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Дарга нарын даалгавраар баривчлахыг завдсан гэв

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд, дэмжигчид болох З.Баянсэлэнгэ, Д.Батдэлгэр, Б.Батсайхан нар МАХН-аас гаргаж буй мэдэгдлийнхээ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус мэдэгдэлд “2011 оны аравдугаар сарын 25-ны орой “Дээрээс дарга нарын өгсөн даалгаврын  дагуу” гэсэн  учир битүүлэг үндэслэлэээр УАЗ-469 маркийн  УБЕ 78-17 улсын дугаар бүхий машинтай гурван цагдаа  МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярыг ажлынх нь байрнаас баривчлахыг завдсаныг МАХН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс Монголын ард түмэнд сонордуулах нь зүйтэй гэж үзлээ. Энэхүү үйлдэл нь хэд хэдэн  байдлаараа анхаарал татаж байна. Нэгдүгээрт, Н.Энхбаяр хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байгаа гэдэг утгаараа төрийн өндөр албан тушаалтны халдашгүй байх эрхийг эдлэх тул баривчлахыг  завдах нь байж боломгүй зүйл. Хоёрдугаарт, Н.Энхбаярыг МАХН-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн санаачилсан цагдаагийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийсний дараахан болсон энэ ажиллагаа хэний захиалгаар хийгдсэнийг шууд  харуулж өглөө. Гуравдугаарт, үйл явдлыг учир шалтгааны холбоогоор авч үзвэл Н.Энхбаярны тэргүүлж буй МАХН байгуулагдсан цагаасааТавантолгойн ордыг ард түмний мэдэлд өгөх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хүчингүй болгох, авлигын сүлжээг таслах зэрэг асуудлаар тууштай явж ирсэн нь ард түмний дэмжлэгийг авах нь тодорхой болсон, МАХН-ыг дээд шүүх хуулийн дагуу бүртгэсэн үйл ажиллагаанаас хамаарч шүүх засаглалын эрх мэдэлд эрээ цээргүй хутгалдахыг  оролдож байгаа нь тод жишээ мөн” гэжээ.

Мөн МАХН-ын гишүүд, дэмжигчид  орон нутагт салбар нэгжээ байгуулах ажилд ханцуй шамлан орж байгаатай дээрх хууль бус үйл явдал цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь тохиолдлын чанартай зүйл биш гэж үзэж байгаа аж. Тэдний хэлснээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж  МАХН-ын дарга  Н.Энхбаярын гаргасан мэдэгдэлд тайван хандаж байгаа мэт хариулт өгч байгаа ч цаагуураа бүхнийг зохион байгуулж  байгаа нь гарцаагүй гэлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж