Б.Цэнгэл: Улаанбаатарын ногоон байгууламжийг оросууд 500 мянган хүнд зориулж байгуулсан

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Б.Цэнгэл: Улаанбаатарын ногоон байгууламжийг оросууд 500 мянган хүнд зориулж байгуулсан

МУИС-ийн Ой судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Б. Цэнгэлтэй ярилцлаа
-Төсвөөс жил бүр хотын цэцэрлэгжүүлтэд их хэмжээний мөнгө зарцуулдаг ч үр дүн алга. Энэ юунаас болж байна вэ?
-Жил бүрийн хавар намар энэ асуудал сөхөгддөг. Ногоон  байгууламж яагаад сэргэхгүй байна гэхээр  мод тарих асуудал бизнесийн чиглэл рүү хандсан байна.  Мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө авдаггүйгээс мод тарих технологи алдагдсан. Ямарваа нэгэн модыг уулнаас авчирсан ч бай, суулгасан ч бай арчилгаа маш чухал.  Хотын ногоон байгууламжид уулнаас мод авчирч тарихад тусгай стандарт байдаг. 1,5-2,0 метрийн өндөртэй мод авчирч суулгах ёстой. Мөн гол үндэс, сахлаг үндсийг гэмтээхгүй ухаж авах шаардлагатай.  Манайхан олон жил мод тарьсан хуучин муу хөрсөнд модоо суулгаад услахгүй, арчлахгүй хаяад байна. Модыг суулгахын өмнө нүх шуудуугаа  ханатал нь услаад дараа өдөр нь модоо суулгах ёстой. Ногоон байгууламжийг субботник маягаар хийх биш, нэг хэсэг газрыг тодорхой хүмүүст хариуцуулж өгөөд, зураг төсөвтэй, төлөвлөгөөтэй хийх хэрэгтэй.  Сонсоод байхад энэ чиглэлээр маш олон тэрбум төгрөг төсвөөс орж ирдэг гэсэн. Энэ мөнгийг модоо ч танихгүй хүмүүст өгчихдөг. Ерөнхийлөгч нэг хүн, нэг мод гэсэн уриалга гаргасан. Сайн зүйлд уриалж болно л доо. Харин эргээд хариуцлага тооцдог, шат дараалсан арга хэмжээ, төрийн нарийн бодлого хэрэгтэй.
-Улаанбаатар хотод ямар төрлийн мод хамгийн тохиромжтой бэ?
-Ямар ч мод ургана. Гол нь хөрсөө маш сайн боловсруулж, шинээр хөрс бэлгэх шаардлагатай. Чулуутай, элстэй, хар шороотой янз бүрийн хөрс байна. Хүмүүс сүүлийн үед улиас хайлаас, навчит модыг сайн ургадаг гэж яриад байна. Гол нь  навчит мод арчилгаа бага шаарддаг бөгөөд  өсөлт нь хурдан. Хотын ногоон байгууламжид гацуур, нарс, шинс ,буйлс, гүйлс голт бор, агч зэрэг сайхан цэцэглэдэг, үнэр ялгаруулдаг моднуудыг тарих хэрэгтэй. Ингэж байж л хотын ногоон байгууламж сайхан болно. Цэцэглэдэг модыг ойгоос авчирч суулгах хүндрэлтэй. Тиймээс цэцэглэдэг модыг мод үржүүлгийн газраас аваад та нар өөрсдөө суулга, тариад арчил гэсэн шаардлагыг тавих нь зүйтэй. Цэцэглэдэг мод тарьчихвал цэцгийг нь  хараад хүмүүсийн сэтгэл баясна. Сайхан зүлэг, цэцэг тарьчихвал хэн ч туучаад явахыг бодохгүй. Төгс төгөлдөр, бодлоготойгоор ажиллах шаардлагатай. Ногоон байгууламжид жимс жимсгэний мод л тохиромжгүй. Хүүхдүүд жимсийг нь идэх гээд сүйтгээд байх талтай.  
-Цэцэгт мод гүйцэт ургаад, цэцэглэх хүртлээ хэр хугацаа шаарддаг вэ?
 -Цэцэгт модыг мод үржүүлгийн газарт үрээр нь тарьж ургуулдаг. Тарьснаас хойш  3-4 настайдаа шилжүүлэг даана, тэр үед  хотын ногоон байгууламжинд шилжүүлэн  суулгаж болно. 4-5 настайдаа цэцэглээд эхэлнэ.
-Улаанбаатар хотод хичнээн мод үржүүлгийн газар байдаг?
-Баянхошуу, Дамбадаржаа, Гачуурт, 22-ийн товчоо гээд миний мэдэхийн 6-7 газар бий. Энэ мод үржүүлгийн газар ажилладаг хүмүүс  бүгд мэргэжлийн хүмүүс. Харамсалтай нь хотын цэцэрлэгжүүлэлт дээр төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүс Хятадаас хамгийн хямдхан модыг авчирч тариад, эсвэл ойгоос стандартын бус мод ухаж авчирдаг.  Тендер төсөлд нь үргэлж танил талтай, мэргэжлийн бус хүмүүс ялдгаас хотын ногоон байгууламж бүрэн утгаараа бий болж чадахгүй байна. Мод тарих хугацааг тавдугаар сарын 10-наас, зургадугаар сарын 1 гэж үздэг. Одоо цаг агаарын байдал тогтворгүй байгаа учраас хөрс гүйцэд гэсээгүй, модны  нахиа нь хөөгөөгүй байгаа. Гэтэл энэ хүйтэнд даарч бээрсэн хүмүүс энэ тэнд мод суулгаж л байх юм. Ус, арчилгаа, хүн хүчний асуудал, энэ бүхнээ бэлдчихээд мод тарих ажлыг  эхлүүлэх хэрэгтэй. Заавал хавар  тарина гэх шаардлаггүй, намрын тариалалт ч маш чухал. Есдүгээр сарын 20-ноос арваннэгдүгээр сарын 11 хүртэл намрын тариалалтыг хийж болно.
 -Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа Улаанбаатарын хувьд нэг хүнд хичнээн м.кв ногоон байгууламж ноогдох ёстой вэ?
-Улаанбаатарыг анх оросууд барихдаа 500 мянган хүнд зориулж ногоон байгууламжийг нь байгуулсан. Гэтэл одоо нийслэлд сая гаруй хүн амьдарч байна. Дээр нь барилга барина гээд байгаа ногоон байгууламжуудаа устгаад дуусч байна. Нэг хүнд 24 м кв ногоон байгууламж ноогдох ёстой. Гэтэл одоо манайд нэг хүнд 4,5 м.кв л ноогдож байна. Мэргэжлийн хүний хувьд зөвлөхөд хотын нэг л албан газрын ойр орчныг  хүмүүс үлгэр жишээ авахаар  тохижуулаад, цэцэрлэгжүүлээд өгөх хэрэгтэй. Монголчууд сайн юмыг дуурайх дуртай хүмүүс, аяндаа ойр орчмоо янзлаад эхэлнэ.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж