
Холливудын нэрт жүжигчин Сильвестер Сталлонегийн гол дүрд нь тоглож буй “The Expendables 2” киноны зураг авалтын үеэр түүний орлон тоглогч амиа алджээ. Киноны зургийг Болгарт авч байсан бөгөөд орлон тоглогч дэлбэрэлтийн зураг авалтын үеэр нас барсан байна. Түүнээс гадна өөр бас нэг орлон тоглогчийн биеийн байдал муу байгаа ба мэс засал хийлгээд байгаа аж. Болгарийн Софи хотоос холгүй өнгөрсөн пүрэв гаригт болсон дээрх эмгэнэлт явдлаас хойш цагдаа нар мөрдөн байцаалт явуулж эхлээд байна. Ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгалтад кино бүтээгчид, цагдаа нартай хамтран ажиллаж байгаа гэнэ. Киноны продюсер амиа алдсан орлон тоглогчийн гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Найруулагч Сильвестер Сталлоне эмгэнэлт хэрэг гарах үед өөр газар зураг авалтын ажилтай явсан байна. Оддын цуглуулга болсон энэ кинонд өмнөх ангид тоглосон алдартай жүжигчид болох Арнольд Шварценеггер, Брюс Уиллис, Дольф Лундгрен, Жет Ли, Чак Норрис, Ван Дамм нар дахин нэгдэн тоглож байгаа юм.
Н.Энх