Дөрвөн уулын дунд нийслэл төвхөнсөнөөс хойш 372 жил өнгөрчээ. Өмнө нь хэд хэдэн удаа буурь сэлгэж байсан Монгол Улсын нийслэл одоо байгаа энэ газартаа 372 жилийн өмнө суурьшсан юм байна. Хэдэн жилийн өмнө нэг сая дахь иргэнээ нийслэл өлгийдөж авч байсан нь Улаанбаатар ямархуу хэмжээний том хот болсныг илтгэх байх. Том хотыг том л асуудал дагаж явдаг бололтой юм. 1950-иад оны үед Лондонд нүүрлэж байсан агаарын бохирдол манай Улаанбаатарт “суурьшсан”-аас хойш лав арваад жил болжээ. Өнгөрсөн хугацаанд өвөл болохоор ярьж, бусад үед нь мартчихаад байсан Улаанбаатарын агаарын бохирдлыг энэ жилээс ул суурьтай, төсөв санхүүтэй шийдэж байгаа юм. Хамгийн гол нь хувийн хэвшлийнхэн өөрсдийн хөрөнгөө гаргаж, эрсдэлээ дааж утааг бууруулах бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Үүнийг нотлох үйл явдал нь Сүхбаатарын талбай дээр зэрэг галласан зуун зуух.
“М-Си-Эс” группын “Сэлэнгэ констракшн” компани нийслэлийн 372 жилийн өдөрт зориулж талбай дээр зуун зуухыг зэрэг галласан нь олны анхаарлыг багагүй татаж байлаа. Яагаад гэвэл, зуун зуухнаас гарах утаа жирийн зуухны нэг яндангийн утаанаас ч бага байсан нь нүднээ илхэн харагдаж байв. Энэ жил эднийх бүрэн шаталтат “Хас”, “Өлзий” зуухыг 70 мянган айлд хөнгөлөлттэй үнээр борлуулж, гэрт нь үнэгүй хүргэж, суурилуулж өгөх юм байна.
Энэ талаар “Сэлэнгэ констракшн” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Т.Ганболдтой цөөн хором ярилцсан юм.
-Нийслэлийн өдрөөр “Сэлэнгэ констракшн” компаний бүрэн шаталтат “Хас”, “Өлзий” зуухыг Сүхбаатарын талбай дээр галлалаа. Энэ арга хэмжээний талаар тодруулахгүй юу?
-Зуун зуухыг эх орныхоо зүрхэн дээр, Сүхбаатарын талбайд галлаж байна. Энэ зуун зуух маань Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд очих юм. Иргэд Сүхбаатарын талбай дээр ирж зуухаа хүлээн авах ёслолын арга хэмжээнд оролцлоо. Балжиннаям, дашням давхцсан энэ сайхан өдөр Гандантэгчинлэн хийдийн лам нар ирж зуухыг арвагнайлж өгсөн. Зуун айлын гал голомт бадарч, үйлс нь бүтэж, сайхан амьдрах үндэс өнөөдөр тавигдсан гэж найдаж байна. Бид зуухаа өглөөнөөс эхэлж галласан. Дээрээс доошоо шаталттай зуухыг зөв галлаж байгаа болохоор түүхий нүүрс түлсэн ч утаа гарахгүй байна. Иргэд ч сэтгэл хангалуун байна.
Бид энэ онд нийслэлийн хэмжээнд 70 мянган зуух нийлүүлэх ёстой. “Хас”, “Өлзий” зуухыг 70 мянган өрх авч, өвөлд түлдэг түүхий нүүрсээ дор хаяж нэг тонноор хэмнэхэд нийслэлийн хэмжээнд 70 мянган тонн түүхий нүүрс шатахгүй гэсэн үг. Тэр хэмжээгээр Улаанбаатар хотын агаарт цацагдаж байсан хорт утаа багасч байгаа юм. Иргэд зөв галлагаагаа хурдан эзэмшээд, агаарын бохирдлыг энэ жил мэдэгдэхүйц бууруулах үйл ажиллагаа үр дүнтэй болоосой гэж бид хичээж ажиллаж байна. Өндөр хэмжээний хөнгөлөлттэй үнээр борлуулж байгаа зуухыг авч, гэртээ үнэгүй суурилуулуулж аваад Улаанбаатараа утаанаас салгах үйлсэд нэгдээсэй гэж хэлэх байна.
-Энэ жил бүрэн шаталтат 70 мянган зуухыг нийлүүлнэ гэлээ. Өвөл хаяанд ирж байна. Та бүхний ажил ямар шатандаа явна вэ?
-70 мянган зуухаас 17 мянгыг нь хүргэж өгч, угсраад, галлагааг нь зааж өгсөн. Иргэд ашиглаад эхэлсэн гэсэн үг. Бас 2000 өрх төлбөрөө хийгээд зуухаа хүлээж байна. Бид өдөрт 500 айлд хүргэлт, суурилуулалтыг хийж өгч байгаа. Тэгэхээр дөрвөн өдрийн ажил гэсэн үг. Манайх ойрын өдрүүдэд түгээлтийн хүчин чадлаа нэмж ажиллахаар төлөвлөж байна. Өдөрт 700 айлд зуухыг нь хүргэж өгөх зорилт тавьж, хүчин чадлаа нэмж байгаа.
Т.Ганболд захирлын хэлснээр Сүхбаатарын талбай дээр галласан зуун зуух шиг 70 мянган “Өлзий”, “Хас” зуухыг нийслэлийн агаарын бохирдлын эх үүсвэр гэгдээд буй дөрвөн дүүргийн 38 хорооны айл өрхөд нийлүүлэх юм байна. Тэднээс 100 нь нийслэлийн өдрөөр Гантантэгчинлэн хийдийн лам нарын арвайгнайлсан зуухыг “М-Си-Эс”-ийнхнээр гэртээ хүргүүлж, суурилуулж авсан. Нийслэлийн өдрөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь цаанаа бас учиртай юм билээ. Өдгөө зуухаа аваад буй 17 мянган өрхийн зарим нь зөв галлагааг төдийлөн сайн сураагүй байгаа бололтой юм. Тиймээс иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор “Нийслэлчүүд 2011” баярын фестивалийн зуун зуухыг зэрэг галласан ажээ.
Энэхүү арга хэмжээний үеэр “Утаагүй Улаанбаатар” гар зургийн уралдаанд амжилттай оролцсон хүүхдүүдийг ч урамшуулж байв. Мөн Гандантэгчинлэн хийдийн лам нар утаагүй зуухыг арвагнайлж, ном хурсан нь олны талархлыг хүлээсэн. Тэдний нэг Гандантэгчилэн хийдийн лам Ц.Содномдоржтой уулзаж дараахь асуултад хариу авсан юм.
-Бүрэн шаталтат “Өлзий”, “Хас” зуухыг иргэдэд өгөхдөө хуучин зуухыг нь авч байгаа. Гэтэл иргэд “Манай гал голомт” гэдэг байдлаар асуудалд хандаж, нэлээд түвэгтэй байдал үүсгээд байгаа гэсэн мэдээ бий. Ер нь гал голомт гэж юу юм бэ. Зуухыг нь хэлэх үү, доторхи галыг нь хэлэх үү?
-Гал голомт айлын бага хүүгээ дагаж явдаг. Зөвхөн гал ч биш. Бурхан тахил, эцэг өвгөдийн үлдээсэн зүйлс гээд олон юм орно. Хамгийн анх бадраасан гал гэдэг утгаар нь зуухаа өгөхгүй гэж байгаа бол хуучин зуухнаасаа багахан үнс аваад үлдэхэд болно. Жишээ нь, гэрт амьдарч байсан хүн орон сууцанд орлоо гэхэд зуухаа аваад явдаггүй. Сангийн бойпор дотроо арц уугиулахад гал гарна шүү дээ.
“Нийслэлчүүд 2011” баярын фестивальд улс төрийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд гээд олон хүн ирсэн байлаа. Тэдний төлөөлөл болсон дөрвөн хүн Улаанбаатар хотоо утаанаас салгах үйлсэд нэгдэж буйгаа илэрхийлсэн зууханд гал асаах ёслолын ажиллагаа болсон юм. Энэхүү арга хэмжээнд оролцсон хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.
Д.Зоригт: “Өлзий”, “Хас” зуух Улаанбаатарын утааг бууруулж чадна
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд
-Агаарын бохирдлыг бууруулах үндсэн гурван арга байдаг. Нэгд, гэр хорооллоос гарч байгаа утааны хэмжээг тогтоон барих, багасгах. Өөрөөр хэлбэл, утаа гаргадаг уламжлалт зуухыг сайн технологийн зуухаар солих арга л даа. “Өлзий”, “Хас” зуух маш амжилттай хэрэгжиж байна. Үндсэндээ төлөвлөж байсан зуухны гуравны нэгийг нь борлуулжээ. Чингэлтэй дүүргийн 11 мянган өрх захиалга өгсөн байна. Энэ зуухнууд бол бүрэн шаталттай. Мэдээж утаагүй зуух гэж юу байх билээ. Зуух юм чинь утаа гарч л таарна. Гэхдээ энэ зуухнууд бол ердийн зуухтай харьцуулахад 50-80 хувиар агаарын бохирдлыг бууруулдаг зуух.
Зуухыг иргэдэд нийлүүлэхэд Мянганы сорилтын сан буюу АНУ-ын татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас өгч, “Цэвэр агаар” сангаас урамшуулал өгч байгаа. Хамгийн гол нь “Сэлэнгэ констракшн” компаний өөрийн хөрөнгөөр оруулж ирж, өөрсдөө эрсдэлээ үүрээд явж байгаа. Тийм учраас “Сэлэнгэ консракшн” компанийн хамт олны үйл ажиллагаа амжилттай явж байгаад баяртай байна.
Н.Сувд: Улаанбаатар маань утаагүй болно гэдэгт би итгэдэг
Төрийн соёрхолт, Ардын жүжигчин
-Утаа гэдэг үнэхээр гамшиг болж байна. Зөвхөн хотын төвд байгаа хүмүүс утаагаар амьсгалаад, бачимдаад байгаа юм биш. Энд ирж, очиж байгаа, гал түлж байгаа, түлэхгүй байгаа, ер нь бүх л амьд амьсгалж байгаа болгон утаанд хордож байна. Тиймээс өөрсдийнхөө эрүүл мэндийн төлөө, үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө энэ утааг яаж багасгах вэ гэдэг дээр бид бүгдээрээ анхаарах хэрэгтэй. Мэдээж ганц бүрэн шаталтат зуухыг нэвтрүүлснээр 100 хувь асуудал шийдэгдэхгүй байх. Угаасаа ямар ч асуудлыг нэг амьсгалаар, нэг өдөр шийдэж чадахгүй. Гэхдээ энэ зуух утааг багасгахад нэмэр хандив болно. Энэ нь цаашдаа ахисаар, ахисаар Улаанбаатар маань утаагүй сайхан хот болно гэдэгт би итгэж байна.
П.Бадарч: Утаагүй зуухаар нийслэлдээ бэлэг барьж байгаад талархаж явна
Ардын уран зохиолч
-Нийслэлийнхээ ой болгоноор иргэн бүхэн бэлэг барьдаг бол сайхан юм. Манай зохиолчид нийслэлдээ зориулсан хоёр дахь боть номоо гаргалаа. “Эх орны голомт” гэсэн энэхүү боть маань арван жилийн дараа 10 болно. Жил бүр бид нэг ботийг гаргаж байх юм. Үүн шиг утаанаас нь нийслэлээ салгах ажлыг хийж яваа хүмүүс бол нийслэлдээ бэлэг барьж байна гэсэн үг. Утааны хувьд үнэндээ бид баахан хэлмэгдэж байна шүү дээ. Агаар, ус хоёр хамгийн чухал зүйл. Хүн болгон гэр, гэрийнхээ утааг яаж багасгах вэ гэдгээ бодох ёстой. Манайх юу түлж байна, ямар зуух хэрэглэдэг вэ, утаагаа хэрхэн багасгах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Утаагүй болох энэ том ажилд яаж оролцох вэ гэдгээ тунгаах ёстой. Нийслэлийн иргэн байна гэдэг зүгээр л оршин суухын нэр биш шүү. Нийслэлийнхээ нэр хүндийг өргөж байх хэрэгтэй юм. Монгол Улсын нүүр царай, нэрийн хуудас нь Улаанбаатар хот юм шүү дээ.
Ш.Гүрбазар: Гал голомтоо бадрааж байгаа зуух нь утаа тортогүй байгаасай
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч
-Улаанбаатараа бид эх орны эх орон гэж ярьдаг шүү дээ. Эх орны эх орон болсон Улаанбаатарынхаа Сүхбаатарын талбайд…гэж шүлэг бичдэг дээ. Ер нь эх орны эх орон болсон хоймортоо гэгээн зүйлийг бий болгох сайхан. Яруу найрагч хүний хувьд бодоход Улаанбаатар хотын ойн өдрөөр зуух галлаж байгаа нь цаанаа бэлэгшээлтэй юм. Төрийн гал голомт бадарч байгаа ч юм шиг, бүх зүйл өөдрөг байх ч юм шиг. Энэ зуухны ач холбогдлын тухайд манай ард түмэн сайн ойлгож байгаа байх аа. Эрвийх дэрвийхээрээ нийлж байж бид хотоо цэвэр агаартай болгоно гэдгийг ойлгох ёстой. Ард түмэн ухаалгаар мэдэрч, тэмтэрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл, хүн бүрийн хүчин зүтгэлээр явах ёстой. Би зуухыг худалдаж аваасай гэж сурталчилахаас илүү бэлэгшээл талыг нь бодож байна. Өнөөдөр бол намрын адаг сарын шинийн 3-ний балжинням, дашням давхцсан бэлэгтэй сайхан өдөр. Ийм сайхан өдөр эх орны эх орон болсон Сүхбаатарын талбайдаа гал голомт бадрааж, айл бүрийн гал голомт бадарч байх тухай ярьж байгаад баяртай байна. Гол нь бадрааж байгаа түлш нь, зуух нь утаа тортоггүй сайхан байх тухай олон бэлэгшээл давхардуулж байгаа нь сайхан.
Ийнхүү нийслэлийн 372 жилийн ой Улаанбаатараа утаанаас салгах аянд хүн бүхнийг нэгдэхийг уриалж байв. Үндэсний аж ахуйн нэгжүүд ч хотоо хоггүй, утаагүй, цэвэрхэн болгохын төлөө хүчин чармайлт гарган ажиллаж буйг бататгасан үйл явдал болов. Нийслэлийн өдөрт барьсан “М-Си-Эс”-ийн бэлэг нь бүрэн шаталтат “Өлзий”, “Хас” зуух юм.