МАХН-ын тэрслүү 26 ба С.Батболдын “YES, NO”

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

МАХН-ын тэрслүү 26 ба С.Батболдын “YES, NO”

МАХН-д түүхийн хүрд дахин эр­гэж байна. УИХ-ын гишүүн Д.Арвин, Ч.Авдай, Т.Ганди, Ц.Мөнх-Оргил, Р.Нямсүрэн, Т.Очирхүү, Д.Одбаяр, Л,Одончимэд, Л.Пүрэвдорж, Д.Тэр­бишдагва, Ч.Улаан, А.Цан­жид, Ц.Шаравдорж нарын бүрэл­дэхүүнтэй “Элсний 13” фракц 2007 онд намын дарга, Ерөнхий сайд М.Энхболдод намаа шинэчлэх утга бүхий шаардлага хүргүүлж байв. Тэд Ч.Улаан гишүүний Төрийн ордон дахь өрөөнд үдэш бүр цуглан М.Энхболдыг унагах нууц ажиллагааныхаа талаар хэлэлцэж, МАХН дахь жигүүр, Онц их хурлын төлөө болон “Шинэ эргэлт”, “Улаан сарнай” бүлэглэлийнхнийг нойрноос нь сэрээсэн юм. Улс төрийн тавцанг хүчтэйхэн дор­гиосон эл үйл явц МАХН-ыг наанаа ажин түжин, цаанаа тэмцэлдээн, нанчилдаантай буйг илтгэсэн томоохон алхам байлаа. Н.Энхбаярынхан гэгдэх “Элсний 13” намынхаа ХXIV их хурлын үеэр хотын фракцийнхантай тохи­ролцож, М.Энхболдыг на­мын даргаар сонгосон. Гэвч М.Энхболд намын дарга, Ерөнхий сайдын тамгыг гардаж авмагцаа тэднийг эргэж ч харахаа больж, улс төрийн хүрээн дэх томоохон тоглолт, тохиролцоонуудаас ангид байлгаснаараа зуултад нь өртсөн хэрэг. Түүгээр ч зогсохгүй “Элсний 13”-ынхны өгсөн шаардлагын хариуг өгөхгүй гэдийсэн учир Н.Энхбаярынхан МАХН-ын XXV их хурлыг яаралтай хуралдуулж, түүнийг огцруулахаас өөр аргагүйд хүрч байлаа. Өнгөрсөн 2007 оны аравдугаар сарын 22-нд эхэлсэн тус их хурал “Намрын халуун өдрүүд”-ийг санагдуулам сунжруу хуралдаж, С.Баяр хэмээх кандидатыг МАХН-ын даргаар сонгосон юм.
“Элсний 13”-ынхны тухайд, шинэчлэл нэрийдлээр намын даргадаа шаардлага хүргүүлсэн нь анхны тохиолдол биш. Тус фракцийн нөлөө бүхий гишүүн гэгдэх Ч.Улаан, Т.Ганди нар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Даш-Ёндонд иймэрхүү утгатай уриалгыг 1997 онд мөн л хүргүүлж байв. Тэрхүү уриалгадаа “Намын шинэчлэл удааширч, намын дээд удирдлага, засгийн эрхэнд гарсан хүмүүсийн хувьд улс төрийн ноён нуруу, шинэлэг сэтгэлгээ, бүтээлч уур амьсгал, зарчимч шаардлага илт дутагдлаа. Тиймээс намын их хурлыг хуралдуулах, үзэл баримтлал, бодлогод зохих өөрчлөлт оруулах, намын тэргүүнийг сонгох, Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуульд одооноос бэлтгэж оролцох, дотоод нягтралаа бэхжүүлэх зэрэг асуудлыг хамруулж байна” хэмээн дурьдаж байлаа. Онцлог нь тухайн үед МАХН-ын жирийн гишүүд Ч.Улаан, Т.Ганди нартай хүч хавсарч , энэхүү уриалгад гарын үсэг зурж байсан юм. Тэр цагаас хойш нэг их удалгүй Б.Даш-Ёндон генсекийн албанаасаа чөлөөлөгдсөн билээ.
МАХН-ын шинэ дарга С.Бат­болдын үед тийм цаг үе эргэн тохиолоо. УИХ дахь МАХН-ын бүлгийн нэр бүхий 26 гишүүн намын шинэчлэлтэй холбоотой шаардлагад гарын үсэг зуржээ. МАХН-ын бүлгээс мэндэлсэн тэрслүү гишүүдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Балдан-Очир, Су.Батболд, Х.Бадамсүрэн, Х.Ба­делхан, С.Бямбацогт, Н.Ган­бямба, Ц.Даваасүрэн, Х.Жекей, Д.Загджав, Э.Мөнх-Очир, Ж.Сүхбаатар, А.Тлейхан, Д.Тэрбишдагва, Ч.Улаан Б.Чойжилсүрэн, Ж.Энх­баяр нар оржээ. “Элсний 13” фрак­циас эдний дунд Д.Арвин, Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар ор­сон бол Ц.Даваасүрэн МАХН дахь “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийн ерөнхий зохицуулагч, Н.Ганбямба тус жи­гүүрийг санаачлагчдын нэг. МАХН-ын дарга нарын эрлэг болж байсан шаардлага хүргүүлэх операцийг энэ удаад УИХ-ын гишүүн Н.Ганбямба буухиалан санаачилж, эрхэм гишүүдийг уруу татжээ. Бүр тодруулбал, тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас дээрх гишүүдтэй сэм уулзаж, “С.Баярыг унагах мастер төлөвлөгөө” хэмээн гарын үсэг зуруулж байсан юм байна. Тэд МАХН-ын XXV их хурлын шийдвэртэй холбоотойгоор экс даргаа унагахаар зэхэж байжээ. Учир нь С.Баяр намын дарга болмогцоо “Намын их хурлаас төр, намыг шинэчлэх 13 зорилтыг тунхаглалаа” хэмээн танилцуулсан нь хоёр жилийн дараа түүний хүзүүг ороох шахав. Учир нь С.Баяр биш, С.Батболдод шаардлага гардуулахаар болсон дээрх нөхөд “Намын их хурлаас гарсан 13 зорилтоос “Эх орны хишиг”, иргэдээ сонсох аян л хэрэгжлээ. Бусад нь огт хэрэгжсэнгүй” хэмээж байна. МАХН-ын тэрслүү 26 гишүүний хувьд, боловсон хүчний бодлоготой холбоотой зорилтыг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буй. Тэр тусмаа “Дарга нарын эвийг олж, ая тал засч явдаг хүмүүсийг биш, МАХН шилдэг боловсон хүчнүүдээ нам, төрийн өндөр албанд томилох ёстой” хэмээж байгаа юм.
Тэрс­лүү 26 гишүүн  шаардлагадаа “МАХН-ын XXV их хурлын тогтоолд “Ний­гэмд шударга ёсны зарчим алдагдаж, хүнд суртал, авлига, хээл хахууль газар авч, баян, хоосны ялгаа ихэслээ. Намын боловсон хүчний бодлогын хүрээн дэх гажуудал, шударга бус үйлдлийг таслан зогсоох, намын бүх шатны байгууллагуудад дотоод ардчиллыг бэхжүүлэх, үйл ажиллагааг нь ил тод, нээлттэй болгон шинэчлэх шаардлага хурцаар тавигдаж байна. Намд хямралт байдал үүссэний эх сурвалж нь өмнөх удирдлагын ганцаарчлан захирах ардчилсан бус, улс төр-бизнесийн явцуу бүлэглэлийн эрх ашигт дулдуйдсан үйл ажиллагаанд оршиж байсан” хэмээн дурьдаж “Боловсон хүчний бодлогод үндсэн өөрчлөлт хийх, улс төр, бизнесийн бүлэглэлийн үйл ажиллагааг хязгаарлаж, устган үгүй болгох. Мөн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, лиценз, зөвшөөрлийг эргэн харж, эмхэлж, цэгцлэхийг тогтоолд тусгасан ч хэрэгжихгүй байна. Үүгээр ч зогсохгүй намын дотоод зарчмуудыг өөрчлөх шаардлагатай” хэмээн дурьджээ. Ийнхүү тэрслүү 26 гишүүн буюу УИХ дахь МАХН-ын бүлгийн 50 гаруй хувь нэгдэж, С.Батболд руу чиглэсэн нь нэг хэсэгтээ ажин түжин байсан тус намын дотоод байдал төдийгүй улс төрийн уур амьсгалыг ширүүсгэх төлөвтэй байна. Учир нь “Элсний 13” өмнө нь М.Энхболдод шаардлага хүргүүлсэн нэрийдлээр жигүүр, хөдөлгөөнийхнийг түүний эсрэг дайралтад бэлтгэж, намынхаа XXV их хурлаар удирдлагын аппаратад өөрчлөлт хийхэд нөлөөлж чадсан. Тэр жишгээр дээрх гишүүд хөдөлсөн нь сэжигтэй санагдаад байгаа юм. Учир нь саяхан хуралдсан МАХН-ын Бага хурлын үеэр экс дарга С.Баяр “Намын их хурлыг нэг их удалгүйгээр хуралдуулах хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн. Тиймээс МАХН-ын XXVI их хурал ирэх намар хуралдах төлөвтэй байгаа. Тэр болтол тус намын тэрслүү 26 гишүүн С.Батболдыг шаардлагаар бойкотолж, удирдлагын эрхийг өөрсдөдөө авах тактикийг боловсруулсан нь гарцаагүй. С.Баяр сэжигч, бас хашир кандидат. Тэрбээр энэ тухай эртхэн мэдсэн учраас “гал”-ыг өөрөөсөө холдуулж, С.Батболдод асуудлыг эерэг, зөөлнөөр зохицуулах үүрэг өгсөн. С.Батболдод ч дээрх тактикийг хэрэгжүүлэх бодит хэрэгсэл гарт нь буй. Учир нь тэр Ерөнхий сайд. Том суудалдаа түшиглэж, намынхныхаа зүгээс исгэрэх “салхи”-ны эрчийг сааруулах тактикийг хэрэгжүүлнэ. Тэрбээр С.Баяраас “Миний халааг чи ав” хэмээх үгийг сонсмогцоо хамтарсан Засгийн газраас иргэн бүрт 1.5 сая төгрөг өгөх болсныг ард түмэнд мэдэгдсэн. Тийм ч учраас С.Баяр байхгүй, барих модгүй болчихоод уурлаж буй намын гишүүдийнхээ өмнө намын дарга, Ерөнхий сайдын нэрээр уулзахад улайх нүүр байхгүй гэсэн үг. С.Батболд сүүлийн үед УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүдтэй нэгбүрчлэн уулзаж байгаа. Тэр тусмаа “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийнхнийг хүлээн авч, дипломат маягаар хэдэн үг солин үйл ажиллагааг нь дэмжихээ илэрхийлсэн нь “гал”-ыг хэсэгтээ намжаалаа. Гэвч жигүүрийнхэн түүнийг “Бидний үг, харцны аясаар хөдлөх хүн мөн үү, биш үү” хэмээн сонжсон харцаар харцгааж байна. С.Батболд гэдэг хувь улстөрч биш, Хувьсгалт намын дарга XXVI их хурал, УИХ-ын 2012 оны сонгууль хүртэл намдаа гал авалцуулчихгүйхэн шиг байх их үүрэг хүлээжээ. Гал унтраах тактик нь эрчээ алдвал С.Батболд намын дарга, Ерөнхий сайдын албаа өгөх эрсдэлтэй тулгарна. М.Энхболд, Б.Даш-Ёндон нар шиг хөнтрүүлж, С.Баяр шиг байдалд орох эсэх нь зөвхөн С.Батболдоос л хамаарах асуудал боллоо. Тэрбээр 26 гишүүнийхээ шаардлагад “YES, NO”-ийн алийг нь олонтаа хэлэх вэ. Тэр тусмаа намын өмнөх удирдлага буюу С.Баярын тухай шүүмжлэлд юу гэж хариулах вэ. Энэ бүхэнд хэрхэн хандах нь С.Батболдод томоохон шалгуур болно. Тэрслүү 26-ийн хувьд ч гэсэн түүнийг сонжих гол асуудал нь энэ юм. С.Батболдод МАХН-ын генсек У.Хүрэлсүх, Шадар сайд М.Энхболд хэмээх хоёр түшиц бааз бий. Гэвч МАХН дахь фракциуд түүнийг буланд шахаж, ганцаарчилсан тоглолтод “урьж” байна. Тэгэхээр МАХН-ын шинэ дарга яалт ч үгүй ганцаараа гарч, улс төрийн тоглолтуудаа хийхээс өөр аргагүй боллоо. С.Баярын захисанчлан yes, no-ийн алийг хэнд зориулж, хэдэн удаа хэлэх нь зөвхөн түүний л мэдэх хэрэг. Онцлог нь С.Батболд тэрслүү 26-д хэр олон “NO” гэж хэлнэ, цаадуул нь хамтарсан Засгийн газраас УИХ-д оруулж ирсэн төслүүд дээр тэр хэмжээгээр “NO” гэсэн кноп дарна. Тэр тоолонд хамтарсан Засгийн газар, С.Батболдын нэр хүнд  унах магадлалтай.

С.Баттулга. Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж