Орон нутагт эрх өгчихвөл гишүүд жижгэрч харагдах гээд байна

Хуучирсан мэдээ: 2011.10.28-нд нийтлэгдсэн

Орон нутагт эрх өгчихвөл гишүүд жижгэрч харагдах гээд байна

Сарын өмнө Ховд аймагт “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийг зохион байгуулах үеэр аймгийн Ардчилсан намын дарга Б.Пүрэвдорж хэмээх сүрхий хөдөлгөөнтэй эртэй таарсан юм. Аймгийнхаа удирдлагуудыг ширүүхэн “гөвж” байсан. Мань эрийг намынхаа дарга нартай бас “гөвөлцөхөөр” Улаанбаатарт ирээд байхад нь дахин уулзлаа.  


-УИХ-аар ирэх оны төсвийг хэлэл­цэж байгаа үе таарсан болохоор энэ сэдвээс яриагаа эхэлье. Сүүлийн нэг хоёр жил улс орны төсөв, эдийн засаг тэлээд орон нутагт хийх хө­рөнгө оруулалт ч нэмэгдлээ гээд энд дарга нар яриад байдаг. Ховдод байдал ямар байна, хэлэлцүүлгийн үеэр ч иргэдийн зүгээс сүрхий сүрхий тоо баримтууд сонсогдож байсан шүү?

-Хөрөнгө оруулалт бол мэдээж хийгдэж байгаа. 2010 онд гэхэд Ховд аймагт 16 тэрбум, 2011 онд 32 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төсөвлөгдсөн. Хоёрхон жилийн дотор 48 тэрбум төгрөг зарцуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл үүний үр дүнд Ховдын ард түмний амьжиргаа хоёр дахин нэмэгдсэн үү, үгүй юу. Энэ хөрөнгө оруулалт маань жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх ч юм уу, хүмүүс Ховддоо сайхан амьдрахад зориулагдахгүй байна аа. Улс төрийн нам, эсвэл УИХ-ын гишүүдийн өөрс­дийн “пиар”-аа өсгөхөд л зориулагдаж байна. Энэ жил жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд 800 сая төгрөг төсөвлөж, 94 аж ахуй нэгж зээл авсан байна. Гэтэл хажууд нь дөрвөн тэрбум төгрөгөөр цэцэрлэгт хүрээлэн байгуулна, хэдхэн га газрыг услах суваг татахад найман тэрбум төгрөг зарцуулаад л явж байгаа байхгүй юу. Энэ 12 тэрбум төгрөг Ховдын хөгжилд үр ашгаа өгч, ард иргэдийн амьжиргааг өөд татах уу. Ийм үр ашиггүй төслүүдэд л төсвийн хөрөнгө оруулалтын ихэнх нь яваад, үүн  дээр ажиллаж байгаа хэдхэн хүн л хожоод байгаа байхгүй юу.

-Танай аймаг жишээ нь хэдэн гишүүн, хэдэн улстөрч, бизнесмэнд “хөшөө” босгоод байна. Манай улстөрчид чинь төсвийн мөнгөөр нэг цэцэрлэг байгуулаад, эсвэл хэн нэгэн түүхэн хүнд зориулж хөшөө босголоо гэчихээд доор нь “УИХ-ын гишүүн тэр” гээд өөрийнхөө нэрийг сийлчихдэг болсон байна лээ шүү дээ, хөдөөгүүр явж байхад?

-Төсвөөс хөрөнгө оруулалт хий­чихээд өөрсдийнхөө хөрөнгөөр юм хийчихсэн юм шиг ярьдаг, бичдэг явдал Ховдод ч гэсэн байгаа. Р.Амаржаргал гишүүний тойргийн мөнгө жишээ нь эмнэлэг, сургууль, бизнес инкубаторын төв байгуулах гэх мэт яг тодорхой ажлуудад зарцуулагддаг. Гэтэл нөгөө хоёр гишүүн С.Бямбацогт, Д.Дэмбэрэл нарын мөнгө хаашаа ороод байгаа нь харагддаггүй. Тэр гишүүн тэнд тийм юм барилаа л гэдэг, очоод харахаар төсвийн хөрөнгө оруулалтаар л хийсэн байдаг байхгүй юу.

