
нийтийг хамарсан жагсаал болж, эмх замбараагүй байдал үүсчээ. Энэхүү
жагсаалыг “Зэс эрдэнийн хувь” компанийнхан зохион байгуулсан байна. Тэд
үйлдвэрийн 33 жилийн хөдөлмөр, нэмүү өртөг шингэсэн өмч болох уулын
овоолгыг эзэмших зөвшөөрөл, гарын үсэг авах зорилготой байсан аж. Эмх
замбараагүй байдал 200-300 хүнийг хамарсан бөгөөд тэтгэврийн насныхан,
эмэгтэйчүүд, халамцуу голдуу ажилгүй залуус байсан гэж эх сурвалж
мэдээлсэн юм. Тэд “Эрдэнэт” үйлдвэрийн захиргааны байрны гол хаалгаар
орох гэж хүч хэрэглэн хэд, хэдэн удаа дайрсан боловч цагдаа,
хамгаалалтын албаныхан тогтоон барьжээ. Энэ үеэр жагсагчдын
дайралтанд телевизийн зураглаач өртөж, камераа эвдүүлснээс өөрөөр
хүн гэмтэл, бэртэл аваагүй гэнэ. Энэ жагсаалыг гардан зохион
байгуулсан “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал
Д.Алтанхуяг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, удирдах ажилтнуудыг хэл
амаар доромжлон дайрч, жагсаалд оролцогсдыг уухайлан турхирч байжээ.
Д.Алтанхуяг гэж хэн бэ. Тэрбээр өмнө нь сумо тайлбарлагчаар телевизэд
ажилладаг байсан. Улаанбаатар хотын уугуул нэгэн. Эрхзүйч мэргэжилтэй.
Телевизэд өгсөн ярилцлагаас нь үзэхэд нэг өдөр найзтайгаа суун мөнгө яаж
олох тухай ярилцаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглаж эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулах, үйлдвэрээ барихдаа иргэдээс
мөнгө босгох талаар боджээ. Ингэхдээ эрдэнэтчүүдэд “Эрдэнэт” үйлдвэрийн
овоолгыг хог хаягдал мэтээр ойлгуулсан байна. Энэ нь түүнийг уул уурхайн
талаар ямар нэгэн ойлголтгүй нэгэн болохыг харуулж байгаа юм. Ийм хүн
УИХ-ын хэмжээнд олон жил яригдаад ч байгуулж чадахгүй байгаа эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэсийн үйлдвэрийг зөвхөн Орхон аймгийн 30 мянган
хүнээс мөнгө босгож байгуулна гэж яваа нь үнэхээр үлгэр шиг сонсогдож
буй юм. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг Д.Алтанхуяг Орхон аймагт байгуулж,
тус аймгийн 30 гаруй мянган иргэн тус бүрээс хувьцааны үнэ болох 1000
төгрөгийг цуглуулсан юм билээ. Товчхондоо, иргэдээс 30 сая төгрөг
цуглуулчихсан аж. Нийт 100-аад сая төгрөгийг өөрийнх нь хэлдгээр
иргэдээс “босгоод” байгаа гэнэ. Энэ мөнгөөрөө орон нутгийн болон төвийн
телевиз, сонины эфир зайг худалдан авч, өдөр бүр иргэдийн тархийг угаах
сурталчилгаагаа хийдэг байна. Жагсаалаа зохион байгуулахдаа тус
компанийн хувьцаа эзэмшигч гэх 1000 төгрөгөө өгсөн иргэдийг утсаар
дуудаж “Хувьцаагаа ирж ав. Жагсаалд оролцоорой” хэмээн нэгдэхийг
уриалсан сурагтай. Хэдийгээр “Зэс эрдэнийн хувь” ХХК гэх боловч иргэдээс
хувьцааны үнэ гэж мөнгө хураасан нь анхаарал татмаар. Уг нь хувьцааны
үнэ гэж мөнгө хураасан болохоор “Зэс эрдэнийн хувь” компани нь хувьцаат
компани баймаар юм. “Зэс эрдэнийн хувь” ХХК нь улсын бүртгэлийн
гэрчилгээнийхээ дагуу зөвхөн гадаад худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан аж
ахуйн нэгж аж. Мөн уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулах,
боловсруулах тусгай зөвшөөрөл аваагүй юм байна. Зэсийн исэлдсэн хүдрийг
овоолон уусгах үйлдвэрийн төсөлд аж ахуйн нэгжийн ажиллах эрх зүйн
хэлбэрийг хязгаарлагдмал хувьцаат компани гэж нэрлэсэн нь ойлгомжгүй
байна. Компанийн тухай хуулиар ийм хэлбэртэй аж ахуйн нэгж нь үйл
ажиллагаа явуулахыг зөвшөөрдөггүй. Мөн иргэдийн тархийг угааж,
үндэслэлгүйгээр 30 сая төгрөгтэй болчихоод байхад орон нутгийн хууль
хяналтын байгууллага шалгахгүй байгаа нь хачирхалтай. Орхон аймгийн
Засаг дарга Д.Оюунбат иргэдийг төөрөгдөлд оруулж, мөнгө хурааж байгаа
Д.Алтанхуягийг шалгах талаар хууль хяналтын байгууллагуудад үүрэг өгсөн
гэж дуулдсан. “Зэс эрдэнийн хувь” компани нь иргэдийн итгэлийг олж
авахын тулд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, “Эрдэнэт” үйлдвэрийн
зарим инженер, удирдах ажилтнуудыг компанийнхаа Төлөөлөн удирдах
зөвлөлийн тэргүүлэгч гишүүн гэж тодорхойлон ном хүртэл гаргасан байсан.
Тэргүүлэгч гишүүн гээд байгаа хариуцлагатай албан тушаалтнууд нь энэ
тухайгаа сонсоогүй, мэдэхгүй, тэргүүлэгч гишүүн биш гэдгээ орон нутгийн
хэвлэлээр мэдэгдэж, ярилцлага өгсөн байсан. “Зэс эрдэнийн хувь”
компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг нь “Миний ард Японы мэргэжлийн
сумогийнхон байгаа. Япончууд хөрөнгө оруулна” гэж ярьдаг. Цэвэгнямтай ах
дүүсийн хүүхдүүд, амай Бямбадорж гээд нэр бүхий сумочидтой дотно
найзалж, нөхөрлөдөг талаар баттай эх сурвалжууд ч мэдээлж байгаа юм.
“Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг нь “Овоолго
ашиглах зөвшөөрөл өгөхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэвийн
үйл ажиллагаанд саад болно” гэж мэдэгдсэн байгаа юм. Улс орны хөгжлийг
нуруун дээрээ үүрч, өдөрт гурван сая ам.долларын бүтээгдэхүүн
үйлдвэрлэж, улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулдаг, тасралтгүй
ажиллагаатай Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хэвийн үйл
ажиллагаанд саад учруулах гэж байгаа энэ зохисгүй үйлдэл нь Монголын ард
түмний, үндэсний эрх ашгийг зөрчиж байна гэж ойлгож болохоор байна.
“Эрдэнэт” үйлдвэр өнгөрсөн онд улсын болон орон нутгийн төсөвт 610
тэрбум 420 сая төгрөг төвлөрүүлжээ. Улсын төсөвт 569 тэрбум төгрөгийг аж
ахуйн нэгжийн орлогын албан татвар, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн
албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болгон төвлөрүүлсэн
аж. Орхон аймгийн орон нутгийн төсөвт л гэхэд газрын төлбөр, ус
ашигласны төлбөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, гадаадын
мэргэжилтнүүдийн ажлын байрны төлбөр болох 14 тэрбум 340 сая төгрөгийг
өнгөрсөн онд оруулсан байна. Улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж
байгаа 610 тэрбум 420 сая төгрөг бол “Эрдэнэт” үйлдвэрээс Монголын ард
түмнээ тэжээж байгаа “Зэс эрдэнийн хувь” юм. Монгол, Оросын хамтарсан
зөвлөлийн хурлын дараахан Оросын талын өмчлөгч “Ростехнологи”
корпорацийн ерөнхий захирлын зөвлөх Халанов Валерий Иннокентьевич Оросын
талын байр суурийг илэрхийлж байсан. Тэрбээр “Хэдэн зуун сая
ам.долларын өртөг шингэсэн өмч болох овоолго бол “Эрдэнэт” үйлдвэрийн
ирээдүйн ашиг орлого юм. Тиймээс “Зэс эрдэнийн хувь” компанийн ярьж
байгаа зүйлтэй огт санал нийлэхгүй. Бид Монголын талтай хамтраад өөрсдөө
эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийг барьж байгуулна” гэсэн.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөлийн Оросын хэсгийн “Ростехнологи”
корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовоос “Зэс эрдэнийн хувь” компанид
хүргүүлсэн өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн албан
бичгээр “Зэс эрдэнийн хувь” компанийн удирдлага санал болгож байгаа
баримт бичигтээ тусгай инженерингийн үйлчилгээ явуулдаг судалгааны
байгууллагаар экспертийн дүгнэлт гаргуулж, лабораторийн болон хагас
үйлдвэрлэлийн туршилтыг гүйцэтгэж хөрөнгө оруулалтыг тодруулна уу гэж
тусгасан. Одоогоор энэ талаар “Зэс эрдэнийн хувь” компани ямар нэгэн
хариу ирүүлээгүй байгаа аж. “Зэс эрдэнийн хувь” компанийн ашиглана гээд
байгаа “Эрдэнэт” үйлдвэрийн энэ овоолгыг үүсгэх буюу хүдрийг олборлож
тээвэрлэхэд гаргасан зардал нь 16.7 сая ам.доллар юм. “Эрдэнэт”
үйлдвэрээс исэлдсэн хүдрийг худалдан авч байгаа гадны байгууллага нь
ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 124 сая ам.доллар, овоолгыг
үүсгэхэд гаргасан зардал болох 16.7 сая ам.долларыг төлөх шаардлагатай.
Мөн өнөөгийн зах зээлд нэг тонн зэсийн үнийг 7000 ам.доллар байх
тохиолдолд овоолгын өөрийн төлбөр нь нийт дүн 124 сая ам.доллар, нийт
140.7 сая ам.долларыг “Зэс эрдэнийн хувь” компани хуулийн дагуу
“Эрдэнэт” үйлдвэрт төлөх учиртай.
“Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг “Сонгууль
дөхөж байна. Миний ард Эрдэнэтийн 30 мянган хүн байна” гэж жагсаалын
үеэр хэлжээ. Түүний энэ үйлдлийг сонгуулийн шоу, иргэдийг сонгуулийн
сурталчилгааны золиос болгож байна гэж тайлбарлаж болохоор байна.
Жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсгэснийг бид зөвтгөж болохгүй.
Байдал хурцдаж, хууль бус үйл ажиллагаа явуулж улмаар аливаа хохирол
гарвал “Зэс эрдэнийн хувь” компани, түүний удирдлага хариуцлагыг нь
дангаараа хүлээх ёстой. Мөн 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлаас
их хэмжээний хохирол учирсан. Гэтэл өнөөг хүртэл хариуцах эзэн
гарсангүй. Энэ мэт байдал хүндрэхээс өмнө хууль хяналтын байгууллага
байдлыг анхааралдаа авч, ялангуяа иргэдээс хууль бусаар мөнгө хураасан
энэ компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийх ёстой юм.
"Улс төрийн тойм" сонин
