
Их Британийн дуучин Адель хоолойн өвчнөөс болж энэ оныг дуустал бүх амьд тоглолт, уулзалтуудаа цуцалжээ. Адель вэб сайтдаа хоолойны мэс засалд орохоор болсон талаар бичжээ. Мэс заслын дараа хоолойгоо эдгэтэл амрааж, цочроохгүйн байхыг эмч нар анхааруулсан тул бүх хуваарьт тоглолтоо цуцалсан байна. Харин мэс заслын дараа гам сайн барьж чадвал бүрэн эдгэрэх гэнэ. Эмч нар түүний дууны хөвч цус алдаж байгааг оношложээ. Адель энэ сарын эхээр АНУ-д аялан тоглолт хийх байснаа цуцалсан байна. Дуучин өнгөрсөн есдүгээр сард уушигны хатгаа авч, Их Британи дахь аялан тоглолтоо хойшлуулсан юм. Тэрбээр ирэх сард тоглохоор төлөвлөж байсан авч мөн л цуцлахаас өөр аргагүй болсон гэнэ. Адель шүтэн бишрэгчиддээ хандан “Хоолойн өвчнөөс болоод шаналж, сэтгэлээр унаж байна. Гэвч хоолойгоо үүрд алдахгүйн тулд мэс засалд орохоос өөр сонголт байсангүй” гэж бичжээ. Дуучин Адель өнгөрсөн долоо хоногт “Q” сэтгүүлийн шилдэг эмэгтэй дуучин, шилдэг дууны шагналын эзэн болсон билээ.
Н.Энх