
-УИХ дахь хоёр намын бүлэг сонгуулийн тогтолцоон дээр л маргаан үүсгээд байгаа болохоос биш, эмэгтэйчүүдийн квотыг хөндөхгүй юм. Энэ асуудалд та хэр анхаарал хандуулан ажиллаж байна вэ?
-УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд манай намаас УИХ-ын гишүүн Д.Энхбат багтдаг. Д.Энхбат гишүүнээр дамжуулж бид бүхэн зарчмын зөрүүтэй саналуудаа бичээд хүргүүлж байгаа. Тэгэхээр ямар ч байсан ажлын хэсгийн төвшинд зарчмын зөрүүтэй санал хөндлөнгөөс орно гэж ойлгож болно. Мөн ирэх даваа гаригт /өнөөдөр/ хуралдах ажлын хэсгийн хуралдаанд олон намын төлөөллөөс бүрдсэн эмэгтэйчүүд оролцож, тодорхой саналаа хэлье гэж бодож байгаа. Ер нь бол өнгөрсөн үйл явдлыг харахад үнэхээр УИХ-ын Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квот оруулах ч юм шиг оруулахгүй ч юм шиг тодорхой бус байдалтай байгаа. Гэхдээ олон түмний зүгээс эмэгтэйчүүдийн квотыг хуульд тусгаж өгөх ёстой гэсэн хандлага их байна. Шаардлага ч бас Монголд бий. Тийм учраас бидний хувьд тодорхой томъёололтой, 30 хувийн квот оруулаач ээ гэсэн санал оруулна.
-Гол нь 30 хувийн квотыг хүлээн зөвшөөрдөг болов уу?
-Хэрэв 30 хувийн квот уначихсан шүү дээ, хэт өндөр гэж үзвэл эхний ээлжинд 25 юм уу, 20 хувиар оруулаач ээ гэж л хүснэ. Дараа нь 2016 оноос 30 хувийн квот хүчин төгөлдөр үйлчилж байхаар заалт оруулах саналтай байгаа. Дэмжигдээсэй л гэж бодож сууна. Хэвлэл мэдээллийнхэндээ маш их баярлаж байгаа. Асар их аян өрнүүлж байна. Харамсалтай нь эрэгтэй гишүүд маань ойлгож өгдөггүй.
-Парламент дахь гурван эмэгтэй гишүүний хувьд хэр нэгдэж энэ асуудал дээр ажиллаж байгаа вэ?
-Бид нэгдээд дээрээс нь парламентад суудалтай намуудын эмэгтэйчүүдийн байгууллага нэгдээд хэд, хэдэн удаагийн уулзалт хийсэн. Бидний байр суурь бол хамтарсан байр суурь. Тэр байр сууриа л ажлын хэсэг болоод бүлэг, байнгын хороо, УИХ-ын чуулган гээд шат, шатанд хамгаална даа.
-Эрэгтэй гишүүдийн хувьд эмэгтэйчүүдийн квот тогтоох асуудалд эсрэг байр суурь барьж байна. Зарим нэг нь “Хэдхэн улстөр хөөсөн амбицтай хүүхнүүд хийх ажлаа олж ядаад ийм асуудал босгож тавиад байгаа болохоос биш, олонх хүн өөр бодолтой” гэх. Ийм үзэлтэй гишүүнд та юу хэлэх вэ?
-Тэгж хэлж байгаа гишүүний хувьд үнэхээр хоцрогдсон, дэлхийн чиг хандлагыг ойлгоогүй, дотроо тэгш бус өрсөлдөөн олон жил явсныг одоо хүртэл ойлгодоггүй тийм л хүн гэж хэлэхээс аргагүй. Дэлхийн 90-ээд орон өнөөдөр ямар нэгэн байдлаар квотыг Үндсэн хуульдаа, Сонгуулийн хуульдаа, Улстөрийн намуудын тухай хуульдаа тусгачихсан байдаг. Монгол Улсын хувьд улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор 100 гаруй орноос хамгийн сүүл мушгиж байна. Тэртэй тэргүй хийх ёстой зүйл юм шүү дээ. Яагаад гэвэл энэ асуудал маань Монгол Улсын хөгжил дэвшилтэй холбоотой. Мөн улс орны өмнө тулгамдсан олон олон асуудлууд зөв шийдлийг олж чадах уу гэдэг асуудал болохоос биш, цөөн хэдэн хүүхнүүдийн асуудал биш. Нөгөөтэйгүүр, 10, 20 жилийн дараа Монгол Улсад эмэгтэй, эрэгтэй хүйсийн тэгш байдал байх уу. Шийдвэр гаргах төвшинд адилхан 50, 50 хувь байж, адилхан хэмжээнд оролцож чадах уу гэдэг асуудал юм. Чин үнэнийг хэлэхэд ингэж хэлсэн гишүүн маань жоохон хоцрогдсон л байна даа. Одоо тэгээд квот батлахын зуур “Хоцрогдсон” гээд хэлчихээр гомдоод эсрэг кноп дарчихдаг юм болов уу.
-Ухаантай хүн бол хэлсэн үгэндээ гэмшээд дэмжих кноп дарах байх аа. Тэгэхээр Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг тусгаж өгснөөр ямар үр дүн дагуулах вэ гэдэгт тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Өрх гэр бүлд чиглэсэн, иргэн Дорж, Дулмаагийн эрх ашигт нийцсэн, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд нийгмийн бүхий л асуудалд илүү их дэвшилттэй шийдвэр л гарах юм. Тийм учраас л улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье гэж зорилт зорилго тавиад байгаа хэрэг. Зарим асуудал дээр эрэгтэйчүүд илүү сайн шийдвэр гаргадаг бол зарим асуудлыг эмэгтэйчүүд илүү сайн мэддэг байх жишээтэй. Өөр, өөрийн давуу талтай. Жишээ татъя л даа, эрчүүд макро эдийн засгийн төвшинд эрчим хүч, уул уурхай гээд том том асуудал ярьдаг. Тэр бол зөв, Монгол Улсад хэрэгтэй. Гэхдээ нийгмийн халамж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, эрүүл мэндийн үйлчилгээ, эмзэг бүлгийнхэнд туслах асуудлуудыг гярхай харах талаасаа эмэгтэйчүүд илүү. Том том хөрөнгө оруулалт хөгжил дэвшил яриад байдаг ч ядуурал буурахгүй сургууль, цэцэрлэгүүдэд үүсч байгаа бэрхшээлтэй асуудал шийдэгдэхгүй сөрөг үр дагавар дагуулж байна. Тэгэхлээр аль аль хүйсийн төлөөлөл оролцож энэ улс орны асуудлуудыг зэрэгцүүлж байж шийдэхгүй бол зөвхөн 95 хувийг эрэгтэйчүүдийн нүдээр харахаар өрөөсгөл байна шүү дээ. Асуудал хуримтлагдаад л байдаг. Жирийн өрх гэрээр жишээ авъя, ээж, аав аль аль нь байж тэнцвэртэй урагшилдаг. Хүүхдийн хүмүүжлээс эхлээд өрх гэрийн орлого гээд бүх асуудалд хамааралтай. Түүнтэй л адилхан УИХ-аас гаргах шийдвэр нь улс орныхоо бүхий л асуудлыг шийдэж чадах тийм байдлаар гарах ёстой юм.
Г.Дарь