Харин хэсэг хугацаанд завсардаад байсан уг шагналыг 14 жилийн дараа буюу өнгөрсөн 2010 онд АПУ компанийн дэмжлэгтэйгээр дахин олгож эхэлсэн юм. Энэ шагнал жил бүрийн ургац хураалт амжилттай дууссаны дараа тариалангийн салбарын манлайлагчдын сэтгэлийн баясгаж, урам өгдөг. Тэдний амжилтын ундарга болж чаддаг тийм шагнал билээ. Өнгөрсөн жилийн “Алтан түрүү” цомыг шилдэг агрономич, комбайнч, ногоочин, менежерт олгож байсан. Эдгээр төрөлд шалгарсан шилдгүүд хариуцсан аж ахуйн нэгжийн ургац арвин, удирдаж буй аж ахуйн нэгжийнхээ менежмент сайн хийсэн гэсэн шалгуурыг хангасны үндсэнд шилдэг “Алтантүрүү” цомын эзэд болж байв. Энэ жилийн хувьд зургаан аймгийн 17 хүн нэр дэвшсэнээс таван хүнийг хийж бүтээсэн их амжилтыг нь үнэлэн тодруулсан байна.
“АПУ Трейдинг” ХХК-ийн ерөнхий захирал П.Батчимэг
-1988 оноос хойш олгодог байсан шагналыг 2010 онд “АПУ” компани санаачлан дэмжиж өгч эхэлсэндээ баяртай байна. Энэ бол АПУ компани нийгмийн хариуцлагаа салбар бүрт хэрэгжүүлж байгаагийн илрэл юм. Газар тариалангийн талбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа тэдэндээ урам өгөхөд энэ арга хэмжээний гол зорилго оршдог билээ. 2010 онд жил 4 номинацитай байсан бол энэ жил 5 болгосон байгаа. Ингээд нийт шагнал авсан хүмүүс болон газар тариалан эрхлэгчиддээ баярын мэнд хүргэж ажлын өндөр амжилт хүсье.
Гавъяат агрономич Гунгаадорж
-Сэтгэл их сайхан байна. Би газар тариалантай 52 жил хувь заяагаа холбож яваа хүн. Тариа будаа арвинтай сайхан жил боллоо. Сүүлийн 20 жилд гараагүй амжилтыг энэ жил гаргалаа. Нийт 433 мянган тн үр тариа хурааж авсан явдал нь маш том амжилт юм шүү. 14 жилийн дараа энэхүү арга хэмжээг сэргээж байгаа нь бахархууштай юм. АПУ компанийн хамт олонд баярлаж сууна даа.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж. Сауле
-“Алтан түрүү” Газар тариалангийн үилдгүүдийг шалгаруулах ёслолын арга хэмжээг сэргээн зохион байгуулж байгаа Монголын радио, АПУ компанийн хамт олонд баярласнаа илэрхийлье. Сүүлийн 20 жил уналтанд орсон газар тариаланг энэ засгийн газрын үед сэргээсэн юм. Ингээд ойрын үед аваагүй арвин их ургацыг авч дотоодын хэрэгцээний улаан буудайг 100 хувь, хэрэглээний ногоог 60 хувь хангахаар болсонд бид баяртай байна.
“Шилдэг механикжуулагч” Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” компанийн механикжуулагч Л.Батцэнгэл нь жил нь 400-580 га талбайд уриншийн нэг хоёрдугаар боловсруулалтыг чанарын онц үнэлгээтэйгээр гүйцэтгэж ирсэн. Энэ хавар 480-535 га-д тариалалт хийсэн байна. Ингээд СК-5М1 комбайнаар 400-550 га талбайн үр тариа хурааж га-гаас 15,8-21,2 цн ургац хураан авсан амжилтыг үзүүлжээ.
-Шагнал гардан авч байгаа үеийн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцна уу?
Сэтгэгдэл маш их өндөр байна. Халуунд нь халж, хүйтэнд нь хөрч мөр зэрэгцэн зүтгэдэг нийт тариаланчиддаа баяр хүргэе. Аливаа ажил дандаа дардан замаар бүтдэггүй шүү дээ. Тиймээс надад болоод бидэнд тулгарч байсан саад бэрхшээл бүхнийг давсандаа сэтгэл өндөр байна. Мөн энэ сайхан арга хэмжээг зохион байгуулж буй “АПУ” компани, “Ургацын далай” нэвтрүүлгийн хамт олонд баярласнаа илэрхийлье.
– “Шилдэг инженер” Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Буман хангай компанийн инженер Б.Батсайхан нь “Буманхангай” ХХК-ийн захирал. Сүүлийн 13 жилд тус компани нь 350 га-д тариалалт хийж нэгжийн ургац 10-21 цн байлаа. Техник технологийн норм тохиргоог сайн хийсний үр дүнд үр тарианы агро мөрдлөгийг сайн мөрдөж арвин ургац хураажээ.
– Би гэдэг хүн өөрийнхөө төлөө зүтгэж ажиллаж байна гэж ойлгодог байлаа. Олон нийт, нийгэм маань миний хөдөлмөрийг үнэлж энэ сайхан шагналаар шагнаж байгаад би баяртай байнаа. Ингээд төр засагтаа, байгаль дэлхийдээ, биднийг холбогч гүүр болж өгдөг Ургацын далай” нэвтрүүлгийн хамт олон мөн АПУ трейдинг компанийхандаа баярласнаа илэрхийлье.
– “Шилдэг ногоочин” Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-р багийн иргэн Ш.Чулуун-Эрдэнэ нь 2004 оноос ногоо тарьж эхэлсэн. Ингээд жилээс жилд түүний тариалсан талбай, хураасан ургац нь өсөж байлаа. Мөн сумынхаа 5-35 хүнийг түр ажлын байраар хангаж ажилладаг. Энэ жил 119,5 тн төмс хүсний ногоо хураасан амжилт үзүүлжээ.
-Сэтгэл өндөр сайхан байна. Ер нь тариаланч хүн гэдэг маань тариан талбайдаа байж байхдаа л сэтгэл өндөр байдаг юм шүү дээ. Миний хөдөлмөрийг өндрөөр үнэлж энэ том шагналыг гардуулсан явдалд АПУ-гийн хамт олон болон “Ургацын далай” нэвтрүүлгийн хамт олонд баярлаж суунаа.
– “Шилдэг менежер” Төв аймгийн Сүмбэр сумын “Өгөөж сүмбэр” компаний гүйцэтгэх захирал С.Мөнхтүвшин нь газар тариаланг эрчимжүүлэх, сүүлийн үеийн техник технологи нэвтрүүлэх, цомхотгосон технологийг хөрс боловсруулалтанд ашиглах, салхины эвдрэлээс хамгаалж зурваслах зэрэг шилдэг агротехнологийг ашиглаж ургацын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлсэн байна. Тус компаний нэгжийн ургац сүүлийн жилүүдэд дунджаар 16 цн болсон нь улсын дунджаас дээгүүр байна. Түүний удирдсан компани 2004, 2007 онд “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, Улсын хошой аварга хамт олноор шалгарсан байна. Мөн жил бүр 3-18 сая хүртэл төгрөгийн татварыг цаг тухайд нь төлж, компанийн нийгмийн хариуцлагаа сайн биелүүлсэн нь түүнийг шилдэг менежер болгожээ.
– “Алтан түрүү”-гийн эзэн болсондоо би баяртай байна. Энэ шагнал нь зөвхөн миний биш манай компаний хамт олны хөдөлмөрийг өндрөөр үнэлж байгаа явдал гэж ойлгож байна. Ингээд энэ арга хэмжээг зохион байгуулсан АПУ трейдинг компанийхандаа болон Ургацын далай нэвтрүүлгийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье.
– “Шилдэг агрономич” Төв аймгийн Жаргалант сумын “Дэлгэр-Уянга” компанийн захирал Л.Болдбаатар нь зах зээлийн хүнд үед төмсний үрийн бодлогыг алдагдуулахгүй хөгжүүлэхийн тулд 2001 оноос төмсний үрийн аж ахуй эрхэлсэн. Анх удаа Голланд улсын Импалал, Санте, Романо сортын төмсний үр үржүүлсэн байна. Энэ онд төмсний өргөн мөрийн техники технологийг сумандаа шинээр нэвтрүүлсэн. Сүүлийн 3 жилд төмсний нэгжийн ургац 230-280 цн-т хүрсэн бөгөөд 2820 тн төмс хураан авчээ. Тэрээр 2003 онд аймгийн “Ургацын аварга”, 2005 онд Улсын тэргүүний тариаланч хамт олон, 2003, 2005, 2008 онд “Аймгийн шилдэг аж ахуйн нэгж”, 2008 онд голланд төмсөөрөө аймгийн шилдэг бүтээгдэхүүний цол өргөмжлөлийг тус тус хүртжээ. 2010 онд Монголын тариалнчдын Ургацын далай холбооны “Аварга агрономич”-оор шалгарсан байна.
Өнөөдрийн энэ шагнал бол тариаланчдын хөдөлмөрийн үнэлсэн их явдал байлаа. Газар газрын олон хүмүүсээс шалгарч энэхүү нэр хүндтай шагналыг авсандаа баярлаж байна. Би 32 жил агрономич хийж байна. Тэгэхээр 32 намар, 32 хаварыг үджээ. Бидний хувьд ургац арвин жил ч байдаг бас байгал цаг уурын хүнд нөхцөлд алдаж байсан ч жил байдаг юм шүү дээ. Би ХААДС-ийн өндөр үнэлгээтэй төгсөж байлаа. Ингээд их том агрономич болсон гэж өөрийгөө бодож явтал нэг өдөр манай ногоочин надаас зэрлэг ургамал барьчихсан асууж байна. Энэ ямар нэртэй вэ? гэж тэр үед нь би хараад танихгүй байсан учраас санаандаа орсон англи нэр хэлчихлээ. Тэгж өөрийгөө авч гарч байсан юм. Манай ногоочид гэдэг чинь бас мундаг мэдлэгтэй хүмүүс байдаг юм шүү дээ. Түүнээс хойш би зэрлэг ургамлыг хүртэл нэр устай нь таньдаг байх хэрэгтэй гэж боддог юм.
“Шилдэг инженер” Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Буман хангай компаний инженер Б.Батсайхан
“Шилдэг агрономич” Төв аймгийн Жаргалант сумын “Дэлгэр-Уянга” компанийн захирал Л.Болдбаатар
“Шилдэг механикжуулагч” Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Батзол” компанийн механикжуулагч Л.Батцэнгэл
“Шилдэг ногоочин” Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1-р багийн иргэн Ш.Чулуун-Эрдэнэ
“Шилдэг менежер” Төв аймгийн Сүмбэр сумын “Өгөөж сүмбэр” компаний гүйцэтгэх захирал С.Мөнхтүвшин