Монгол бүсгүйчүүд дэлхийн төвшинд үнэлэгдэх эхний том алхмыг Cosmopolitan Mongolia сэтгүүлийн редакцийнхан хийлээ. АНУ-ын Hearst International Magazines групп дэлхийд нэр хүндтэй олон сэтгүүл эрхлэн гаргадагийн нэг нь Cosmopolitan. Амжилтын оргилд тэмүүлсэн бүсгүйчүүдийн найз гэдгээр нь цэнхэр гарагийн хүүхнүүд Cosmo-г сонгож уншдаг. Дэлхийн 100 гаруй улсын 120 сая хол давсан уншигчидтай Cosmo сэтгүүл хэвлэгдэн гардаг Австрали, Америк, Англи, Энэтхэг зэрэг дэлхийн олон улсад уламжлал болсон нэг арга хэмжээ бий. Тэр нь Fun Fearless Female awards. Бритни Спирс, Бионсе гээд дэлхийн нэр хүндтэй оддын гардан авсан цом энэ сарын 25-нд монгол бүсгүйчүүдийнх боллоо. Cosmopolitan сэтгүүлээс зохион байгуулдаг энэ нэр хүндтэй авардсыг Cosmopolitan Mongolia-гийнхан зохион байгуулсан юм. Ivy ресторанд болсон Fun Fearless Female awards шилдгүүдийг нэг дор цуглуулж чадсан.
Хүндэтгэлийн ёслолыг “Инээмсэглэл”-ийн Н.Ганхуяг, хөгжмийн золхиолч Б.Долгион нар хөтөлсөн. Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгын модерн бүжгийн хос, дуучин Б.Баярцэцэг, Ч.Цэлмүүн, Ц.Хулан, Black and white, Motive хамтлагийнхан авардсын зочдод мэндчилгээ хүргэсэн. Cosmopolitan сэтгүүлийн редакциас дуучин, жүжигчин, businesswomen, модель, мэйк ап артист, хөтлөгч, зохиолч, sportswomen, дизайнер зэрэг есөн төрөлд 50 эмэгтэйг нэр дэвшүүлээд байсан юм. Шилдэг эмэгтэйг Facebook, мэссэжээр санал авч тодруулсан. Сонирхуулж хэлэхэд 20000 гаруй хандалт иржээ. Шилдэг зохиолчоор “Ногоон нүдэн лам” номын зохиогч Ц.Оюунгэрэл, шилдэг загвар өмсөгчөөр Д.Пүрэвсүрэн шалгарсан. Sportswomen-ий номинацид холимог тулааны Монголын анхны эмэгтэй тамирчин Э.Болормаа, businesswoman-ий номинацид “Таван косметикс”-ын гүйцэтгэх захирал Ч. Батсайхан хамгийн олон санал авчээ. Шилдэг хөтлөгчөөр UBS телевизийн нэвтрүүлэгч Г.Оюунцэцэг, шилдэг дизайнераар Cosmopolitan сэтгүүлийн fashion редактор Б.Халиун, шилдэг дуучнаар Ч.Ану, шилдэг make up artist-аар Э.Эрдэнэсувд нар тодорсон. Cosmopolitan сэтгүүл дэлхийн 60 гаруй оронд албан ёсны хувилбартай билээ. Монголд өнгөрсөн оны сүүлээр албан ёсны хувилбартай болж анхны дугаараа гаргасан юм.