”Зүүн Цанхийн хөрөнгө оруулалт тасалдаж магадгүй” гэжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

”Зүүн Цанхийн хөрөнгө оруулалт тасалдаж магадгүй” гэжээ

“Ройтерс” агентлаг “Монголын холбогдох албаны хүн Тавантолгойн хөрөнгө оруулагчдын сонгон шалгаруулалт удахгүй дуусна гэдгийг баталлаа” хэмээн онцолжээ. Хонконгод болсон “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-ы үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва энэ талаар дурьдаж, ирэх арваннэгдүгээр сард хэлэлцээрийг хийж эхэлнэ хэмээн мэдээлсэн байна. Тэрбээр энэ асуудлыг ойрын гурван сарын дотор шийдвэрлэхгүй бол Тавантолгойн ордын үйл ажиллагаанд бүхэлд нь нөлөөлж болзошгүй байгааг сануулсан байна. Олон улсын хөрөнгө оруулагч компаниудыг Тавантолгойн баруун Цанхийн стратегийн түншээр сонгох ажил хойшилж байгаагаас болоод зүүн Цанхийн хөрөнгө оруулалт ч саатахад хүрээд байгаа юм. Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож магадгүй байгаа Грэм Хэнког мөн “Ройтерс” агентлагт ярьжээ. Түүнээс гадна тэрбээр “Тавантолгойн зүүн Цанхийн IPO-г олон улсын аль Хөрөнгийн бирж дээр хэдийнээс гаргах вэ гэдгийг товлоогүй байгаа” гэсэн байна.

Одоогийн байдлаар Тавантолгойн баруун Цанхийн IPO-ийн менежментийг хийхээр “Голдман Сакс”, “Дойче банк”, “BNP Paribas”, “Macquarie” банк сонгодоод байгаа. Эдгээр банкны төлөөлөгчдийн зарим нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн зах зээлийн нийт үнэлгээ 15 тэрбум ам.долларт хүрнэ хэмээн үзэж байгаа юм. Харин албаны хүмүүс IPO хийх банкуудын тоог хоёроор нэмж магадгүй тухай мэдээлсэн билээ. “Wall street journal” сонинд “UBS” банкны үйл ажиллагаа хүндхэн байдалд орсон тухай саяхан мэдээлэхдээ “Тус банк коксжсон нүүрсний асар их нөөцтэй Тавантолгойн IPO-г амжилттай гаргах эсэх нь эргэлзээтэй байна” хэмээн онцолсон юм. Ямартай ч Тавантолгойн баруун Цанхийн хөрөнгө оруулагчдыг сонгох ажил удааширч байгаа нь гадны хэвлэлийнхний анхаарлын төвд байгаа аж. Тэд “Монголын эрх баригчид гол донор орон болох Япон, Өмнөд Солонгосын компаниудыг сонгохын тулд ийнхүү Тавантолгойн хөрөнгө оруулалтын явцыг удаашруулж байна” хэмээн дүгнэх болж. Харин энэ бүхэн нь зүүн Цанхийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол.

Хятадын “Чайналко” компанийн төлөөлөгчид саяхан гаргасан мэдэгдэлдээ ойрын гурван жилийн дотор Тавантолгойгоос 45 сая тонн коксжсон нүүрс худалдаж авна хэмээн дурьдсан. Энэ бол өнгөрсөн долоодугаар сард “Эрдэнэс МГЛ” компанитай байгуулсан гэрээн дээр үндэслэж гаргасан тооцоо хэмээн тэд тайлбарлажээ. Харин Тавантолгойн зүүн Цанхийн ордыг эзэмшдэг “Эрдэнэс МГЛ”-ийн хувьд өнгөрсөн долоодугаар сард “Чайналко” ком­панитай хамтран таван жилийн хуга­цаатай борлуулалтын гэрээг үзэг­лэсэн юм. Монголын тал “Чай­налко”-оос урьдчилгаа төлбөр 250 сая ам.доллар авч, үүнийгээ төлж дуусах хүртэл нүүрсээ тонн тутмыг нь 70 ам.доллараар худалдахаар бо­лоод байгаа. “Чайналко” компани ч үүнийг ашиглаж, нүүрсний худалдан авалтаа нэмэх төлөвлөгөөгөө та­нил­цуулжээ. Гэхдээ зах зээлийн үнэл­гээ нь ойролцоогоор 10 тэрбум ам.долларт  хүрнэ хэмээн тооцож буй зүүн Цанхийн хөрөнгө оруулалт ба­руун Цанхиас болоод саатах гэж байгаа тухай УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва Хонконгод болсон “Монголын хөрөнгө оруулалтын чуулган”-д оролцох үеэрээ хэлжээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр тэрбээр Тавантолгойн хөрөнгө оруу­лагчдыг сонгох асуудал удааширч, ирэх оны сонгуулийн дараах үе хүртэл хойшилж магадгүй тухай сануулсан байна.

Ямартай ч удахгүй болох сон­гуулийн дуулианаар Монголын улс төр, эдийн засгийн орчин тогтворгүй болж байгаа тухай шинжээчид онц­лох болсныг “Ройтерс” агентлаг мэдээлжээ. Тэд ийм дүгнэлт гаргахад нөлөөлсөн зүйл бол яах аргагүй Оюутолгойн гэрээ юм. 

Т.ЭЛИСА

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж