Хүнсний талоноор 10 нэр төрлийн бараа олгоно

Хуучирсан мэдээ: 2011.10.31-нд нийтлэгдсэн

Хүнсний талоноор 10 нэр төрлийн бараа олгоно

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөрөөс иргэдэд хүнсний талон олгох ажил 2009 оноос хойш эхэлсэн. Энэ ажил ямар шатандаа явж байгааг хөтөлбөрийг зохицуулагч Н.Сонинтамираас тодрууллаа.


-Иргэдэд хүнсний талон олгоод гурван жил болж байна. Энэ ажлын хэрэгжилт ямар шатандаа явна вэ?

-Эхний удаад 2009 оноос өнгөрсөн оны наймдугаар сарыг дуустал хүнсний талон олгосон. Үүний дараа хоёрдугаар арга хэмжээний хүрээнд хүнсний талон олгох ажил үргэлжилж байна. Судалгааг ерөнхийдөө аваад дууссан. Гэхдээ эхний удаад талон олгож байсан иргэдийн тодорхойлолтод өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл, өрхийн орлого биш зарлага дээр нь үндэслэн амьжиргааны төвшинг ялган тодорхойлж, хүнсний дэмжлэг хэрэгтэй байгаа нэн эмзэг, ядуу өрхүүдэд хүнсний талон олгох юм. Тэгэхээр одоо талон авах иргэдийн зарим нь хасагдана гэсэн үг. Тодруулбал, одоо талон авах иргэдийн өрхийн амьжиргааны төвшин боломжийн бол хасагдана.

-Яг ямар иргэдэд хүнсний талон олгож байгаа юм бэ?

-Хуульд сэтгэцийн өвчтэй 0-18 хүртэлх насны хүүхэд, бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд, байнгын асаргаа шаардлагатай ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн, харж хандах хүнгүй ахмадууд зэрэг долоон бүлэг бий.

-Зарим хүнсний талон эзэндээ хүрэхгүй байгаа гэх юм. Судалгаанаас нь үзэхэд тийм маргаан гарч магадгүй юм шиг харагдсан.

-Хэнд хүнсний талон олгохыг хоёр аргаар тодорхойлж байна. Эхний аргын хүрээнд халамжийн тухай хуульд тодорхойлогдсон эмзэг бүлгүүдийн шалгуур байдаг. Энэ шалгуурыг барьж үндсэн долоон бүлэг болгоод хүнсний талоныг түр хугацаагаар олгох болсон. Дээрх бүлгүүдэд хамрагдсан 25 мянга гаруй иргэнд эхний удаад олгосон байгаа. Энэ нь түр хугацаанд хэрэгжих эхний арга байсан. Хөтөлбөр хүнсний дэмжлэг шаардлагатай байгаа иргэдээ яаж тодорхойлох, ямар механизмаар хүргэх вэ гэдгийг тодорхойлох зорилготой.

-Хүнсний талоноор ямар ямар хүнсний бүтээгдэхүүн олгодог вэ?

-Гурил, будаа, мах, сүү, өндөг зэрэг 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг орон нутгийнхаа хүнсний дэлгүүрээс худалдаж авах юм. Харин архи, тамхи, саван зэрэг бусад бүтээгдэхүүн худалдан авахад ашиглагдахгүй.

-Ингэхдээ хэчнээн төгрөгийн талон олгох вэ?

-Cap бүр 14 мянган төгрөгийн талон олгоно. Үүнийг нэгдүгээр аргын хүрээнд цаасан болон цахим хэлбэрээр олгохыг зорьж байгаа. Эхний удаад цаасан хэлбэрээр олгож байгаа. Тодруулбал, нэг иргэнд сард 2000 төгрөгийн үнэтэй долоон ширхэг хүнсний талон очно гэсэн үг.

-Иргэд талоноо хаанаас очиж авах вэ?

-Тухайн хүн харьяа газрынхаа (сум, хороо) нийгмийн ажилтнаасаа талонаа очиж авна. Хэзээ, хаанаас талон авах, ямар хугацаанд ашиглах зэргийг зааварласан захиаг хүн бүрт явуулсан. Үүний дагуу орон нутагт сонгогдсон хүнсний дэлгүүрээс авна. Хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэх эрхийг Орлого орлуулан тооцох аргаар тодорхойлж, орон нутгийн Засаг захиргааны байгууллага сонгон шалгаруулна.

Д.Бат

"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж