Таныг “Болзоонд урья”

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Таныг “Болзоонд урья”

Эгнэсэн шагай шиг шижигнэсэн залуучууд уншигч авхай таныг “Болзоонд урья” гэнэ. Зүрхнээс гарах хөг аялгуу, хэмнэл, мэдрэмж бүрээ танд л зориулахаар тэд таныг мэхийн ёслон урьж байна. Хөгжмийн зохиолч О.Эрдэнэбатын анхны бие даасан “Болзоонд урья” хэмээх тайлан тоглолт Монгол бөхийн өргөөнөө маргааш болох аж. Эрхэм хөгжмийн зохиолчийн сэтгэлээс гарсан аялгуу бүхэн шүлгийн шад бүрийг хөглөн дуу болон эгшиглэж таны сэрэл мэдрэхүйд хүрэх болсоор хэдэн намрыг үдэж. Сэтгэлийн тань гүнд баяр, баясгалан бэлэглэж, уйтгар гунигийг үргээх тэр бүх аялгууг маргааш та сонсч “Өө энэ чинь Эрдэнэбатын хөгжим байсан юм уу” хэмээн нууцлаг нэгэн эрхэмтэй нүүр тулан золгох юм.
Тантай болзох эрхмүүдийг нэрсийг зухас дэлгэвэл П.Идэржавхлан, Э.Төрмандах, Э.Буянмөнх, “Цэцгэн дагина” хэмээн бүсгүйчүүдээ энхрийлдэг Б.Отгонтогтох  зэрэг зохиолын дууны залуу уран бүтээлчид байгаа аж. Ямартай ч алслан холдож буй намрын нэгэн оройг дуу хуураар аргамжин нэгэн үдшийг болзож өнгөрүүлэх боломжийг бүү алдаарай. Дахин сануулахад болзох газар Монгол бөхийн өргөө, уулзах цаг 19.00 гэдгийг бүү мартаарай.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж