25 тэрбум хэний гараар оров

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

25 тэрбум хэний гараар оров

Засгийн газар 2005 оноос олон улсын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгээр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга /ОҮИТБС/-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ санаачилгын хүрээнд уул уурхайн компаниудын төлсөн, төрийн байгууллагын хүлээн авсан татварын нэгтгэл тайланг хоёр удаа гарган аудит хийлгээд буй. Өөрөөр хэлбэл авсан, өгснийг нь тулгаж дүгнэлт гаргасан гэсэн үг. Уг ажил салбарын ил тод байдалд ихээхэн ач холбогдолтой болсон ч аудитаар илэрсэн нийт 25 сая 869 сая төгрөгийн зөрүү одоо болтол шийдэгдсэнгүй. Тодруулбал, эхний буюу 2008 онд гаргасан 2006 оны санхүүгийн жилийн тайланд хийсэн аудитаар илэрсэн 25 тэрбум 94 сая төгрөгийн зөрүү шийдэгдээгүй үлдсэн байдаг.
Мөн 2009  онд гаргасан 2007 оны санхүүгийн тайлангаар 775 сая төгрөгийн зөрүү гарсан ч бас л учир нь олдолгүй явсаар өнөөдөртэй золгожээ. Яагаад ийм зөрүү гарсныг тайлбарлаж чадаагүй, тэр их мөнгө хэний гараар орсон нь тодорхойгүй гэсэн үг.

ОҮИТБС-ын Ажлын хэсгийн бүхий л тайлан, хуралдааны тэмдэглэлүүдээс харахад зөрүүний хэмжээ анх бүр ч их байжээ. Хоёр дахь тайлангийн анхны зөрүү л гэхэд 11 тэрбум гарчээ. Үүнээс “Алтан Дорнод Монгол”, “Тун шин” компанийн тайланд 10 тэрбум 792 сая төгрөгийн алдаа гарсан гэж үзээд эцсийн зөрүү нь 775 сая болсон байх жишээтэй. Нэгэнт компаниудын төлсөн гэж тайлагнасан хэмжээ төрийн байгууллагын хүлээж авсан хэмжээнээс ийм их зөрж байгаа учраас зүгээр өнгөрөөж болохгүй нь тодорхой. Асуудлыг шийдэхийн тулд Ажлын хэсгийн ахлагч /Ерөнхий сайдын зөвлөх/ эхлээд хоёр талын тайланд аудит хийсэн “Эрнст энд Янг” компаниас  зөрүүний шалтгааны учрыг олж өгөхийг хүссэн байна. Харин тэд “Бидний гүйцэтгэх ажлын горим нь уул уурхайн салбарт хийгдсэн төлбөр, хүлээн  авсан орлогыг шинжлэх, тулгаж шалгах дан ганц зорилготой болохоос үүссэн маргаантай асуудалд хяналт, шалгалт хийх үүрэггүй” гэж хариулжээ. Гадныхан гүйцэтгэх ажлынхаа чиг үүргийг дэндүү сайн мэддэг хойно арга ч үгүй биз. Харин манайхан хэн нь үүнийг шалгаж нягтлах учраа олохгүй бие бие рүүгээ бичиг цаас шидэлцэн цагаа барсаар сууна.

Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд “Мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан тухайн байгууллагад мөрдөж буй дүрэм, журамд өөрөөр заагаагүй бол хяналт шалгалтыг зохих удирдамжгүйгээр өөрийн санаачилгаар хийж болно” гээд заачихсан болохоор нь ажлын хэсгийнхэн дээрх зөрүүг нягталж өгөхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүссэн байна. Харин тус газрын дарга Я.Содбаатар энэ сарын 6-нд “Манай байгууллага уг шалгалтыг хийх эрх зүйн үндэслэлгүй тул боломжгүй” гэсэн 1/1049 тоот хариу албан бичиг ирүүлжээ. Үндэсний аудитын газар ч мөн уг асуудлыг нягтлах эрх зүйн үндэслэлгүй гэдэг шалтгаанаар татгалзсан хариу өгчээ.
ОҮИТБС гэдэг уг нь олон улсын жишигт нийцсэн томоохон ажил. Гэвч үүссэн нөхцөл байдлыг хэрхэн шийдэх механизмаа бүрдүүлж чадаагүйгээс  эрчимтэй эхэлсэн ажил ийнхүү саатахад хүрч байна. Ёстой л ээж нь эрх хүүхдээсээ залхахдаа аав дээрээ, аав нь ах дээрээ, ах нь эгч дээрээ оч гэдэг шиг юм болж байгаа аж.   
Нээлттэй нийгэм форумын зохицуулагч, Ажлын хэсгийн гишүүн Д.Сэнгэлмаа, “Хоёр удаагийн тайлангийн зөрүүний учрыг яаралтай олохыг бид Засгийн газраас удаа дараа шаардсан. Харамсалтай нь төрийн эрх бүхий ямар байгууллага хянаж шалгах нь тодорхойгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Татварын алба, төлсөн компанийн алинд нь асуудал байгааг бид мэдэхгүй байна” хэмээн ярив. Харин Татварын Ерөнхий газрын Төлбөр хураамж хариуцсан улсын байцаагч Д.Шатар, “Манайхаас Сангийн яаманд өгч байгаа тайланд маргаан гарах ямар ч боломжгүй. Яагаад гэвэл бүгд давхар тайлантай. Дутуу, эсвэл илүү байвал өр, авлага болоод л гараад ирнэ. Ер нь татварт бус, хандив тусламжид л асуудал байдаг юм шүү дээ” гэсэн юм.
Эхний хоёр тайланг нэгтгэж аудит хийхдээ компаниудаас Засгийн газарт төлсөн материаллаг төлбөрийн хэмжээг 200 сая төгрөгөөс дээш тогтоосон. Тийм учраас зөвхөн томоохон буюу харьцангуй цөөн компани хамрагдсан байдаг. Тодруулбал, эхлээд 25, дараагийн жил нь 38 компани л хамрагдсан юм. Харин 200 саяын босгыг бууруулах юм бол хамрагдах компанийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ өгсөн, авсанд гардаг зөрүү ч тэр хэмжээгээр нэмэгдэх магадлалтай. Энэ талыг нь харгалзаад 2008, 2009 оны тайланд 100 саяын босго тогтоож байгаа юм билээ. Энэ ондоо багтааж урьд хоёр оны тайланг гаргахыг хичээж байгаа гэсэн.  Дахиад хэдэн арван тэрбумын маргаан босч ирэхээс нь өмнө түрүүчийн зөрүүгээ шийдчихвэл зүгээрсэн.

Ч.Дашдэлэг.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж