Ам.долларын бонд гаргахыг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2011.10.30-нд нийтлэгдсэн

Ам.долларын бонд гаргахыг хойшлуулав

Монголын Засгийн газар ам.долларын бонд гаргахаар төлөвлөж байснаа 2012 он хүртэл хойшлуулсан талаар Блуумберг мэдээлжээ. Үүнд,
“Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж буйгаас энэ онд эдийн засгийн өсөлтийг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Монгол банкны захирал асан /2000-2006/ О.Чулуунбат “Олон улсын банкууд Монголын бондын арилжааг ханшаас нь дөрөв дахин их үнээр буюу 200 тэрбум ам.доллараар хийх санал гаргаж байсан” гэж Хонконгийн нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Тэрбээр “Олон улсын хэмжээний томоохон банкууд Монголын Засгийн газарт ам.доллар эсвэл иенийн бондын арилжаа хийх саналаа шууд ирүүлсэн. Монголын Засгийн газар  ирэх жилээс бонд гаргах ажлыг эхлүүлэх байх” гэсэн байв. Хүн амын суурьшил хамгийн багатай Монгол улс байгалийн баялгийнхаа ачаар Азийн нүүрс, зэс, төмрийн хүдэр, уран зэрэг түүхий эдийн хамгийн том нийлүүлэгч болоход ойрхон байгаа юм. Тиймээс ч “Нүүрс болон бусад түүхий эдийн экспортын хэмжээ нэмэгдэж буйгаас эдийн засгийн өсөлтийг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх С.Отгонбат ярьсан байна.

Монголын Засгийн газар 2016 оны эцэс гэхэд 172 сая ам.доллартэй тэнцэх бонд гаргана гэж төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн зургадугаар сард Монголын Засгийн газар хөрөнгө оруулагч банкуудтай хэлэлцээр хийхдээ ам.долларын бонд гаргаж, үүн дээр цахилгаан станц, авто болон төмөр зам байгуулах дэд бүтцийг хөгжүүлэх сангийн өрийн дарахад 700 сая ам.долларын бонд гаргах асуудлыг хэлэлцсэн.

2011 онд Монгол улсад 19 уурхай шинээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөх С.Отгонбат өнгөрсөн лхагва гаригт Хонконгод болсон Монголд хөрөнгө оруулах чуулга уулзалтын үеэр ярьсан юм. Тус уулзалтын үеэр Энэтхэг, Япон, Германы хөрөнгө оруулагчид Монголын газрын ховор элементийг олборлоход хөрөнгө оруулах хүсэлтээ илэрхийлсэн байгаа. Монголын Худалдаа, хөгжлийн банкны ерөнхийлөгч Рэндолф Коппа “Монгол улс Хятадын нүүрсний хамгийн том экспортлогч Австралийг гүйцэж түрүүлсэн. Нүүрсний экспортын хэмжээ эрс өссөнөөр эдийн засгийн өсөлт 65 хувьд хүрсэн” гэж Хонконгод болсон Монголд хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр Сангийн яам сүүлийн гурван сарын хугацаанд 150 сая төгрөгийн бондын арилжаа хийсэн бөгөөд гадаад өрийн хэмжээ  ДНБ-ийн 50 хувьтэй тэнцэж байгаа ажээ.  Түүхий эдийн экспорт сүүлийн таван жилийн хугацаанд арав дахин өссөн ч үндэсний ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ буурч байгаа гэнэ. Монгол Улс дэлхийн ноос ноолууран бүтээгдэхүүний дөрөвний нэг хувийг үйлдвэрлэдэг юм байна. Монгол улсын нэг иргэнд ноогдох ДНБ –ний хэмжээ 3000 ам.доллар байгааг ирэх жилийн эцэс гэхэд 5000 ам.долларт хүргэнэ гэж Хонгконгод суугаа ерөнхий консул Я.Ариунболд Хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр хэлсэн юм. Түүний хэлснээр Монголд ажилгүйдлын хэмжээ 8.7 хувиар буурсан ажээ.

ОУВС-г төлөөлөн Монголд ажиллаж байсан Стивен Барнетт Монголын уул уурхайн салбараас орж ирж буй гэнэтийн их ашгаас болж инфляци энэ онд 15 хувиар өссөн нь Засгийн газар маш богино хугацаанд хэтэрхий их бэлэн мөнгө зарцуулж байгааг харуулж байна. Инфляцийн өсөлт өндөр байгаа нь санаа зовоож байна” гэж Монголд хөрөнгө оруулагчдын уулзалтын үеэр ярилаа гэжээ.

Бэлтгэсэн Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж