“Эмх журамгүй лицензүүдийг цэгцэлж байна”

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

“Эмх журамгүй лицензүүдийг цэгцэлж байна”

УИХ-ын гишүүдийн Засгийн газрын
мэдээлэл сонсох цагаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт
гишүүдийн асуултад хариулж байна. Үүнээс тоймлож дурдвал:

Гишүүн
Ц.Шинэбаяр:
-Өнөөдөр А лиценз 1207 ширхэг байна. Үүнийг 21 аймагт
хуваавал нэг аймагт 60 уурхай, 60 лиценз ногдож байна. Гэтэл 60 уурхай,
60 лицензтэй аймгууд хөгжихгүй байна.  Ард түмэн, аймагт орлого нь
очихгүй цөөн тооны хүний гарт очиж байна. Ухаахудагийн хувьцаанаас
Хонконгийн бирж дээр зарсан тохиолдол гарсныг Хонконгийн хэвлэлүүд
мэдээлсэн байсан. Төр, яам үүнийг анхаарсан уу?

Сайд
Д.Зоригт:
-Уурхай, лицензээс аймгууд ашиг олдог уу гэвэл Монгол Улсын 12
аймаг улсын төсвөөс татаас авахаа больж төсөвт мөнгө өгөх боломжтой
болж байна. Уул уурхайгаар өөрөө өөрийгөө аваад явдаг аймгуудтай боллоо.
Өмнөговь аймаг 65 сая төгрөг өгч байна. Говь-Алтайд төмрийн хүдэр
ашиглаж байна. Эх орон, ард түмэн яриад шударга хүн болоод байвал улс
орон хөгжихгүй. Хорин жил ярьснаараа бол бид одоо диваажинд амьдарч
байгаа. “Энержи ресурс”-ээс, 14 компаниас Петровис, Шунхлай, MCS-ээс
бусад нь гарсан гэлээ. Харин тэр Хонконгийн бирж дээр хувьцаа зарсан
талаар дурдсангүй.

Гишүүн Д.Оюунхорол: -Төр нэг бол хувийн
хэвшлийг дэмжинэ гэдэг. Нөгөө талаасаа хувийн хэвшлийнхнийг хамгийн муу
менежер, олигархи, харамч, луйварчин гэдэг. Монголын төр 20 жилд хувийн
хэвшлийг дэмжсэнгүй. Гэтэл хувийн хэвшлийнхэн өөрөө өөртөө мөнгө олж,
ДНБ-ний 80 хувийг гүйцэтгэдэг болсон. Төр энэ олон замбараагүй лицензийг
цэгцлэх тал дээр анхаарах уу?

Сайд Д.Зоригт: -Наймааны хэрэгсэл болоод байсан лицензийг цэгцэлж байна. Нийт 7000 гаруй лицензээс 3000 гаруй лиценз үлдээд байгаа.

Гишүүн Батж.Батбаяр:
-Тавантолгойг төр авсан нь зөв байсан уу.Төр авсан 96 хувь өнөөдөр яаж
ажиллаж байна. Нөгөө дөрвөн хувь яаж ажиллаж байна. Төр одоо ард түмэнд
өгнө гэж хурааж авсан юмаа өөр компанид өгнө гээд байна. Социализмын үе
шиг нэгээс нь хураагаад, түүнийгээ  нөгөөд нь зарж болох уу. Төр
эзэмшинэ гэж авчихаад нөгөөд зарах гэдэг нь юу вэ. Стратегийн орд гэж
дээрэм байна. Стратеги гээд хамгийн их мөнгө олох зүйлийг төр хураан
авч, бизнес хийнэ гэсэн үг биш шүү.

Сайд Д.Зоригт: -Бид
үйл ажиллагааг хуулийн дагуу хийж байгаа. Ашигт малтмалын хуулийн дагуу
төр ордыг авсан. УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс-Тавантолгой” компанийн
хувцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэгүй эзэмшүүлэх, 10 хувийг
үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр борлуулах, 30 хүртэл хувийг
дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаална гэж заасан. 96 хувь яаж
ажиллаж байна гэвэл энэ жил л гэхэд “Эрдэнэс-МГЛ” компани Хүний хөгжлийн
санд 116 тэрбум төгрөг орууллаа. Эндээс иргэд хүний хөгжлийн мөнгөө авч
байна. УИХ-ын тогтоолоор Тавантолгойн 10 хувийг үндэсний аж ахуйн
нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдана гэсэн. Нэр бүхий гишүүд энэ худалдана
гэж заасан 10 хувийг ард түмэнд нэмж өгье гэснийг Засгийн газар дэмжиж
санал өгөөд байгаа гэв.

Асуулт, хариултын үргэлжлэлийг удахгүй хүргэнэ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж