
Ашигт малтмалын газар өнгөрсөн жил лицензүүдийг цэгцлэх их ажил өрнүүлэн, Монгол Улсын 47 сая га газарт 5000 лиценз олгосон байсныг цэгцэлж 4000 болгон, таван сая га газрыг лицензээс чөлөөлсөн гэж тус агентлагийн дарга Д.Батхуяг мэдэгдэж байсан юм. Ингээд гурван сар гаруй лиценз олголтоо зогсоогоод байснаа 2009 оны наймдугаар сараас дахин олгож эхэлсэн. Үүнээс хойш буюу хамгийн сүүлийн мэдээгээр буюу дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар нийт 4706 тусгай зөвшөөрөл олгосноос 3610 нь хайгуулын, 1096 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Хэдийгээр Ашигт малтмалын газрынхан замбараагүй байсан лицензийг харин ч цэгцэлсэн гэж байгаа бол Ерөнхийлөгч лиценз тойрсон асуудал зөрчил төдий биш харин зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй болж байна гэж үзжээ. Ийнхүү сүүлийн нэг жилийн дотор хэрүүлийн бай болсон лиценз олголтыг хоёр дахь удаагаа ийнхүү түр зогсоов. Нэгэнт лиценз олгохгүй болсон болохоор шинээр өргөдөл авахгүй, өмнө өгсөн байсан өргөдөл, сонгон шалгаруулалтын ажил ч бүгд зогсоно гэсэн үг. Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Ашигт малтмалын газраас нийт 20 ордод хоёр сонгон шалгаруулалт зарлаад байсан юм. Одоо ч тус газрын үүдэнд байгаа зарлал ёсоор бол Говь-Алтайн Жаргалант сумын Зост-Өндөр 3, 4 гэх мэт 12-ын ордын сонгон шалгаруулалтад оролцох саналыг дөрөвдүгээр сарын 25 хүртэл авч, 26-нд саналын хайрцгийг задлах байсан юм. Мөн Говь-Алтай, Ховд аймгийн Хөхморьт, Дарви сум дахь Буянт зэрэг найман ордын сонгон шалгаруулалтын саналыг энэ сарын 19-нд задалсан. Тэгэхээр энэ хоёр сонгон шалгаруулалтыг үйл ажиллагаа нь ч зогсоно гэсэн үг.
Тиймээс “Хэдий хүртэл, яагаад зогсоож байгаа юм бол?” гэсэн асуулт гарч ирээд байна. Ерөнхийлөгчийн Тамгын газраас тайлбарласнаар бол лиценз олголтыг нэг мөр цэгцэлж, хууль эрх зүйн орчинг тодорхой болготол лиценз олгохыг зогсоож байгаа гэжээ. Үүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч гэсэн лиценз олгох талаар хууль боловсруулж гаргах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж. Өөрөөр хэлбэл шинэ хууль боловсруулж, баталтал гэсэн үг. Одоогоор хуулийн төслийг ч боловсруулж эхлээгүй байгаа, үүнийгээ УИХ-аар батална гэвэл ойрын үед, наад зах нь ирэх намрын чуулган хүртэл нэг мөр шийдэгдэхгүй нь бололтой. Яг өнөөдрийн байдлаар Ашигт малтмалын газарт томоохон шалгалт хийж байгаа. Өмнө олгосон лицензүүдийг нэг бүрчлэн шалгах гэх мэт том ажил өрнөж байна.
Нөгөөтэйгүүр яагаад ингэж гэнэт яс түс лиценз олголтыг “хаав” гэсэн эргэлзээ төрж байгаа. Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс анзаарах ахул томхон авлига, хээл хахуулийн зохион байгуулалттай хэргийн “үүр уурхай” гэж үзсэн бололтой юм. Тэгэхээр өмнө нь “Авлигатай тэмцэнэ” гэж амлаж байсан Ц.Элбэгдорж томоохон хэргийн “үүр уурхай”-г дэлбэлэх гэж байгаа бололтой.
А.ТУЯА