
Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад “Хэрэв барууныхан тус улсын дотоодын асуудалд хөндлөнгөөс оролцвол үүний үр дүн нь газар хөдлөлтийн гамшиг мэт байх болно” гэж сүрдүүлсэн, анхааруулсан мэдэгдэл гаргажээ. Их Британийн “Sunday Telegraph” сонинд ярицлага өгсөн тэрбээр “Барууны хэт их оролцоо Сири улсыг өөр нэг Афганистан болгоно” гэж хэлсэн байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Сирийн Ерөнхийлөгчөөс улс төрийн хэлмэгдэлдүүлэлтийг зогсоох уриалга гаргасны дараа Башар аль-Ассад дээрх мэдэгдлийг гаргажээ. Тус оронд Ерөнхийлөгч Башар аль-Ассадын явуулж буй бодлогыг эсэргүүцэн албан тушаалаасаа огцрохыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөөд долоон сар гаруй үргэлжилж байгаа юм. Өнгөрсөн баасан гаригт цэргийнхэн болон эсэргүүцэгчдийн хооронд гарсан цуст мөргөлдөөний үеэр 40 гаруй хүн амиа алдсан гэж хүний эрхийг хамгаалах байгууллагын ажиглагчид мэдээлжээ. Башар аль-Ассадыг огцрохыг шаардаж, өнгөрсөн гуравдугаар сард эхэлсэн бослого хөдөлгөөний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3,000 гарсан байна. Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассад “Sunday Telegraph” сонинд ярицлага өгөхдөө Барууныхан Сирийг Афганистаны замаар оруулахаар дарамталж байна. Сири улс энэ бүс нутгийн хамгийн идэвхитэй хэсэг. Хэрэв Сириэр оролдож эхэлвэл бүс нутгийг хамарсан гамшиг бий болно. Яг газар хөдлөлттэй адил” гэжээ. Тэрбээр тус улсын аюулаас хамгаалах хүчнийхэн гуравдугаар сараас алдаа дутагдал гаргасныг хүлээн зөвшөөрчээ. Гэвч аюулаас хамгаалах хүчний гол бай ард түмэн биш, алан хядагчид байсан гэж ярьсан байна. Башар аль-Ассад өөрийгөө Арабын ертөнцөд хувьсгалын шуурга дэгдээсэн Араб спринг хөдөлгөөнд Арабын бусад удирдагчдаас өөр хариу өгсөн гэж ярьсан байна. Тэрбээр “Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөснөөс зургаа хоногийн дараа би шинэчлэл хийх санаа гаргасан” гэжээ. Башар аль-Ассад Сирид өрнөж буй эсэргүүцлийн бослого хөдөлгөөнийг лалын шашин болон пан Араб үзлийн хоорондох зөрчил” гэж үзжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн сүүлд гаргасан мэдэгдэлдээ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг тус орны иргэдийн иргэдийн хүсч буй өөрчлөлт шинэчлэлтийн шаардлагыг хүлээн авч, энгийн номхон иргэдийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан байна.
Н.Энх