Монголд ажил хийхгүйгээр амьдарч болно

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Монголд ажил хийхгүйгээр амьдарч болно

“Өдрийн 20 мянган төг­рөгөөр цалинжуулж, ажилд авна” гэсэн зар сүүлийн үед хаа сайгүй харагдах болж. Энэхүү зарыг ажил олгогчид үргэлжлүүлэн зар­лаж байгаа ч ажилгүйчүүд маань энэ мөнгийг чамлаж байгаа бо­лолтой. Арга ч үгүй биз. Ажилгүйчүүдийг тэтгэх тө­сөл, хөтөлбөр, халамжийн бодлого олон байгаа энэ үед зовж байж бор ходоодоо тэжээх шаардлага байхгүй нь ойлгомжтой. УИХ-ын ээлжит сонгуулийн тов ойртож байна. Нэр дэвшихээр горилогсод “Хэн нь бэлэн мөнгө их цацаж чадах вэ” гэж  ирээд л өрсөлдөцгөөх биз. Ийм сайхан цаг үе ойртож байхад ажил хийх хүн олдохгүй л болов уу даа. Бас дээр нь “Хүний хөгжил сан”-аас сар бүр тараадаг мөнгө, оюутнуудын тэтгэлэг ажил хийхгүй байх нэг хөшүүрэг болж л байгаа. Ажил хийдэг оюутнууд он гарсны дараа сар бүр тэтгэлэг авна. Тэгэхээр цагийн ажлаа ч хаях нь тодорхой. Эцэст нь Монгол Улсад халамж хүртдэггүй хэдхэн хүн л ажил хийх байх. Ажил хийж байгаа хүмүүс нь ажилгүйчүүдтэйгээ барьцаж эхэлж байна шүү дээ. Тэд бараг л “Ажил хийдэггүй хүмүүсийн хангамж бидний­хээс сайн байна” гэх нь холгүй байна. Тиймээс ажил хийх дургүй хүмүүсийг царайчилж, ажилд авах зар тарааж байхаар муу хэлээд байдаг өнөөх ятадуудаа бөөн, бөөнөөр нь “импортлох” хэрэгтэй гэж ажил олгогчдод зөвлөмөөр байна. Ажилд махруу, хэл ам татлахгүй, бага цалингаар их ажил хийнэ гээд тоочоод байвал сайн талууд тэдэнд их байна. Бүр болохгүй бол Хойд Солонгосоос ажиллах хүч оруулж ирж болно шүү дээ. Тэнд өлсгөлөн нүүрлэж, хэдхэн бор цаасны төлөө юу ч хийхээс буцахгүй хүмүүс олон болсон. Дээр нь манай улс тус улстай олон жилийн харилцаатай байх аа. Монголчууд яах вэ, ажил хийхгүй амьдарч болоод байна. Төр засгаас нь халамжлаад, алган дээрээ бөмбөрүүлж байхад ажил хийж яах юм. Өдөрт 20 мянган төгрөгийн цалин байтугай 50 мянган төгрөгийн цалин өгье гэсэн ч ажиллах хүн олдохгүй л болов уу даа.
 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж