
Ер нь 2000 оноос хойш хавар болгон хот, дүүргийн дарга нар цагаан бээлий гартаа углаад мод тарин мишээж, байсхийгээд л хэдэн арван километрээр үргэлжлэх хайсыг нь нөгөөгөөр сольж, дараа жил нь ч дахиад л сольдог. Яг л гинжин урвалтай адил ажил үргэлжилсээр 10 жил боллоо. Тэдний суулгасан төө хэрийн сөөг, бут, хайлааснаас арав, таван тохой ургасан нь бийсэн бил үү. Үгүй. Өмнөхөөсөө ч дордсон. Улаанбаатарт байхгvй хагас жил болоод буцаж ирэхэд юм болгон хөгийн харагдаад, тэр дундаа зам талбай, ногоон байгууламжийн оромдог нь нэг л гутмаар харагддаг. Харин “Олон жил ийм хөгийн ажил хийж яваа би ч гэсэн бусдад хєгийн л харагдаж байгаа байлгvй дээ” гэх бодол мөнөөх хотын дарга нар, дүүргийн ТҮК-ийнханд төрдөггүй нь хачирхалтай.
Нийслэлийн Баянгол дүүрэг л гэхэд жил болгон шахуу III, IV хорооллын гол зам дагуух хайсыг сольдог. Жил болгон л мод суулгах байгаа харагддаг. Баянзүрхийнхэн ч ялгаагүй. Байсгээд л хайсаа сольдог, бас мод “ургуулдаг”. Бусад дүүргүүд ч ялгаагүй, хавтгайрсан үзэгдэл. Харин үр дүн гэж ердөө байхгүй. Татвар төлөгч нарын мөнгийг өөрсдөд нь зарцуулж байна гэж тэд хэлэх дуртай. Тэгэх ч ёстой. Гэхдээ жил болгон улс, нийслэлийн төсвөөс хэдэн зуун саяар нь зарцуулдаг энэ мөнгө мод болон ногоорч, цэцэг болон дэлгэрдэггүй нь гайхалтай. Модоо хүүхэд хугалахаас, хүн талхалахаас сэрэмжлэн барьсан хайс нь харин улам өндөр болж байна. Жил болгон тэрхүү хайсын чанарыг сайжруулж, өнгө, будгийг нь өөрчилсөн ч мод ургадаггүй ээ.
Энэ жил ахиад өөрчлөхөөр бэлтгэж эхэллээ.
Хайс солино гэдэг дүүргүүдийн удирдлагуудын хувьд улирлын чанартай томоохон бизнес болохоор тэр. Тиймээс ч энэ талаарх мэдээллийг үхтлээ нууцалдаг. Тэгсэн хэрнээ дүүргийнхээ төлөө ажил хийсэн хэмээн тайлагнаж, иргэдээсээ “кок” авахаа андахгүй.
Иймэрхүү зарлагад татвар төлөгчдийн мөнгөнөөс жилд хэчнээнийг зарцуулагддгийг нь хамтдаа нэг тооцох гээд үзье. Баянгол дүүргийн III, IV хорооллын гол зам дагуух хайсыг “Мон хашаа” компани хийжээ. Чанарын хувьд ширмээр хийсэн учраас төмрөөсөө эдэлгээтэй гэж хэлж болно. Энэ хайсны нэг ам метрийнх нь үнэ 35 мянган төгрөг. Харин III, IV хорооллын замын хоёр талд дөрвөн километр хайс хэрэгтэй. Ингээд тооцвол 140 сая төгрөгөөр III, IV хорооллын хайсыг нэг удаа солиход зарцуулна, багаар бодоход шүү дээ. Тэгвэл жил болгон 2-3-хан ъм газарт ийм их зардал гаргаж байгаа юм чинь хот, дүүргийн хэмжээнд тооцвол хэдэн тэрбумын тооцоо гарахыг та явсан газар бүртээ бодоод үзээрэй.
Багаар бодоход 140 сая төгрөг зарцуулан хийлгэсэн хайсаа Баянгол дүүргийнхэн дахиад л солихоор бүгдийг нь хуу татаад авчихаж. Харин энэ жилийн төмөр хайсны ханш ам метр нь 29 мянган төгрөгтэй байна. Өмнөх хайсыг хэнд хэрхэн өгснийг хэлэх хүн өнөөдөр алга.
Дээр нь моджуулах, зүлэгжүүлэх мөнгөнд зарцуулж буй мөнгөтэй нийлүүлбэл хэдэн айлыг орон сууцаар хангах байсныг бүү мэд.
Хэрэв энэ мөнгийг зөвөөр зарцуулсан бол бид өнөөдөр жинхэнэ утгаараа мод, сөөгөн дунд амьдарч болох л байсан. Хэн нэгэн түшмэдэд энэ мөнгийг захиран зарцуулах эрх олгохын тулд иргэд, аж ахуйн нэгжид санал гаргаж мод тариад ургасан хойно нь мөнгөө ав гэж яагаад болохгүй гэж. Харин ч илүү үр дүнтэй байсан болов уу.
Гэтэл энэ ажлаа цэгцэлж чадаагүй байж 2009-2012 онд Улаанбаатар хотын нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 2007 оны түвшнээс хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьжээ. Шуудхан хэлэхэд мөнөөх үргүй зардал хоёр дахин нэмэгдэж тэд хоёр дахин их ашиг олох нь. Даахгүй нохой булуу хураахын үлгэр гэж энэ. Иймэрхүү байдлаар л бид асуудалд хандаж байна.
Хот, дүүргийг удирдагч нар нvдэнд харагдах ашгаас өөр ямар ч сонирхолгvй, тиймээс тэдэнд юу ч хэлээд нэмэргvй. Тэгсэн хэрнээ гадаадын туршлагаас суралцана гэсэн нэрийдлээр байнга аялна. Ирсэн хойноо хайс солихоос илүү дорвитой хийсэн зүйлгүй. Тиймээс тэдний мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зvйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг төвшний хvмvvс цуглаж ярилцлаа ч нэг нь нөгөөгөөсөө ялгаагүй болохоор хөгжиж, дэвжихэд чөдөр тушаа болохоос өөр нэмэргvй. Телевиз, радио, хэвлэлээр ижилхэн ухаантай, ижилхэн төвшний тэднийг харсаар байгаад иргэд ч шаардлага тавихаа больж сэтгэлгээний хямрал биднийг нүүрлэж байна. Төрийн түшээдэд ч найдах хэрэг алга. Тэд хэрэг нь ирэхээр иргэдийг залхтал гуйж хоргооно. Хашаа хороог нь цэвэрлэж өгөх шахна. Хэргээ бvтсэн хойно таг чиг болно. Хавар ирж байна. Хайлаас, хайсын “тариалалт” ч эхэллээ…
Л.ХАЛИУ