Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Манай дүүрэг бол гэр хороолол ихтэй, хүн ам олонтой, Улаанбаатарын хамгийн “ядуу” дүүрэг. Шилжин ирэгсэд голдуу шигддэг дүүрэг болохоор ажилгүйчүүд олон­той, ядуус ихтэй. Ядаж байхад Улаан­чулуутынхан хүртэл манай дүүрэгт багтдаг. Ямар сайндаа Эх орны хишгээ авахаар иргэд үүр цүүрээс эхлээд үдшийн бүрий болтол дугаарлах билээ дээ. Хороо хориных нь дарга хүртэл хогны мөнгөний хэрүүл хийгээд явж байдаг гэсэн.

 Харин төвийн дүүргийнхэн огт өөр. Орон сууц ихтэй, оршин суугчид нь боломжийн. Ихэнх нь ажилтай, энд тэндхийн компаниудын захирлууд байх.  Ялангуяа Хан-Уул дүүрэг харь­цангуй баян дүүрэг.  Хаус олонтой, хамер унадаг нөхдүүдтэй гээд л.

Манай нэг найз Хан-Уул дүүргийн нэгэн хорооны Засаг даргаар ажилладаг.  Тэдний хорооныхон бүгд баян.  Гэтэл баян хорооны Засаг дарга маань баларч яваа гэсэн шүү. Ядуу хорооны Засаг дарга ядуусдаа тусламжийн цагаан будаа, халамжийн түлээ түлшний мөнгийг яаж хүргэх вэ гэж толгойгоо гашилгадаг бол баян хорооны дарга эсрэгээрээ. Уг нь баян хорооны Засаг даргад угаадсаа гудамжинд асгалаа гэж хэрүүл хийхгүй, хэн нэгэнтэй  хогны хураамжаа өгсөнгүй гэж хов жив болохгүй нь сайхан ч төсөл, хөтөлбөрөөр ирсэн тусламжийн цагаан будаа, гурилыг хэнд тарааж хийсэн ажилтай болох вэ гэдэг л хамгийн хүнд ачаа болоод байгаа юм байна.

Ямар сайндаа л ядуу хүн байна уу гээд хороо хориныхоо бүх айлаар орж л дээ. Ажилгүй авгай байна, ашгүй дээ гэтэл нь Америкаас ирээд арав хонож байгаа гээд нэг авгай сууж байсан гэнэ.  Нөхөр нь компанийн захирал, эхнэр нь эмч гэх ч юм уу энэ хороонд ажилгүй хүн цөөн. Ажилгүй гээд байгаа нь Америкаас эсвэл Солонгосоос, Англиас ирээд буцах гэж байгаа нөхдүүд.

Мань эрийн хувьд ядуу өрхөд төдөн килограмм цагаан будаа өгсөн,гурил тараасан, төчнөөн өрхийг түлээ түлшний хангамжид хамруулсан гэдэг нэр хэрэгтэй байдаг. Баячуудаа тусламжийн цагаан будаа, гуриланд хамруулалтай нь биш. Тэгээд л бараг ядуу өрх авна гэсэн зар сонин, хэвлэлүүдэд тараах шахуу л юм болоод байгаа бололтой.

Төсөл, хөтөлбөрийн шугамаар ирсэн мөнгөөр гудамж талбай янзлаад, хүүхдийн толгоом бариад өгчихье гэхээр  хөрөнгийг буруу зүйл зарцуулсан хэргээр ажлаасаа авхуулж, асуудал бишдвэл шоронд орж, шонд өлгүүлж магадгүй гэж болгоомжилдог гэсэн.

Тиймээс ядуу өрхийн эрэл суралд хатаад ядарч яваа гэнэ лээ, найз маань. Ямар хэрэг байх вэ дээ. Уг нь хүүхдийн тоглоом барих нь хүүдий гурил тараахаас ч том хөрөнгө оруулалт шүү дээ. Даанч цаанаас нь заавал ядуу өрхөд өг гэсэн мөнгийг нь ямар өөр зүйлд зарцуулчихлалтай нь биш. Хүүхдийн тоглоом барьчихал ядуусын мөнгийг  баячуудын бацаан нарт зарцууллаа гээд зарим хүн зарга шүүлгэ болж магадгүй. Манай Сонгинохайрхан дүүрэгт бол ядуус нь арзайгаад л, архи уугаад ажилгүй хэвтэж байдаг юм. Болдогсон бол тэдэнд л тэр баян хорооны гурил, будааг хүртээмээр. Даанч өөр дүүргийн иргэнд өгсөн байна, өөрийн чинь хамаатан садан уу гээд өөр асуудал мандана шүү дээ.

Яамаар ч юм билээ, баян ба ядуу хорооны зовлонг базаад хольчихдог бол асуудалгүй амар байхгүй юу.

А.Шархүү

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж