ОХУ асуудлаа цэгцлэхийг сануулжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

ОХУ асуудлаа цэгцлэхийг сануулжээ

“Мон-Атом” компанийн тэргүүн Р.Бадамдамдин халаа сэлгээнд өртөөд удаагүй байгаа. Тэрбээр Засгийн газрыг төлөөлөн ураны салбарын үйл ажиллагаанд оролцдог компанийг тол­гой­лохоо больсон. Гэхдээ үүн­тэй зэрэгцээд “Дорнод уран” компанийн удирдлагын бүт­­цэд багтаж магадгүй гэх яриа гарах болжээ. Ха­рамсалтай нь хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр бай­гуулсан “Дорнод уран” ком­панийг байгуулах аж­лын явц “Хан Ресурс”-ын маргаанаас болж хой­шилсоор байна. Өөрөөр хэлбэл, Парисын арбитрын шүүхээр дор хаяж хоёр жил хэлэлцэх энэ хэргээс бо­лоод Орос, Монголын хам­тарсан “Дорнод уран” ком­пани үйл ажиллагаагаа эх­лэхгүй гацаанд орчихов. Ийм үед ураны салбарыг тойрсон халаа, сэлгээ хийх нь ямар ач холбогдолтой вэ гэдэг нь сонин.

Анх хоёр орны Зас­гийн газар хоорондын хэ­лэл­цээрийн дагуу зургаан са­рын дотор “Дорнод уран” ком­панийг байгуулж, үйл ажил­лагааг нь шуурхай эх­лэхээр төлөвлөж байв. Харин барууны хэвлэлүүдэд энэ ту­хай “Монголын ураны  салбар дахь оросуудын сонирхол хэр хүчтэй байгааг Канадын “Хан Ресурс” компани тод томруун харуулж байна” хэмээн бич­жээ.

Өөрөөр хэлбэл Оросын тал олны анхаарлыг нэг их татахгүйгээр Дорнод ураны ордыг эзэмших байсан ч Канадын компани үүнд нь саад болсон гэсэн үг юм. “Asia Times”-т мэдээлснээр “Оросууд Тавантолгойн олборлогч болох урьдчилсан нөх­цөл нь Дорнод ураны ордод мон­голчуудтай хамтран ажиллах явдал юм гэх мэдээлэл байна” гэжээ. Ямартай ч Монголын Засгийн газар “Дорнод уран” компаниар дамжуулан Орос­той ураны салбарт хамтрахаа тухайн үед ил тод зарлах болсон. Харин нөгөө талд АНУ, Японтой цөмийн хаягдал булшлах асуудлаар нууц тохиролцоонд хүрэх гэж оролдсон тухай гадны хэвлэлүүд мэдээлсэн билээ. Түүнчлэн зөвхөн цөмийн хаягдал гэлтгүй “Мон Атом” компаниар дамжуулан уран олборлохын тулд АНУ-ын Сенатын гишүүний хүү Монголын Засгийн газрын төлөөлөгчидтэй уулзаж, бизнесийн санал тавьсан тухай “Ассошэйтэд Пресс” агентлаг мэдээлсэн юм.

АНУ, ЗХУ бодлогын хувьд зөрчилдөж, хүйтэн дайн эхлэх тэр үеэс хоёр гүрний цөмийн салбар дахь сонирхол эрчимжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар ОХУ төрийн мэдлийн “Атомредметзолото” ком­паниараа дамжуулан Казахстан, Канад, Нигер, Автсрали, АНУ, Монгол зэрэг орны ураны салбарт нөлөөгөө тогтоохыг зорих болжээ. АНУ-тай харьцуулахад ЗХУ-ын үеэс үлдэж хоцорсон хэдэн мянган тонн цөмийн бүтээгдэхүүн оросуудад бий. Үүгээрээ тэд америкчуудаас давуу талтай болж чадсан юм. Монгол дахь ураны сонирхол нь Дорнод ураны ордоор хамгийн тод илэрсэн. Зөвлөлтийн эрдэмтэд анх нээж илрүүлсэн Дорнод ураны орд газар дор хаяж 25 мянган тонн ураны нөөцтэй, жилд 2000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, үүнээсээ жил бүр 300 сая ам.долларын ашиг олно гэх зэрэг гайхалтай тодорхойлолтууд гарч ирдэг. Харин 2009 он хүртэл энэхүү ордыг “Хан ресурс”-ын 58 хувь, Оросын “АРМЗ”-ийн 21 хувь, Монголын Засгийн газрын 21 хувийн хувьцаа бүхий компани эзэмшиж байв. Энэ үеийг хүртэл Дорнод ураны ордтой холбоотой бүтээн байгуулалтын ажилд “Хан ресурс” компани 20 сая ам.доллар зарцуулсан хэмээн хожим нь шүүхийн танхимд мэдэгдсэн билээ. Харин “Asia Today”-д мэдээлснээр “Оросын Засгийн газар, “АРМЗ”-ын Монголын ураны салбарт явуулж буй үйл ажиллагаа Казахтсанд хийж байсан үйлдэлтэй нь яг адилхан байна” хэмээн дүгнэсэн нь бий.

Ямартай ч  Монголын ураны салбарт 1988-1995 он хүртэлх хугацаанд 10 мянга гаруй орос ажилчин ажиллаж байсан гэдэг. Харин 2009 онд хоёр орны Засгийн газар хооронды хэлэлцээр байгуулж, албан ёсоор хамтрахаар болжээ. Аажимдаа “АРМЗ” “Хан ресурс”-ын хувьцааг худалдан авах санал тавьсан боловч Хятадын төрийн мэдлийн ураны компанид алдахад тун ойрхон болчихоод байсан юм. Дараахан нь Цөмийн энергийн газар нөхөн сэргээлт хийгээгүй, хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн гэх шалтгаанаар “Хан ресурс”-ын    Дорнод уран дахь лицензийг хураан авсан. “Улс төрийн шийд­вэр гаргачихлаа” хэмээн дээрх үйлдэлд дургүйцсэн “Хан ресурс” эхлээд дотоодын шүүхэд өргөдөл өгсөнийхөө дараа олон улсын арбитрын шүүхэд хандан “АРМЗ” болон Монголын Засгийн газрыг буруутгах үндэслэлээ тавьсан билээ. Харин “Ройтерс” агентлаг “Хан Ресурс” менежментээ буруу хийж байна” хэмээн мэдээлж байжээ. “Правда” сонинд “Хятадын төрийн мэдлийн ураны компани “Хан ресурс”-ын хувьцааг худалдаж авах үнийн санал тавьсан нь оновчгүй бодлого болсон” хэмээн бичиж байв.

Одоогийн байдлаар “Хан Ресурс” компани Дорнод ураны орд газартай холбоотойгоор гурван зарга үүсгээд байгаа. Үүнээс болж Орос, Монголын Засгийн газар хоорондын гэрээгээр байгуулсан “Дорнод уран” компани үйл ажиллагаагаа эхлэх боломжгүй болчихоод байна. Дэлхийн цөмийн ассоциациас Монголын цөмийн үйлдвэрлэлтэй холбоотой гаргасан тайланд “Росатом” компани “Дорнод уран” компани байгуулахтай ордтой холбоотой асуудлыг нэн даруй эцэслэхийг хүсэж байна” хэмээн онцлон дурьджээ. В.Путин, Д.Медведев Монголд айлчилсан нь ч ийм зорилготой. Гэхдээ олон улсын зарим хэвлэлд “Өнгөрсөн зун түлшний нийлүүлэлт тасалдсанаас болж хоёр орны харилцаа төдий л сайнгүй байгаа” хэмээн мэдээлжээ.

Т.Элиса

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж