Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөт ажлын хүрээнд цахилгаанаар ажилладаг нийтийн тээврийн хэрэгсэл нэмж үйлдвэрлэхээр “Цэвэр агаарын сан”-гаас 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. БОАЖЯ, ЗТБХБЯ-наас “Цахилгаан тээвэр” компанийн паркийг 30 орчим троллейбус, монбус, дуобусаар шинэчлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд монгол инженерүүдийн ур ухаанаар бүтээсэн есөн дуобусыг ирэх оны дөрөвдүгээр сард үйлчилгээнд гаргахаар болжээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд одоогоор 1000 гаруй тээврийн хэрэгсэл үйлчилж байгаагийн дийлэнх нь утаа ихээр ялгаруулдаг бөгөөд автомашины утаа агаарын бохирдлын 20 хувийг бүрдүүлж байгаа ажээ. Дашрамд дуулгахад, “Замд гарахын өмнө” өдөрлөг маргааш авто тээврийн газрын I байрны гадаа талбайд болох юм байна. Өдөрлөгт 44 тээврийн хэрэгсэл оролцох аж.
Ч.Болор
"Өдрийн шуудан" сонин