-Сая Ховдод очиход аймгийн ЗДТГ-ын барилга дээр “Баруун бүсийн тулгуур төв” гэсэн том улаан хаяг хэвээрээ байна лээ. Харин өнөөдөр Ховд аймаг бүсийн төв байх хэмжээнд бусад зэргэлдээ аймгуудаас ялгарч чадаж байгаа юм уу?

-Бүсийн төв болж хөгжих бүрэн боломж нь байгаа, яагаад гэвэл баруун таван аймгийн яг дунд нь оршдог учраас. Дээр нь боловсон хүчний хангалттай нөөцтэй. Тэгсэн хэрнээ зэргэлдээ Увс, Баян-Өлгий аймгаас хамаагүй хөгжил дорой. Яагаад гэвэл хөрөнгө оруулалт нь зөв зарцуулагдахгүй байна шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд лав аймгийн Засаг дарга Г.Нямдаваа Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүд, сайд нартай энэ хөрөнгө оруулалтын асуудлаар нэг ч удаа уулзаагүй. Тэдэн­тэй хамтарч ажиллаагүйгээс аймгийн хөгжлийг хойш татаж байгаа асуудал маш их байна. Хоёр нам хамтарч засаг барьж байгаа. Ховд аймгийн хөгж­лийн төлөө тэдний хэнтэй нь ч уулзаад асуудлаа ярих, шийдүүлэх боломж байгаа. Гэтэл Г.Нямдаваа дарга Сангийн сайдтайгаа, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдтай нэг ч удаа уулзаагүй байгаа юм. Ардчилсан намаас томилогдсон сайд нартай нэгэнтэй нь ч уулзаж үзээгүй. Яг бодлого барьж байгаа хүнтэй нь уулздаггүй, доод албан ажилтнуудтай нь, эсвэл өөрийнхөө намаас томилогд­сон төрийн нарийн бичгийн дарга нартай л уулзаад яваад байдаг. Тийм учраас хаана, юунд хөрөнгө оруулах вэ гэдэг бодлого байхгүй байгаа юм. Хөрөнгө оруулалт оновчтой биш байна. Бүхэл бүтэн аймгийнхаа ойг Засгийн газраас зээл авч хийсэн аймаг Ховдоос өөр байхгүй.

-Аймгийнхаа 80 жилийг үү?

-Тийм. Засгийн газраас 600 сая төгрөгийн зээл авч тэмдэглэсэн шүү дээ. Дээр нь ерээд оноос хойш төсвийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй хоцроодог явдал өнөөдөр анх удаа Ховд аймагт давтагдаж байна.

-Тэр 600 саяыг одоо төсвийн тодотгол дээр нэмэгдэж сууж байгаа аль нэг хөрөнгө оруулалтын төсвөөс л буцааж суутгана биз дээ?

-Тэгж л таарна шүү дээ. Нэг аймгийн ойн баярыг тэмдэглэхэд улсын төсвөөс тусгайлаад ийм их хэмжээний мөнгийг зүгээр өгөхгүй нь ойлгомжтой. Юун хөрөнгө оруулалтын зөв бодлого, төлөвлөлт байтугай ядаж төсвөө зөв гаргаж чадахгүй байгаагийн л нэг жишээ шүү дээ. Бусад аймгууд бол хэвийн л аваад явж байгаа биз дээ. Ийм байдлаар Ховдын хөгжил цаашаа явахгүй ээ.

-Зөвхөн Ховд гэлтгүй, алслагдмал орон нутгийг хөгжүүлэх, эдийн засагжуулахын тулд жишээ нь юу хийх хэрэгтэй гэж бодож байна. “Бүсийн хасагдал” гэж нэг зүйл яригдаад байсан?

-Бүсийн нэмэгдлийн хууль байх нь зөв, би дэмжиж байна. Алслагдсан орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдаа дэмжих ёстой, мэргэжилтэй, сайн боловсон хүчин орон нутагт ажиллах ёстой. Гэхдээ бүсийн нэмэгдэл бүгдэд жигд хүртэх ёстой, зөвхөн төрийн албан хаагчид биш. Ховд аймаг 76 мянган хүн амтай, үүнээс 4530 нь төрийн албан хаагч. Үлдсэн 72 мянган иргэн яах болж байна. Тийм учраас алслагдсан орон нутагт ажил үйлчилгээ эрхэлж байгаа бүх хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх ёстой гэдгийг Ховд аймгийн Ардчилсан намаас санаачлаад яриад явж байгаа. Жишээ нь, НӨАТ Улаанбаатарт 10 хувь байдаг бол Баянхонгорт таван хувь, Ховдод тэг хувь байдаг ч юм уу. Шинээр ажлын байр бий болгож, аж ахуйн нэгж үүсгэн байгуулж байгаа хүмүүст энэ мэт татварын хөнгөлөлт үзүүлээд, бүсийн хасагдал үйлчлээд эхэлбэл Ховдод хөрөнгө хийгээд л эхэлнэ. Бүсийн хасагдлыг зөвхөн татвар дээр биш, банкны хүүн дээр ч хийж өгч болно шүү дээ. Хүү бага, хугацаа урттай зээлээр дэмжээд. Ажлын байр бий болоод, бизнес цэцэглээд л эхэлбэл тэнд хүний амьдрах орчин бий болно шүү дээ.

-Танайх уул уурхайтай юу?

-Хөшөөтийн уурхай, Халзан бүргэдэйн газрын ховор элементын орд гээд сайн ордууд бий. Гэхдээ ихэнх нь үндсэн орд, хөрөнгө оруулалт их шаардагдах учраас одоогоор ашиглаж эхлээгүй.

-Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах асуудал их маргаан дагуулдаг байх аа?

-Стратегийн ордын жагсаалтад оруулна, оруулахгүй гэж ярьдаг л юм. Гэхдээ энд эрх барьж МАН-ын хүмүүсийн л хоорондын тоглоом болоод байгаа шүү дээ. Миний бодол гэвэл Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулдаг байна уу, эсвэл орон нутгийн өмчид нь өгдөг байна уу, ямар нэг байдлаар уурхайн ажил урагшаа л явах ёстой. Уурхай ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ, уурхайг дагасан ханган нийлүүлэлт, жижиг дунд үйлдвэрлэл хөгжих ёстой.  

-Ховд хэзээ хар замаар хоттой холбогдох вэ, үүнийг хөөцөлдөж, санаа тавьж байгаа хүн байна уу?

-ЗТБХБ-ын сайд Х.Баттулгын идэвхтэй шахалтаар баруун аймгуудыг холбох авто замын тендерүүд шаргаруулагдаад, ажлууд нь явж байгаа. Хот руу зам тавьж байна, Баянхонгор-Говь-Алтай, Ховдоос Ховдын Зэрэг хүртэл гээд. Энэ ажил дээр Х.Баттулга сайд маш идэвхитэй ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалт нь хийгдээд дуусчихвал болох байх. Одоо бол Өвөрхангай хүртэл хар зам тавьчихсан байгаа. Өвөрхангайгаас Баянхонгор хүртэл ирэх жил тавиад дуусчих юм билээ. Говь-Алтайгаас зам тавигдаж байгаа. Ховдын Манханаас Зэрэг сум хүртэл С.Бямбацогт гишүүний “Нью прогресс” компани зам тавьж байгаа.
 
-Ховдод хүн ам нь цөөрөөд эзгүйдчихсэн, хооронд нь нэгтгэх шаардлагатай жижиг сумууд бий юу, энэ ажил ер нь хэр дэмжлэг авах бол?

-Энэ талаар ярьж байгаа зүйл одоо хэр нь алга. Уг нь бол жижиг сумдаа нэгтгээд, хүн амаа төвлөрүүлчихвэл зах зээл талаасаа ч, төрийн үйлчилгээг чанартай хүргэх талаасаа ч илүү үр ашигтай. Гэвч энэ тухай УИХ дээр ярьдаг зүйлээ орон нутгийнханд ирээд ярьж байгаа хүн алга. Яг жалгандаа хүрээд ирэхээрээ УИХ-ын гишүүд энэ хүмүүсээс санал авахаа бодоод хэлээ хазаад өнгөрдөг. Ийм л хоёр нүүртэй болчихоод байна. Тиймээс сумдыг нэгтгэх ажил маш хүндрэлтэй.

-Сонгуулийн хуулийн өөрчлөлт дээр орон нутгийн иргэд ямархуу реакцитай байна?

-Сонгуулийг илүү томсгосон тойр­гоор явах юм бол тойрогт хийж байгаа хөрөнгө оруулалтууд ч нэгтгэгдэж зангилагдаад, нэг бодлогоор явах боломжтой гэж л харагдаж байгаа. Яг ард иргэдийн хувьд бол сонгууль ямар тогтолцоогоор явах нь вэ гэдгээсээ илүү шударга яваасай, хүмүүсийн өгсөн санал гээгдэхгүй, үнэн зөв тоолдог байгаасай гэдэг л хүсэл байгаа шүү дээ. Дээр нь манай Ховд аймгийнхны хувьд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо аль болох их байгаасай гэдэг дээр манай эмэгтэйчүүд маш их санаачлагатай ажиллаж байгаа.  

-Яагаад?

-Төрд эрчүүдийн оролцоо хэтэрхий их, давуу байдалтай байна. Үүнээс болоод УИХ дээр мөнгө ярьдаггүй, Тавантолгой, Оюутолгой ярьдаггүй нэг ч гишүүн алга. Гэтэл яг Монгол Улсын ирээдүйтэй холбоотой эрүүл мэнд, боловсрол, хүний хөгжлийн асуудал ярьдаг гишүүд маш бага болсон байна. Энэ тал дээр хамгийн сайн ярих хүмүүс нь эмэгтэйчүүд юмаа гэдэг дээр манай Ховдынхон бол нэг байр суурьтай байдаг.

-Сонгуулийн хуулийн тухай яа­гаад асуусан бэ гэвэл орон нутгаас олон гишүүн сонгогддог байхаасаа илүү орон нутаг нь өөрөө эрх мэдэл­тэй, төсөвтэй байгаад ажлаа зохион байгуулдаг бол илүү хөгжих юм биш үү гэж ярьж эхлээд байгаа. Төс­вийн хууль, УИХ, орон нутгийн сонгуу­лийн хуулиудыг ч тэгж явуулахыг танай намын зүгээс хичээж байна. Орон нутгийхан өөрсдөө үүн дээр ямар бодолтой байдаг бол?

-Өчигдөр Төсвийн хуулийн хэлэл­цүүлэг сонсч байхад нэг гишүүн аймаг­таа 10 сая төгрөгөөр шатрын клуб байгуулах асуудал шийдэж өгөөч ээ гээд УИХ-ын байнгын хороон дээр яриад сууж байна. Ийм жижигхэн асуудал ярьдаг УИХ бидэнд хэрэгтэй юу, эсвэл тухайн орон нутагт нь төсвийн эрх мэдлийг нь өгчихөөд, түүнд ард иргэд өөрсдөө оролцоод, хэлэлцээд “Манай аймаг, суманд яг ийм зүйл хэрэгтэй байна” гэдгээ ярьж шийдээд хөрөнгө оруулалтаа авдаг байх нь үр ашигтай юу. Дөргөн сумын сургуульд 1000 номтой номын сан хэрэгтэй байна, үүнд 10 сая төгрөг хэрэгтэй, эсвэл шатрын клубтэй болье гэдгийг орон нутгийн иргэд ярьдаг, түүнийг нь сумын Засаг дарга нь дээшээ тавьдаг болохгүй л бол УИХ дээр үүнийг яриад сууж байна гэдэг төсвийн хуваарилалт, төсвийн эрх мэдэл хичнээн утгагүй байдалд орсны л нэг жишээ.

