Жүжигчин Амраа “Өгөх өдөр”-т нэгдэв

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Жүжигчин Амраа “Өгөх өдөр”-т нэгдэв

Маргааш үндэсний “Өгөх өдөр”. “Wisdom” кино продакшны захирал А.Уянга тэргүүтэй “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн энэ өдөр хүмүүнлэгийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Тэд урлаг судлаач, кино шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “Бодлын хулгайч” киноны орлогоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хандивлахаар шийдсэн аж. Бүр тодруулбал, “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн нийслэлийн 25 дугаар дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад маргааш автобус бэлэглэх юм. Харин “Бодлын хулгайч” киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан СУИС-ийн оюутнуудад жүжигчний ур чадварын тухай хичээл зааж, өгөхүйн үйлст нэгдэнэ. Мөн киноны ерөнхий продюссерээр ажилласан А.Уянга, дуучин Сэрчмаа, Номин-Эрдэнэ нар нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагчидтай “Өгөх өдөр”-ийн хүрээнд чөлөөт ярилцлага өрнүүлэх юм байна. Түүгээр ч зогсохгүй бөөрний дутагдал хэмээх өвчнөөр шаналж буй Г.Баттөр гэдэг залууд хөдөлгөөнийхөн тусламжийн гараа сунгахаар шийджээ. Энэхүү сайн үйлст “Бодлын хулгайч” киног санхүүжүүлж, Монголын кино урлагт хөрөнгө оруулсан “Мэргэн” бизнес группийнхан нэгдэж 10 сая төгрөг хандивлажээ. “Өгөх өдөр” хөдөлгөөнийхөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд дээрх аяны нээлтийг хийж, “Том болоорой, Удвал” төслийн хүрээнд бяцхан охин Э.Удвалыг БНСУ-д эмчлүүлэхэд 25 сая төгрөгийн өглөгийг олон нийтийн оролцоо, дэмжлэгтэйгээр өгч байсан юм. Монголчуудын сайхан сэтгэлийн дэмээр Э.Удвал ч өвчин шаналлаасаа ангижирчээ.      

Г.Дарь   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж