
Улаанбаатар хотод Монголын 2,7 сая хүн амын бараг тал хувь нь амьдардаг. Нийслэлд маань хэт төвлөрөлөөс үүдэлтэй сөрөг үр дагаварууд илэрсээр байна. Бидний өмнө хамгийн хурцаар тулгамдаж буй асуудал нь агаарын бохирдол юм. Өнөөдөр Улаанбаатарын агаар дахь тоосонцорын хэмжээ 1575 мкг байна. Энэ нь хотын оршин суугч бүр өдөрт 4-5 хайрцаг тамхи татсантай тэнцэхүйц хор залгиж байгаатай адил гэсэн эрдэмтдийн судалгаа бий.
Нийслэлийн агаар дахь хүхэрлэг хийн жилийн дундаж агууламж нь стандартаар тогтоосон хүлцэх хэм хэмжээнээс 2.7 дахин их бохирдоод байна. Өвөл энэ үзүүлэлт 5 дахин нэмэгддэг. Мөн азотын давхар ислийн агууламж стандартаар тогтоосон хэмжээнээс 1.2-3 дахин их байгаа юм.
Нөхцөл байдал энэ хэвээр цаашид үргэлжилвэл Улаанбаатарчууд бидний ирээдүй хойч үе эрүүл мэндийн хүндрэлтэй тулгарах нь гарцаагүй. Тулгамдаж буй энэ асуудлыг шийдвэрлэх хамгийн бодитой, оновчтой шийдэл нь Улаанбаатар хотыг байгалийн хийгээр хангах л болж байна.
Манай стратегийн түншүүд болох хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хийн хоолой барих асуудал олон жилийн өмнөөс яригдаж байгааг бид мэднэ. Уг хийн хоолойг Монгол Улсаар дамжуулан барих асуудлыг гурван талын яриа хэлэлцээ өрнүүлэн хэлэлцэхийг бид санал болгож байна. Энэ нь талуудад дараах давуу талуудыг олгох болно:
- Монгол, Орос, Хятадын ард түмнүүд бид мөнхийн хөршүүд. Манай ард түмнүүд Халхын гол, Хянганы нуруунд байлдааны фронтод нэг экипажид, хөдөлмөрийн талбарт нэг бригадад, сургуулийн танхимд нэг ангид тэмцэж, ажиллаж, сурч, судалж ирсэн баялаг түүхтэй. Түүхийн энэ бахархам хуудсуудыг улам баяжуулан стратегийн түншлэлийн түвшинд хөгжүүлж байгаа нь бидний үнэт зүйл юм. Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулан тавих нь бүс нутгийг эрчим хүчний нэгдмэл сүлжээнд холбон, ойлголцол, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах стратегийн чанартай төсөл болох нь гарцаагүй.
- Байгалийн хийн хоолойгМонголын нутгаар дамнуулан барих нь нийлүүлэгч, хэрэглэгчдийн харилцан ашиг сонирхолд нийцэх, ихээхэн үр ашигтай бүтээн байгуулалт болно гэсэн тооцоог олон улсын мэргэжилтнүүд хийсэн байна. Үнэхээр ч ОХУ-аас БНХАУ-руу хоолой тавих хамгийн дөт болоод ажиллагаа, зардал багатай зам нь тэгш тал зонхилсон Монгол орон гэдэг нь эргэлзээгүй юм. Шугамын дагуу Монгол Улсын хэрэглээ бий болж, өсөн нэмэгдснээр нийлүүлэгч талын орлого тодорхой хэмжээгээр тэлэх болно.
- Монгол Улс, БНХАУ-ын хооронд санхүү, эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа, яриа хэлэлцээний хүрээнд багагүй хэмжээний зээлийн асуудал хэлэлцэгдэж байгаа талаар албан эх сурвалжууд мэдээлдэг. Байгалий хийн хоолойг Монголын нутаг дээгүүр татах тохиолдолд санхүүжүүлтийг ийм зээлээр шийдвэрлэж болох талаар гурван тал нарийвчлан судалж үзэхийг санал болгож байна. Ийм нөхцөлд Орос, Хятадын талаас гаргах зардал буурч, Монголын талын хариуцлага өндөржинө. Ийм төрлийн зээл, хөрөнгө оруулалт богино хугацаанд өртгөө нөхөж, үр өгөөжөө өгнө гэдэгт бид итгэлтэй байна.
- ОХУ-аас БНСУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолойг БНАСАУ-ын нутгаар дайруулан барих талаар хэлэлцэж байгаа нь БНХАУ-д борлуулах хийг яг ийм хувилбараар Монголыг дамнуулан хүргэх боломжтой юм биш байгаа гэсэн итгэлийг бидэнд төрүүллээ. Манай Засгийн газар стратегийн хамтын ажиллагаатай түншийн хувьд хоёр хөршдөө энэ асуудлыг нэг бус удаа тавьсан байх. Энэ удаа асуудлыг гурван талаас дахин нэг судлаад үзэхэд оройтойгүй гэж бид найдаж байна. Мөн БНАСАУ-ын ард түмэнд итгэснийхээ нэгэн адил эртнээс дотно харилцаатай явж ирсэн Монголын ард түмэнд ОХУ-ын удирдлага итгэнэ гэдэгт бид эргэлзэхгүй байна.
Орос, хятадын ард түмэнтэй удаан жил хөрш оршиж, найрсаг харилцаатай явж ирсний хувьд Улаанбаатарын иргэд бид манай нийслэлд үүсээд буй онцгой нөхцөл байдлыг хөршүүд маань сайтар ойлгож, хүнлэг сэтгэлийнхээ гадна үлдээхгүй хэмээн итгэж байна.
Хамгийн чухал нь дээрх төсөл монголын нутгаар дайран өнгөрөх тохиолдолд санхүүгийн хувьд ямарч тохиодолд ашигтай байх тул Улаанбаатарчуудын саналыг хөршүүд маань эерэгээр хүлээн авна гэж найдаж байна.
“НИЙСЛЭЛИЙН НУТГИЙН ЗӨВЛӨЛ” ТББ