-Нэг УИХ-ын гишүүн бүр “Орон нутагт төсвийн эрх мэдлийг нь өгчихвөл Засаг дарга нь идээд дуусчихна, дараа нь бид хэнтэй хариуцлага тооцох вэ” гэж нэг удаа ярьж байсан. Хулгайч л хамгийн түрүүнд “хулгайчийг бариарай” гэж хашгирдаг гэдэг шиг?

-Үүнийг хуулиар зохицуулах бүрэн боломжтой шүү дээ. Өнөөдөр аймгийн засаг дарга, ИТХ-д олгогдсон эрх нь 300 гаруй, үүрэг нь 50 гаруй байгаа. Гэтэл Польшид төрийн албанд ажиллаж байгаа хүн ямар ч эрхгүй, зөвхөн үүрэг хүлээж ажилладаг юм билээ. Манайх тийм болдоггүй юмаа гэхэд эрх үүргийнх нь харьцааг жаахан тэнцвэржүүлээд, “төсвийн мөнгө ашигласан, үр ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн бол тийм хариуцлага хүлээнэ” гэдгийг нь тодорхойлоод өгчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл одоо орон нутагт ямар эрх мэдэл байна, иргэддээ л эрх мэдлээ харуулдаг болохоос биш хүлээсэн үүрэг, хариуцлага гэж алга. Ядахдаа төсвийн эрх, үүргийг нь өгөх хэрэгтэй шүү дээ. Үр ашиггүй хөрөнгө оруулалт хийсэн Засаг даргад хариуцлага тооцдог болчих л хэрэгтэй шүү дээ. Хэрвээ Засаг дарга нь төсвийнхөө эрхийг авчихвал УИХ-ын гишүүн Засаг даргаас жижиг болж харагдах гээд байгаа учраас л гишүүд төсвийн эрхийг орон нутагт өгөхгүйн төлөө үхэн хатан зүтгээд байна л даа. Тиймээс ч орон нутагт аль болох олон мандаттай байх ёстой, тэгвэл орон нутгийн асуудал илүү шийдэгдэнэ гэж яриад байдаг. Үгүй шүү дээ, УИХ-ын гишүүд арай өөр ажил хийх ёстой.

-Ардчилсан намаас зохион бай­гуулж буй “Монгол хүн 2020” хөтөлбөрийн хэлэлцүүлэг, “Нэг Ардчилал” клубээс зохион бай­гуулдаг “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хооронд Ховд аймагт танай намаас ямар ажил өрнүүлж байна?

-Ардчилсан намаас Ховд аймагт “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг хийсэн. Энэ хэлэлцүүлгээр Ардчилсан намаас тавиад байгаа Монгол Улсыг 2020 он хүртэл хөгжүүлэх зорилтыг таван бүлэг асуудал болгон хэлэлцүүлсэн. Түүнийхээ дагуу орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсох, хөтөлбөрт оруулах ажлыг зохион байгуулж байгаа. Ирэх арваннэгдүгээр сараас сумдад энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж эхэлнэ. Орон нутгийн сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулж, хүмүүсийн итгэл аваад ажилласан тохиолдолд Ховд аймагт, сумдад ямар үйл ажиллагаа явуулах юм бэ гэдэг мөрийн хөтөлбөрөө гаргаж ирэхээр Ховд аймгийн Ардчилсан нам ажиллаж байна. Жишээлэхэд Ховд аймгийн Дөргөн суманд ямар асуудал, бэрхшээл байна, юуг нь шийдвэл хүмүүс Ховддоо сайхан амьдрах боломжоор хангагдах юм бэ гэдгийг л ярьж байна.

-Хөдөөнийхөн хот руу нүүж л байна гэдэг. Ховдын хүн амын тоонд хэр их өөрчлөлт орсон бэ?

-2008 оны сонгуулиар 92 мянган хүнтэй байсан юм билээ. 2010 оны жилийн эцсийн тооллогоор 76 мянган хүн амтай гарсан байгаа. Хоёрхон жилийн дотор 16 мянган хүн нүүдэллэсэн байна. Аймаг, орон нутгийн удирдлагуудын хийж байгаа ажил, явуулж буй бодлого бидний цаашдын амьдралд нөмөр нөөлөг үзүүлэхгүй юм байна, ажил орлогогүй хэвээр байх нь ээ гэсэн хүмүүс л орон нутгаасаа дүрвэж, бусад аймаг, нийслэл рүү амьдрал эрэн бэдэрч байгаа шүү дээ. Ийм олон хүнийг Ховддоо амьдрах боломжгүй болтол нь ажиллаж байгаа аймгийн удирдлагуудад Ардчилсан намын зүгээс шүүмжлэлтэй хандсаар ч ирсэн. Иргэд өөрсдийнхөө оршин суугаа газартаа амьдралаа аваад явах боломж нь алга болчихоод байна. Орон нутагт хийж буй  төсвийн хөрөнгө оруулалтууд дандаа дарга нарыг дагасан хүмүүсийн хүрээнд л шингэж байна шүү дээ. Хөрөнгө оруулалтыг дагаад цөөхөн хэсэг бүлэг хүний амьдрал ахуй сайжирдаг, бусад нь огт оргүй хаягддаг нөхцөл байдал бий болсон учраас л хүмүүс орон нутгаасаа дайжиж байна.

-Албан ёсоор ажил эрхэлдэг хүмүүс нь хэдэн хувь юм бэ?

-Аймгаас гаргаж буй албан ёсны статистикаар болохоор ажилгүйдлийн төвшин 1,2 хувь гэж гарч байгаа юм. Хэрвээ ажилгүйдлийн төвшин тийм бага байсан бол хоёрхон жилийн дотор 16 мянган хүн шилжээд алга болох уу? Тэгэхээр аймгийн удирдлагуудын гаргаж байгаа статистик тоо баримт худлаа байна, үнэн зөв мэдээг гаргахаас айдаг болсон байна. Өөрсдийнх нь л энэ олон жил эрх барихдаа явуулж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн шүү дээ. Хүмүүсийн амьжиргаа, эрүүл мэнд, боловсрол гээд төрөөс авах бүх үйлчилгээ дордсон.

Тийм учраас сая Ардчилсан намын гишүүдийн “Нэг Ардчилал” клубээс “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийг Ховд аймагт зохион байгуулсан. Хэлэлцүүлэг дээр манай залуучуудын гаргаж тавьж байгаа зүйл бол ерөөсөө ховдчууд Ховддоо сайхан амьдрах боломжийг иргэн хүн өөрөө бий болгоё, түүний төлөө юу хийх ёстой вэ гэдгийг л маш их ярьж байна. Ховд аймгаас шилжиж буй хүмүүсийн ихэнх нь залуучууд. Энэ залуучуудаа Ховддоо амьдруулах, шийдвэр гаргах төвшинд илүү оролцоотой байлгахын тулд юу хийх ёстой вэ гэдэг мэдлэгийг олгох нь энэ хэлэлцүүлгийн зорилго байсан.

-Ховдод үйлдвэрлэл үйлчилгээ, хувийн хэвшил хэр хөгжиж байна?

-Ерээд оны эхээр манай Ховдын залуус гадагшаа маш их явж бизнес эрхэлсэн. Баян-Өлгийгөөр дамжаад Орос, урагшаа Хятад руу гараад бизнес хийчихдэг, Ховд аймаг бусад аймгаас илүү хөгжилтэй, ард иргэд нь ч илүү санхүүгийн боломжтой болж ирж байсан юм. Ер нь бол Ховдын ард түмэн их хөдөлмөрч, тэмцэгч ард түмэн шүү дээ. Гэтэл өнөөдөр бизнес эрхлэгчид нь бүгд хот руу шилжээд, өмч хөрөнгөө аваад явчихлаа. Энд амьдарвал миний амьдрал ахуй, бизнес хөгжихгүй нь ээ гэж харсан учраас л явж байна шүү дээ. Хүүхдүүд нь хангалттай боловсрол авч чадахгүй байна. Аль нэг улс төрийн намгүйгээр бизнесээ явуулах боломжгүй болж байна. Нэг бол намдаа оруулдаг, үгүй бол бизнесийг нь хаадаг, хавчдаг энэ байдал чинь илүү санхүүгийн боломжтой хэсэг нь орон нутгаасаа дүрвэх, хот руу шилжихэд хүргэж байна. Ховддоо бизнес эрхлээд тодорхой хэмжээний хуримтлал, өмч хөрөнгөтэй болчихсон хүмүүс түүнийгээ аваад гараад явчихаж байна. Энэ нь Ховдын хөгжилд маш ихээр нөлөөлж байна.

-Танай “Нэг Ардчилал” клубын­хэн иргэд, орон нутаг руу нэлээд сайн орж ажиллаж байх шиг байна. Харин намынхаа удирдлагуудтай хэр ажиллаж байгаа вэ? Ирэх сонгуульд олон хүн сойх уу?

-“Нэг Ардчилал” клубийн зүгээс пропорционалийн элементийг түлхүү ашигласан сонгуулийг дэмжиж бай­гаа. Сонгуулийн хуулийг намрын чуулга­наар хэлэлцэж эхлэхийн өмнө бид энэ чиглэлээр нэлээд олон удаагийн улс төрийн акциудыг зохион байгуулсан, намынхаа удирдлагуудад ч шаардлага тавьж, хамтарч ажилласан. Бидний хийж байгаа “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” гэх мэт иргэд, залуучуудад зориулсан үйл ажиллагааг намын удирдлагын зүгээс ч маш сайн дэмждэг. Бид иргэдийг төрд найдах биш, өөртөө илүү найдаж амьдрах, төрөөс гаргаж буй бодлого шийдвэрт аль болох өөрсдөө оролцоотой байх, яаж асуудлаа тавих, шийдүүлэх ямар арга замууд байна гэм мэтчилэн мэдлэгийг иргэдэд суулгахын төлөө явж байгаа. Ер нь Монгол Улсын хөгжлийн бодлого аль болох орон нутаг руу эрх мэдлийг олгох чиглэл рүү л явж байгаа. Тэр эрх мэдлийг хэрхэн ашиглах, үйл ажиллагаагаа өдөр тутам яаж зохион байгуулах юм гэдэг мэдлэгийг хүмүүст олгохын төлөө бид явж байгаа. Ер нь бол залуучуудыг сонгуульд илүү их оруулах бодлогыг Ардчилсан намын удирдлагууд баримталж байгаа гэдэгт бид эргэлздэггүй. Тийм учраас намын удирдлага, нийт гишүүд итгэл үзүүлээд нэр дэвшүүллээ гэхэд тэр итгэлийг даахуйц нэр хүндтэй, хүмүүст хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Энэ ч зорилгоор манай клубээс “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” хэлэлцүүлгийг бүх аймагт зохион байгуулж байна. Одоо 5-6 аймаг л үлдээд байгаа, бусад бүх аймгаар явсан.

Б.СЭМҮҮН

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж