Тэжээлгэдгээ угждаг гурван тал

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Тэжээлгэдгээ угждаг гурван тал

“Учиртай гурван толгой” гэгчээр гурван талт хэлэлцээрийнхэн ойрдоо гурвалжин маргаантай сууж байна. Засгийн газрыг төлөөлж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, МҮЭ-ийг төлөөлж ерөнхийлөгч С.Ганбаатар, Ажил олгогчдын нэгдсэн холбооноос ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар хэлэлцээрийн ширээний ард сууж үзсэн ч учиртай гурвын ээдрээ одоогоор тайлагдаагүй хэвээр. Хаврын хаварт дэгддэг цалин хөлсний маргааныг энэ удаа эмч, багш нар манлайлж байгаа юм. Тэдний жагсаал цуглаанаас улбаалаад МҮЭ-ийн холбооны удирдлага энэ онд цалин тэтгэврийг 50 хувь, ирэх жил 60 хувиар нэмэх тулгалтыг Засгийн газарт тавилаа. Гэхдээ энэ тулгалт нийт ажиллагчдын 36 орчим хувийг л бүрдүүлэгч төсвийнхөнд хамаатай. Хувийн хэвшлийнхний хувьд нэмсэн цалингийн хэмжээнд хүргэж хөлсөө өсгөнө үү, ажилтнуудаа цалинжуулж чадалгүй дампуурч хаалгаа барина уу гэдэг тулгагч тал болох МҮЭ, тулгуулагч Засгийн газарт нэг их хамаагүй. Гагцхүү ажил олгогч эздийн нэгдсэн холбооныхон л алтан дунджийг олох гэж үйлээ үзэх авч эцсийн бүлэгт хэл ам татлагч төсвийнхөнд нүүр алдахгүй гэсэн нөгөө хоёр талдаа дийлдсэнээр урьд өмнөх хэлэлцээрүүд төгсдөг байв. Одоо ч нэг их ялгаагүй байдлаар гурвалжин маргаан өндөрлөх биз. Ямар боловч Засгийн газар ирэх долдугаар сарны 1-нээс цалин хөлсийг 10 хувь, арваннэгдүгээр сарын 1-нээс 11 хувиар нэмэгдүүлье гэсэн амлалт өгсөн ч эмч, багш нар хүлээн авах боломжгүй гэжээ.
Өнгөрсөн намар 2010 оны улсын нэгдсэн төсвийг батлахдаа төсвийн алдагдлыг таван хувьд барина гэсэн юм. Гэвч цалинг багш, эмч нарын хэлснээр нэмбэл 6,6 хувьд алдагдал очих янзтай болжээ. Инфляцийг бол ярилтгүй. Зөвхөн цагаан сарын өмнө өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд 70 мянган төгрөг Хүний хөгжлийн сангаас олгоход инфляцийн хэмжээ найман хувьд хүрчээ. Уг нь Төрөөс мөнгөний талаар 2010 онд баримтлах бодлогыг батлахдаа энэ оны инфляцийг энэ хэмжээнээс өсгөхгүй гэсэн юм. Гэтэл одоо залуу, идэр насныханд олгож буй 70 мянга, оны сүүлийн хагаст бүх хүнд тараах 50 мянган төгрөг, дээрээс нь төсвийнхний цалингийн нэмэгдэл нийлээд инфляцийг хоёр оронтой тоо руу түлхэх магадлалд хүргээд байна. Багш, эмч нарын аманд унаж хэлснээр нь цалин нэмбэл инфляц 30 хувьд хүрэх ажээ. Хүний хөгжлийн санагас хүртсэн хувь хишиг, төсвийнхний нэмэгдсэн цалинтай нийлээд туйлдсан эдийн засгийг улам л доош татах янзтай.
Хэдийгээр төсөв бүрдүүлэгч татвар төлөгчдийн дийлэнхийг хувийн хэвшлийнхэн эзэлдэг боловч төрөөс бүхнийг нэхэгч төсвийнхний эдэлдэг хангамжийг гүйцээх гэсээр туйлдаж хоцордог нь үнэн. Уг нь төсвийнхний дундаж цалин одоогийн байдлаар хувийн хэвшлийн мөн үзүүлэлтээс 16 хувь дээгүүр гэсэн судалгаа гарчээ. Төсвийнхний цалин, ямбын нэмэгдэл, нэг хүүхдийн сургалтын төлбөр, тэтгэвэрт гарахаар нь олгодог хэдэн жилийн цалинтай дүйх хэмжээний тэтгэмж сэлтийн дийлэнхийг хувийн хэвшлийнхний төлсөн татвараас бүрдүүлдэг. Хувийнханд төрөөс үзүүлэх хангамж, тэтгэмж байхгүй тул арга буюу татварт хураалгадаг хэдийнхээ цаана гэр бүлээ тэжээх талх тарианы мөнгөтэй үлдэхийн тулд ажил үйлчилгээнийхээ үнийг нэмж таардаг. Худалдаа, үйлчилгээний салбар хувийнхны гарт учир төсвийнхний хэмжээнд орлого олохын тулд үнэ ханшаа өсгөснөөр дахиад л төрийн өмчийн байгууллагын ажилтнууд цалин хөлс нэмэхийг шаардаж гурван тал хэлэлцээрийн ширээний ард эргэж суухад хүрнэ. Ийм нэг чөтгөрийн тойрог сүүлийн хэдэн жил тасралтгүй эргэлдэх боллоо.
Цалин хөлсөө нэмэхийг шаардсан талын хүсэлтийг биелүүлэхдээ тулбал улсын нэгдсэн төсөвт гаднаас 52 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авч төсөвт тодотгол хийхээс аргагүй болжээ. Энэ бол Сангийн яамны гаргасан тооцоо.
МҮЭ-ийн холбооноос Засгийн газарт цалин, тэтгэврийг хоёр дахин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас доогүй хувь нэмэх болзол тавиад буй. Энэ нь татвар төлөгчдийн 60 илүү хувийг бүрдүүлэгч хувийн хэвшлийнхнийг туйлдуулах алхам болохыг Ажил олгогчдын холбооныхон хэлж байгаа. Хувийн хэвшлийн ажил олгогчдын дөнгөж 10 хувь нь л энэ болзлыг хангах “чөмөгтэй” байгаа бөгөөд үлдсэн нь ажиллагсадаа халж цомхотгох замаар л үлдсэн хэдэн ажилтнаа хөдөлмөрийн хөлсний шинэ доод хэмжээнд цалинжуулах боломжтой гэнэ.
Тэгвэл энэ гурван тал тэжээдгээ адлаж тэжээлгэдгээ угжиж суух ёстой юу. Нэг нь сүрээр далайлгахаар нөгөө хоёр нь бууж өгөх учиртай юу?
Монгол Улсад 1990-ээд оны эхээр ажил олгогч эздийн холбоо үүсч, гурван талт хэлэлцээр гэдэг ойлголт бий болсон. Ном ёсоороо бол Үйлдвэрчний эвлэл, Засгийн газар, хувийн хэвшлийн эздийн холбоо ижил тэгш эрхтэй. Аль ч нийгмийн үед ажил олгогч, хөдөлмөрчдийн хооронд цалин хөлс, ажлын цагийн маргаан гарсаар ирсэн. Зуун хувь сэтгэлд нийцтэй ажилладаг Засгийн газар ч гэж түүхэнд байхгүй. Харин хөдөлмөрчдийн зүгээс эздийн болон Засгийн газрын буруутай үйл ажиллагааны эсрэг тэмцэж эрхээ хамгаалахын тулд Үйлдвэрчний эвлэлд нэгддэг болсоор 100 илүү жилийн нүүр үзжээ. Тэгэхээр Үйлдвэрчний эвлэл нь төсвийн, хувийн хэвшлийн ялгаагүй бүх ажилтан, ажилчдын эрх ашгийг хангагч байгууллага юм. Тиймдээ ч Засгийн газар, эздийн байгууллагатай хөдөлмөрчдийн эрх ашгийн үүднээс хэлэлцээрт оролцдогоос биш, нэг хэсгийн эрх ашгийг хангах үүднээс нөгөө хэсгийн амьжиргааг муутгаж инфляцийг өсгөж, улсынхаа эдийн засгийг унагах байдалд хүргэж болохгүй ажээ. Хэлэлцээрт ордог гурван тал хүчний тэнцвэрийг бүрэн хадгалж чадахуйц биеэ даасан байдлаар харилцах журамтай. Ингэхдээ Засгийн газрын төлөөлөл болох Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам зохицуулах, зуучлах, эвлэрүүлэх болон арбитрын үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэх учиртай юм байна. Харин дэлхий нийтийн түүхээс үзвэл ажилтнуудын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй Үйлдвэрчний эвлэлийн байгууллага жинхэнэ үүргийнхээ төлөө хурц тэмцэлт зөрчлөөс эхлээд улаан цайм хуйвалдаан хүртэл хийж “нүүрээ хувиргаж” иржээ. Ажилтнуудын эрх ашгийг хамгаалбал ч хамгаална. Засгийн газрын талд орж урваж шарвабал ч шарвана гэсэн үг.
Өнөөгийн манай “Учиртай гурван толгой”-н учраа төсвөө тэжээдэг хувийн хэвшлийнхнийг сөхрөөж, төсвөөс “угждаг” төрийн албатуудыг тойглох янзтай. “Учиртай гурав”-ын тоглолт дуусаагүй ид халуун дээрээ явж байна. Харин гаргасан шийдвэр сэтгэлд нь хүрэхгүй бол багш, эмч нар бөмбөрөө нүдэхэд бэлэн сууцгааж буй. Эрх тэгш гурван байгууллага аль нэгийнхээ далайлтад автах бус, адилхан хэлэлцэж байж шийд гаргах учиртай юм байна, уг номоороо бол. Харин манайд байдал хаашаа эргэхийг одоо хэлэхэд эрт байна.

Д.ОЮУНЦЭЦЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж