
Тэдний хувьд А сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа мэдэгдсэн. Журам ёсоор тухайн бөх А сорьцын хариуг хүлээн зөвшөөрөхгүй бол В сорьцыг дахин шинжилгээнд явуулах эрхтэй байдаг. Энэ тохиолдолд В сорьцыг шинжлүүлэх хүсэлт гаргасан хүмүүс өөрсдөө зардлаа хариуцаж, БНСУ-д биеэр очиж, В сорьцын шинжилгээ хийлгэх ёстой ажээ.
Улмаар БНСУ-ын гэрээт лабораторид хандаж, В сорьцыг шинжлүүлэх хүсэлтээ илэрхийлэхэд, аравдугаар сарын 5 гэхэд дээрх хоёр бөхийг БНСУ-д ирсэн байх ёстой гэсэн хугацаа хэлсэн тухай Допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Н.Цогтсайхан хэлж байсан юм. Харамсалтай нь, бөхчүүд заасан хугацаанд БНСУ-д очиж чадаагүй тул түүнээс хойш 14 хоногийн дараа лабораториос мэдэгдэл ирүүлжээ. Тэрхүү мэдэгдэлд нэгэнт заасан хугацаанд хүрэлцэн ирээгүй тул олон улсын лабораторийн стандартын дагуу арга хэмжээ авах тухай дурдсан байна. Улмаар энэ сарын 24-нд Монголын талд хариу илгээж, “Маргааш буюу энэ сарын 25-нд В сорьцыг шинжлэх шийдвэр гаргасан” тухайгаа дуулгажээ. Харин В сорьцын шинжилгээний хариу энэ долоо хоногт багтаад Монголын талд ирэх ёстой юм байна. Улмаар Допингийн эсрэг үндэсний төвөөс шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах комисст хүргүүлэх учиртай. Хэрэв сэргээш хэрэглэсэн нь В сорьцын шинжилгээгээр баталгаажвал Баяр наадмыг зохион байгуулах хорооноос дээрх хоёр бөхөд ямар хариуцлага тооцох эсэхийг шийдвэрлэх юм.