
Бүлгийн хуралдаанаас дэмжлэг авсан дөрөв дэх хуулийн төсөл бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Энэ тухай тодрууллаа.
-Шүүхийн тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал нь юу байна?
-Монгол Улсад ардчилал шударга ёсыг тогтооё, авлига, хээл хахуультай тэмцье, шүүх болон хууль хяналтын байгууллагын хариуцлагыг дээшлүүлье гэдэг хүрээнд шинэчилсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав танилцуулгадаа хэлсэн. Шүүхийн хараат бус байдлыг хангах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын асуудлыг тусад нь гаргаж тавихаар болоод байна. Сахилгын хороо, Шүүгчийн зөвлөл дээр ч зохицуулалт хийнэ гэсэн хуулийн зохицуулалт орж ирсэн.
-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн үү?
-Өнгөрсөн даваа гаригийн бүлгийн хуралдаанаар бид Сонгуулийн хуулийн хоёр төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Тиймээс өнөөдөр дахин хэлэлцсэнгүй. Гэхдээ энэ долоо хоногт хуулийн төслийг хоёуланг нь байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр дахин ярина.
-Оюу толгойн Төлөөлөн Удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлсөн гурван хүнийг нэр дэвшүлэх тухай ярьж байгаа. Энэ талаар бүлгээр хэлэлцэв үү?
-Эл асуудлыг бүлгээр оруулж хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ цаашдаа амжилттай хэрэгжих, тэр хэмжээгээр манайд хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлэх бүрэлдэхүүнийг Монголын талаас томилох байх.
-Хүүхдийн мөнгийг буцаан олгох асуудал дахин тавигдаж, ажлын хэсэг байгуулсан. Тооцоо судалгаа хийх шаардлагатай гэж байсан, дүгнэлтээ гаргасан уу?
-Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ажлын хэсэг хүүхдийн мөнгийг олгох талаар судалгаа хийнэ. Хэдийгээр төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг тусгаагүй ч УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх бололцоотой. Хүний хөгжил сангийн хүрээнд шийдэхэд хөрөнгийн эх үүсвэрийн шаардлагагүй л дээ.
Г.Дарь