
-Таныг харсан чинь асуухаар төлөвлөсөн олон зүйлээ хойш тавимаар санагдчихлаа. Та их сульдсан харагдаж байна шүү?
-Миний хувьд харьцангуй гайгүй ээ. Би 49.5 кг жинтэй анх өлсгөлөн зарлаж байсан. Одоо 44,5 кг болсон байна лээ. Жаахан ядарсан л байх.
-Тухайн үед өлсгөлөн зарлахаас өөр арга зам байхгүй гэж шийдсэн нь тодорхой. Өнөөдрийн хувьд тэр бодол тань хэвээрээ байна уу?
-Олонхиороо шийдсэн шийдвэр. Өлсгөлөн уг нь тэр бүр сонгоод байхаар тэмцлийн арга биш. Дэмий л юм. Гэхдээ бид бүгдийн ярилцаад гаргасан хамтын шийдвэр байсан учраас бүгд дагасан.
Эсэргүүцэх хүн ч байсан. Гэсэн ч энэ бол тухайн үедээ хамгийн зөв шийдвэр байсан. Одоо ч гэсэн алдаагүй гэдэгтээ итгэлтэй байна. Ийм хурц хэлбэр рүү орсноороо бид тодорхой асуудлыг шийдүүлж чадсан.
-Зургаагийн зургаан эрэгтэй тэмцэгчийн дунд ганц эмэгтэй нь байх хэцүү юу?
-Тэмцээд явж байхад хүйсийн ялгаа огт мэдрэгдээгүй. Намайг эмэгтэй хүн гэдэг утгаар нь тэд ч онцгойлж хандаагүй.
-Хүний эхнэр, эх хүний хувьд эр нөхрөө, үр хүүхдээ гэхээс илүүтэй улс орны сайн сайхны төлөө гээд тэмцээд явж байхад эргээд ард үлдсэн тэр эрхэм нандин хүмүүсийнхээ төлөө санаа зовох үе байдаг уу?
-Өлсгөлөнгийн тухайд нөхөртөө хэлэхээд нэлээд халширч байсан. Мэдээж манай нөхөр эхлээд таашаагаагүй. Нэгэнт олонхийн шийдвэр аль хэдийнэ гарсан учраас зөрөх боломж байгаагүй. Манай аав, ээж маш их сайн хүмүүс байдаг. Тэд хүүхдүүдийг минь харж байсан учраас нэг их асуудал байгаагүй. Тэд зөвхөн миний эрүүл мэндэд л санаа зовж байсан. Би үнэхээр сайн ар талтай. Ийм ар гэртэй хүн бас ховорхон байдаг болов уу гэж боддог. Аав, ээж хоёр байхгүй байсан бол ингэж хэвтэхгүй байх байсан. Энэ дашрамд тэр хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Зарим үед баярлалаа гэдэг үг багадаад, хэтэрхий энгийн санагдах үе байдаг даа. Тэр хоёртоо ингэж хэлэхэд их л энгийн санагдаад байгаа юм. Ямар ч байсан аав ээж хоёр маань миний амьдралаас огт салаагүй. Том хүүхдийг маань өсгөсөн. Багыг маань одоо харж байна. Том хүүгийн араас хүн дагаад байна гэхээр нь дүүгийндээ түр байлгасан. Бага маань аав, ээж хоёр дээр байгаа. Тэгсэн чинь Хуягаа намайг “Төр тараана гээд гарсан чинь гэрээ тараачихлаа” гээд шоолоод байсан.
-А.Баатархуяг сэтгүүлчтэй ярилцаж байхад бас энэ санааг хэлж байсан. Хүүг тань дахиж хүн дагасан болов уу?
-Нэг өдөр л “Ээж намайг хүн дагасан. Би одоо гэрээсээ гарахгүй” гэхэд нь их айж, сандарсан. Өглөө сургуульд нь манай дүү хүргэж өгөөд, оройд нь авдаг болсон болохоор санаа зовох нь гайгүй л байна.
-Та хэдийгээр “Би олон нийтийн хамгаалалтад байгаа” гэж байгаа ч ард үлдсэн гэр бүлийнхээ төлөө санаа зовох хэрэгтэй юм гэсэн бодол төрж байна уу?
-Би ерөөсөө анзаардаггүй байсан. Монгол бол Монгол. Хүн ирээд алах гээд дайрах нь юу л бол гээд энэ тухай яриаг хийрхэл юм шиг боддог байсан. Харин Машбат гэж хүний “Би Уянгааг алах гэж ирсэн” гээд шөнөөр хийсэн дайралтын дараа л “Бас болзошгүй аюул заналхийлэл байгаа юм байна шүү” гэсэн бодол орж ирсэн. Мөн хүүгээ тэгж хэлэхэд маш их айсан. Түүнээс өмнө нь огт тийм бодол толгойд орж ирдэггүй байсан юм. Ер нь л болгоомжтой байх хэрэгтэй санагдаад байгаа.
-Таны нөхөр сэтгүүлч А.Баатархуяг бол таны ард зогсч байгаа гол идианий үндэс суурь, таны улаан фэн, таны энэ тэмцлийн хөшүүрэг юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яах вэ дээ. Би ийм ар тал, ийм нөхөргүйгээр эмэгтэй хүний хувьд ингэж явах ямар ч боломжгүй гэж боддог. Манай Хуягаа бол маш сайн зөвлөгч, хамтрагч, туслагч, найз нөхөр, хань ижил. Миний ганц амьдралдаа хийсэн хамгийн зөв юм бол нөхрөө их зөв сонгосон явдал гэж боддог.
-Та хоёр оюутан байхаасаа холбогдсон байх аа?
-Тийм ээ. Анх 1995 онд танилцсан гэж бодохоор чинь 15 жил болсон байна шүү дээ. Урт хугацаа шүү.
-Хоёулаа сэтгүүлч хүний хувьд нэг нь үзэл санааны өөрчлөлтийг сэтгүүл зүйн бүтээлээр дамжуулж олгохыг зорьж байгаа. Харин таны хувьд талбайн тэмцлийн хэлбэрийг сонгосон. Үүнд сэтгүүлчийн мэргэжлийн нөлөө хэр байдаг юм бол. Аль эсвэл ерөөсөө мөн чанар нь энэ байр суурь дээр огтлолцсон хэрэг үү?
-Аль аль нь байх аа. Нийгэм рүү гүн гүнзгий оролцоод, мөн чанарыг нь мэдрээд эхлэхээр энэ зам руу орохоос өөр аргагүй байдалд хүрч байна. Би сэтгүүлчээр ажиллах хугацаандаа сэтгүүлчийн ажлыг хөнгөн гэж боддоггүй байсан. Зүгээр нэг болсон үйл явдлын тухай бичих, мэдээлэх нь нэг хэрэг. Харин яг дотор нь ороод мөн чанарыг нь олж, түүнийгээ хүмүүст хүргэж, үүгээрээ дамжуулж нийгмийг өөрчлөх гэдэг бол их өөр ажил байсан. Уг нь надад сэтгүүлчийн мэргэжлээ ашиглах боломж байна. Тэр боломжоор нийгмийг өөрчлөх нь илүү сайхан байна. Гэвч өнөөдрийн нийгэмд тийм боломж алга. Тийм учраас л би энэ зам руу хальтарч орсон. Сэтгүүлчээ хийгээд зүв зүгээр амьдарсан бол тэр нь надад илүү сайхан, илүү амар зам байсан. Гэхдээ энэ замыг муухай гэж хэлээгүй шүү.
-Тэгвэл нөхөр тань энэ ширүүн тэмцлийн замыг сонгоод, харин Та түүний байр суурин дээр байсан бол илүү амар байх байсан юм биш үү?
-Мэдэхгүй ээ. Манай Хуягаа над шиг явах хүн биш. Санаа бодол нийлдэг ч гэсэн бид хоёрын мөн чанар их өөр. Хуягаа бол юмыг арай нухацтай боддог байж магадгүй. Гэхдээ над шиг ингэж сэтгэл зүрхээ гаргаж явах байсан уу гэвэл би үгүй байх л гэж бодож байна. Яах вэ, одоогийн байгаа нөхцөл байдалд Хуягаа илүү тууштай явах байсан байж магадгүй. Надад одоогийн энэ нөхцөл байдал арай л тохирохгүй байгаа юм. Уг нь надад боломж байсан шүү дээ. Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд ороод л нэр дэвшээд явах боломж байсан. Би тэр бүх боломжоос татгалзсан. Хуягаа ч бас адилхан. Хүн болгоны хүссэн ч хүрч чадаггүй Ардчилсан намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан шүү дээ, манай Хуягаа. Түүгээр дамжаад ямар л бол ямар карьер хийж болох байсан. Гэсэн ч нэгэнт тогтолцоо нь өөрөө буруу байхад буруу юманд орж буруу тийшээ явснаас түүнийг зөв тийш нь эргүүлэхийн тулд, бас зогсооход бид хоёрын сэтгэл санаа нийлээд байх шиг санагддаг. Бид хоёр өөр өөр зүйлийн төлөө яваагүй. Нэг зүйлийн хоёр талаас нь л явж байгаа байх.
-М.Энхсайханы дэвшүүлж буй “Үндэсний хувьсгал” гэсэн нэг шинэ үзэл санааны өөрчлөлттэй та нарых холбогдоод байх шиг санагдаж байна?
-Ер нь бол олон жилийн өмнө манай нөхөр бид хоёр энэ талаар “Монгол таймс” сониноороо дамжуулж дэлгэж тавьж байсан. Өнөөдөр яг бодлогын түвшинд гаргаж тавьж буй хүн нь яах аргагүй М.Энхсайхан дарга. Бид хоёрт санаа зөрдөг зүйл байдаг ч маш их олон зүйл дээр санаа нийлдэг. Би Үндэсний шинэ намын гишүүн биш. Бид хоёр 2004 оноос хойш уулзаагүй. Гэтэл явсаар байгаад хэлдэг, ярьдаг зүйл маань нэг л болоод байгаа юм. Мэдээж шүүмжлэх, эсэргүүцэх зүйл байгаа. Гэхдээ монголчууд ерөнхийдөө тэр замаар л явах ёстой. Түүнээс бус М.Энхсайхан дарга нэг юм бодож олоод би хэрэгжүүлэх гээд байгаа зүйл байхгүй. Олон хүн энэ үзэл санааг гаргаж ирж байгаа. Аяндаа үгүйлэгдэж байгаа юм.
-Та бүхний системийг өөрчлөх гэсэн шаардлагад УИХ-ын зүгээс Үндсэн хуулийн бус зам гэдэг дүгнэлт өгч байна. Тэр Үндсэн хуулийн бус арга нь зөвхөн ард нийтээс санал асуулга аваад зогсохгүй, тэмцлийг огт өөр хэлбэр рүү шилжих санаархал уу?
-Ард нийтийн санал асуулга явуулахад болохгүй юм байхгүй. Нэг удаа бид ард түмнээс асуучихад олон зөв гарц нээгдэх юм шиг надад санагдаж байгаа. Харамсалтай нь, ингэж зүрхлэхгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тэд өөрсдөдөө итгэхгүй байгаагийн илэрхийлэл. Санал асуулга явуулахаар тэд өөрсдөө буух болно гэдгээ сайн мэдэж байгаа. Тийм ч учраас зөвшөөрөхгүй байна. Ард түмнээсээ байнга асуудаг жишиг тогтвол их зөв юм болно. Үндсэн хуулийн бус арга гэдгийн тухайд тийм зүйл огт байхгүй. Бид бүх асуудлыг хуулийн дагуу тавьсан. Ер нь хувьсгал хийнэ гэвэл хуулийн дагуу хувьсгал хийдэг жишиг байхгүй. Хууль ёсны, хууль ёсоор хийсэн хувьсгал гэж байдаггүй. Бид нар хуулийн дагуу өөрчлөх гэж оролдсон. Гэтэл энэ оролдлого ямагт амжилтгүй болсоор л байна. Хэрэв ард түмний санал асуулгыг сая хүлээн зөвшөөрсөн бол их аядуу тайван замаар, нийгмийн зөвшилцлөөр нийгмийг өөрчлөх боломж байсан. Одоо дахиад нийгмийг өөрчлөх хөдөлгөөн үүслээ гэхэд энэ нь шал өөр арга зам байна. Ер нь хүчирхийллийн л арга зам байна байх. Бид тайван тэмцлийн хамгийн сүүлчийн шатыг сонгосон хүмүүс. Дараагийн удаа хүмүүс өөр арга замыг сонгох байх. Уг нь үүнийг хэн хэн нь хүсэх хэрэггүй л юм. Гэвч үүнийг харах нүд өнөөгийн төр засагт байхгүй болсон байна. Яахав, Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийг өөрчлөх ажлын хэсгийг хоёр талаасаа байгуулахаар болсон учраас бид бүх боломжоор үзнэ. Болохгүй бол бид дахиж гудамжинд гарахаас өөр ямар ч арга байхгүй.
-Та бүхнийг өлсгөлөнгөө зогсоохтой давхцаад “Бидний зорилго амлалт нэхэх гэдэгт дарагдаад олонд хүрсэнгүй ээ. Бид Оюутолгой, Тавантолгойн төлөө тэмцэж байгаа. Үүнийгээ яримаар байна. Ярилцлага өгье” гэж танайхнаас утасдаж байсан. Энэ нь та бүхний дунд тус тусын үзэл бодол болон зорилго чиглэлийн тодорхой саланги амбиц байна уу гэж ойлгогдож байсан.Та хүлээн зөвшөөрөх үү?
-Үгүй шүү дээ. Энэ удаагийн санамж бичигт Оюутолгойн асуудал хамгийн сайн туссан. УИХ энэ асуудлаар өөрөө өөртөө үүрэг авсан. Дотроо өөр өөр зорилгоор тэмцсэн ч нэг зүйлийг л тал талаас нь мэрж байгаа. Бидний уулзах цэг нэг. Тэгэхээр би хувьдаа бидний дундаас тийм үг гараагүй байх. Наадах чинь өөр хүний үг байх гэж бодож байна. Энэ тэмцэлдээ бид бүгдээрээ тууштай байна. Системийг орвонгоор нь өөрчлөхгүй бол энэ хүмүүс юм хийхгүй ээ гэдгийг мэдсэн хүмүүс л дээ.
-Машбат гэж хүн танайхан руу халдахдаа “Г.Уянга Ш.Отгонбилэг гэж тэр сайн хүнийг алсан. Иймд би түүнийг алахаар шийдсэн” гэж хэлж байсан нь танд хэр эмзэг туссан бэ. Тухайн үед Та ийм зүйл төсөөлж байсан уу?
-Би тэр хэргийг улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагаа гэж бодсон. Яг Ш.Отгонбилэг агсны тухай нэвтрүүлэг бол надтай нэг их хамаатай зүйл биш. Би тэр үед нэвтрүүлэгчийн үүргээ л гүйцэтгэсэн. Редактор нь өөр хүн байсан. Гэхдээ би тэр нэвтрүүлгийг сайн нэвтрүүлэг байсан гэж боддог. Өнөөдөр ч гэсэн “Эрдэнэт” асар том саалийн үнээ байсаар байгаа. Тийм шүүмжлэл байх ёстой л зүйл. Тэр хүний тухайд ярьж байгаа зүйл нь хамаагүй, утга авцалдаа муутай л үг байсан. Би зориуд явуулсан л гэж бодсон.
-Нам байгуулах ямар ч сонирхол алга. Өнөөдрийн энэ системийг өөрчлөөгүй байгаа үед ямар ч боломжгүй. Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчилсөн тохиолдолд өөр хэрэг. Ер нь Монголд нам цөөдөөгүй байна. Олонд танигдсан хүн бүр нам байгуулаад байвал хэцүүднэ шүү дээ,энэ нийгэм. Манай холбоо бол холбоо хэвээрээ л байна. Ардчилсан намд яагаад итгэх итгэл буурав гэхээр тэнд ерөөсөө суудлын төлөөх л өрсөлдөөн болж байдаг. Тэнд итгэл үнэмшил, үзэл бодол гэдэг зүйл байхгүй болсон. Ардчилсан нам МАХН-аас өөр үзэл баримтлалаа бариад, түүндээ үнэнч явсан бол би хамт л байх байсан. Гэвч одоо огт өөр болсон. Гэхдээ тэнд намыг буруу харагдуулдаг цөөхөн л хүмүүс байгаа юм. Ер нь л аль ч намд үнэт зүйл гэж байхгүй болсон доо.
-Та хоёр ч удаа УИХ-д нэр дэвшсэн. Дахиж өрсөлдөх үү?
-Харан байж л болно доо. Хүмүүс гурав үзэх ёстой л гэдэг юм. Гурав дахиа үзээд алдахад болохгүй ч юм байхгүй л дээ. Гэхдээ харж байж л болно оо.
-Та 2008 оны УИХ-ын сонгуульд нялх биетэй оролцсон. Төрөөд удаагүй эмэгтэй хүн тийм хүчтэй өрсөлдөөнд орно гэдэг бас их зүрх, зориг шаардагдах юм шиг санагддаг. Наад зах нь, ард улаан нялзрай жаахан охин минь байгаа гээд бодоход л?
-Ээжийн маань л ач. Би өглөө гараад л, орой очно. Заримдаа үүрээр харина. Би биш ээж төрсөн юм шиг л байсан. Өдөржин хөхөө саагаад л. Би гэхдээ тэр бүхнийг их хүнд зүйл гэж бодоогүй ээ.
-Ээж тань таныг өлсгөлөн зарласан байхад “Миний охин угаасаа тэмцэгч хүн. Би охиндоо итгэж байна аа” гэж ярилцлага өгсөн байсан. Тэндээс эх хүн хүүхдээ аюултай бүхнээс хол байхыг зөвлөдөг байхад ээж тань “Тэмц” гээд хүүхдүүдийг тань хараад сууж байна гэхээр та хоёрын мөн чанарт адил төстэй зүйл байдаг юм шиг санагдсан?
-Ээжийнхээ ярилцлагыг үзэж амжаагүй л байна. Олж үзэх юмсан гэж бодоод байгаа. Манайхан их шударга хүмүүс. Шударга бус зүйлийг хүлээн зөвшөөрөөд хутгалдаад явж чаддаггүй. Надад үнэхээр энэ үзэл санааныхаа төлөө тууштай тэмцэх боломж олдсон. Заримдаа би, миний гэр бүлийн бүх хүн ар талыг минь даагаад явж байгааг их ховорхон аз гэж боддог. Магадгүй азтайдаа гэхээс илүү цаанаас нь надад энэ их боломж олгоод байна уу гэж боддог. Би ерөөсөө юмнаас хойш сууж чаддаггүй. Гэр бүл тэр чигтээ л миний ар талд хөдөлж байгаа болохоор тэгдэг байж магадгүй. Наана нь ганцхан Уянга гэж хүн харагдаад байдаг байх. Би заримдаа “та нар бүгдээрээ надтай хамт тэмцэж байна” гэж хэлдэг юм. Магадгүй хүн бүрт ингэж тэмцэх боломж байхгүй байж болох юм. Надад бол хувь заяа маань боломж олгосон байна. Үүнийг тэмцэлд зориулах ёстой.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр улс төрд ил, далдаар оролцох сонирхлоо илэрхийлэх тэр үеэр та бүхний тэмцлийн ажил эрчимжсэн. Энэ нь ихээхэн хардлага төрүүлэх шиг болсон?
-Би Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг дахин улс төрд орж ирэх цаг нь болоогүй гэж боддог. Хүмүүс энэ хүнээс яаж салах вэ гэсээр арайхийж нэг саллаа. Тэр хардлага бол шал дэмий хардлага байсан. Улс төрийн зорилгоор л тараасан хардлага. Бид хоёрын дунд ямар ч харилцаа байхгүй. Туслах, зөвлөхөөр нь дамжуулж шүүх энэ тэр дээр л асуудал гомдол хэлэлцдэг байсан байх. Би 2000 оноос хойш уулзаагүй. Хэрэв бидний ард нөлөө бүхий, арай хүчтэй, арай мөнгөтэй хүн байсан бол энэ тэмцлийг арай өөрөөр хийж, амжилтад хүрэх байсан болов уу. Тийм сонирхол байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тийм сонирхолд хөтлөгдөж, хэн нэгний улс төрийн ашиг хонжоо болохыг хүсээгүй юм.
-Та нарт тэр хүний эсрэг тэмцээд өгөөч, түүнийг буулгавал тусалмаар байна гэх мэт захиалга ирэх тохиолдол байдаг уу?
-Улаан цайм тийм санал тавихгүй л дээ. Тийм хандлага, улс төрийн сонирхлоо оруулах гэж ямагт оролддог. Энэ чинь өөрөө улс төр. Хаана ч тэгдэг. Тэр бүхнийг яаж таних вэ, ялгаж салгах уу гэдэг нь тэмцэл хийж байгаа хүмүүсийн мэдэх хэрэг. Бид хэний ч эрх ашигт ороогүй. Энэ тэмцэл нийт монголчуудын эрх ашгийн төлөө байсан. Гэхдээ бидний эрх ашиг хэн нэгэн том улстөрчийн эрх ашиг, санаа зорилготой нэг байвал яагаад нэгдэж болохгүй гэж. Үнэндээ хэл амнаас айгаад тийм хүмүүсийг “Хол бай, хол бай” л гээд байсан. Уг нь том, жижиг хэн ч байсан нэгдээд тэмцвэл илүү сайхан үр дүнд хүрэх байсан. Иймд дараагийн удаад хүчээ нэмж, арай өөрөөр энэ тэмцлийг хийх байх аа.
Г. Отгонжаргал.
Улс төрийн тойм сонин