“Эко лекц”-тэй Music Video Awards-ийн үдэш

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

“Эко лекц”-тэй Music Video Awards-ийн үдэш

Соёлын төв өргөөний үүдэнд Г хэлбэрийн ногоон хивс засчээ. Эргэн тойронд нь хурц гэрэл гялбаж, үзэгчид хоёр талаар нь цуглажээ. Хаяахан нэг гялалзсан хар машин ирж, рок попын уран бүтээлчид ногоон хивсээр алхсаар Соёлын төв өргөө рүү орж байх юм. Гадаах хүйтнийг ажрахгүй зогсох бяцхан охид бал, цаас барин хайртай дуучныхаа гарын үсгийг авчих санаатай, хацар нь улаачихсан зогсоно. Даанч хэн ч гарын үсэг авч чадсанүй. Хамгаалагчид гэх айхтар том биетэй хар хослол өмссөн ааш муутайхан залуучууд охидыг айлгаж, загнаад явуулчихна. Гэсэн ч тэд тайзны арын хаалганд нэг очиж, буцаад л нөгөө хивсний дэргэд ааш муутай хамгаалагчийнхаа хажууд дахиад л хүрээд ирнэ…

Жил бүр рок попын уран бүтээлчдийн шилдэг видео клипийг шалгаруулдаг “Mongolian Music Video awards-2011” наадам ийнхүү ногоон хивсний ёслолоор эхэлж байна. Яагаад ногоон хивс вэ? гэж гайхаж байгаа биз. Энэ жилийн наадмыг зуун хувьд экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “UFC” групп ивээн тэтгэж байгаа юм билээ. Тиймээс ногоон хивсний ёслол хийж, уран бүтээлч, үзэгчдийг ч ногоон өнгөөр гоёхыг уриалсан. Гэвч цөөн тооны уран бүтээлчид л ногоон өнгөөр гоёсон харагдана лээ. Гадаадын том, том наадмууд улаан хивсний ёслолоо маш цэгцтэй, зохион байгуулалттай, хүмүүст гарын үсэг өгч, зургаа авахуулах орон зай, сэтгүүлчдэд яриа өгөх хэсгийг хүртэл бодож хийдэг юм билээ. Харин Монголд одоохондоо энэ соёл нэвтрэх болоогүй бололтой. Ногоон хивсний ёслол нь нэг иймэрхүү…
Танхимд үзэгчид суудалдаа тухалжээ. Уран бүтээлчид ч ялгаагүй урилгын суудалд сууцгааж байна. Анзаараад байх нь ээ, энэ жилийн наадамд рок попын “акулууд” ирсэнгүй. Өнгөрсөн жилийн наадмуудад Т.Ариунаа, “Никитон”-ы Бачка, Д.Болд, Б.Сарантуяа гээд л үзэгчдийн хайрлаж, хүндэлдэг олон уран бүтээлч ирж байсан санагдана. Тэгтэл энэ жилийн “Mongolian Music Video Awards-2011” наадамд “Харанга” хамтлаг, Гавьяат жүжигчин Б.Дашдондог гээд л болчихов. Гэхдээ “Харанга” хамтлаг тайзнаа дуулаагүй ээ, тэд “Эргэх учрал” хэмээх шинэ дуундаа “Lemon” студиэр клип хийлгэж, нээлтийг энэ үдэш хийсэн юм. Мэдээж дуу нь ч, клип нь ч үзэгчдийг догдлуулж, баярлуулсан. Үдшийн хамгийн гоё хэсэг нь байсан. Бас нэг сэтгэл догдлуулсан тоглолт нь “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ болон “Royal Beat Crew” хамтлагийн хамтарсан Монгол ардын дууны хэсэг байв. Ч.Мөнх-Эрдэнийг Монголын ятга хөгжмийн “хатан хаан” гэж нэрлэдэг нь бас учиртай. Тэр ятга хөгжмийг ёстой л нэг уйлуулж, дуулуулж, инээлгэж, бүжиглүүлж чаддаг хөгжимчин. Биширмээр, бахархмаар. Ятга хөгжмийг beatbox-той хослуулан сонсоход бас л сонирхолтой санагдав.
Энэ жилийн наадамд 50 гаруй студи, продакшны 160 гаруй клип өрсөлдөж, 15 номинацид шилдгүүдээ тодруулсан. Энэ жилийн одод нь “Sweetymotion” хамтлаг, “Hero Entertainment”-ийн уран бүтээлчид байв. Тэд гурван ч номинацийн эздээр тодорсон юм.
Ингээд та бүхэндээ шилдгүүдийг танилцуулья.
•    Шилдэг санаа
"Моханик" хамтлаг "Будагчин" – “Khagan Films” студи
•    Шилдэг продюсер
"Sweetymotion" хамтлаг "You’re So Sexy"-Б.Чинбат /продюсер/
•    Шилдэг найруулагч
Дуучин Д.Болд- "Хээрийн салхитай аялгуу"-“Hero entertainment” найруулагч Б.Баатар
•    Шилдэг зураглаач
“Lemon” продакшн, Л.Лхагвадорж "Киви" хамтлагийн Ука- "Би нислээ"
•    Шилдэг зураач
"Sweetymotion" хамтлаг "You’re So Sexy"-“Hero Entertainment” зураач н.Бат-Эрдэнэ
•    Шилдэг график эвлүүлэг
"3 охин" – "Hot disco"-“Hero entertainment” зураглаач н.Мөнх-Очир
•    Шилдэг дебют
"Uvertura" хамтлаг "Цагийн аяс"-Анир студи
•    Шилдэг дүр бүтээлт
"Sweetymotion" хамтлаг "You’re So Sexy"
•    Шилдэг имиж бүрдүүлэлт
"Anemone" хамтлаг- "Хаврын хайр"
•    Олны таашаалд нийцсэн клип
Бажи хамт Ч.Цэлмүүн-"Хол зай"-“Lu Entertainment”
•    Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
Дуучин Д.Болд- "Хээрийн салхитай аялгуу"-“Hero entertainment”
•    Хип хоп  хамтлаг дуучдын шилдэг клип
"Ice Top" хамтлаг- "Харьд байгаа Монголчууд"-2016 студи
•    Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип
"Моханик" хамтлаг "Будагчин"-“Khagan Films” студи
•  Сонирхогчдын шилдэг видео клип
"L-Boys" хамтлаг – "Хайрлах хүсэл"-А.Билгүүнжаргал
•  Электро хөгжмийн шилдэг клип
"Catwalk" хамтлаг – "One night stay"-“Wanted” студи

Тайзнаа Бажи, Цэлмүүн хоёр “Хол зай” дуугаараа үзэгчдэд бэлэг барьсан. Олны таашаалд нийцсэн шилдэг клипээр шалгарсан тэдний уран бүтээл нийт 10794 хүний санал авсан гэсэн. Мэдээж залуусын дунд хит болоод байгаа энэ дууны зохиогч нь Бажи. Түүний анхны бие даасан цомгийн эхний дуу нь “Хол зай” байсан. Гарсан даруйдаа хит болж, шагнал хүртсэнд урамшсан Бажи “Илүү гоё уран бүтээл хийж, үзэгч, сонсогчдыг баярлуулах”-аа амласан.

Үзэгчдийг хамгийн ихээр гайхашруулсан үзүүлбэр нь арваад жилийн өмнө “River Sounds” клубт алдарт Хьюстоны дууг дуулж, олны танил болсон н.Мишээл гэх дуучин байсан. Арваад жилийн өмнө л гялалзсан, үзэсгэлэнтэй, хүчирхэг хоолойгоороо олныг байлдан дагуулж байсан дуучин бүсгүй яг л тэр хэвээрээ, огтхон ч өөрчлөгдөөгүй, тайзыг эзэгнэж, үзэгчдээс харамгүй алга ташилт хүртсэн. Энэ гайхалтай дуучны хоолойг сонссоны дараа “Extacy” гэх охидын шинэ хамтлагийн дууг сонсоод урам хугарах шиг л болсон. Тэд саяхан гаргасан “Чам руу” гэх цоглог хэмнэлтэй дуугаа тайзнаа ам барьж дуулснаар танхимд суугаа үзэгчдийн инээдийг хүргэж, өөрсдөө ч эвгүй байдалд орно лээ.

Энэ өдөр анхны шагналаа авсан олон уран бүтээлч байсан. Тэдний нэг болох “Киви” хамтлагийн Ука өөрийн бие даасан цомогт багтсан “Танго” дуун дээр бүжиглэж, чамгүй сайн бүжигчин болохоо харуулсан. Тоглолт Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн “Охин” дуугаар үргэлжлэв. Тэрбээр энэ дуугаа гитарчин Өөжгийтэй хамтран дуулсан. Түүнийг дуулж байхад “Охин” дууных нь клип дэлгэцнээ гарч, үзэгчдийг багагүй хөгжөөсөн. Мэдээж олон жилийн дараа хуучны клипийг үзэх үзэгчдэд сайхан санагдсан биз. Хийлч Дээгий “Жалам хар”-ыг хийлийн нарийн хөгөөр эгшиглүүлж, хөтлөгч Г.Анхбаяр, реппер Quiza-гийн алиа марзан яриа гээд л энэ үдэш ерөнхийдөө инээд хөөрөөр дүүрэн өнгөрсөн. Харин  хоёр хөтлөгч байсхийгээд л ивээн тэтгэгч экологийн цэвэр бүтээгдэхүүний талаар ярих нь үзэгчдийг залхаасан. Ямар сайндаа л “Харанга”-ын Чука “Эко лекц” хэмээн нэрлэж байхав. “Эко лекц”-тэй “Mongolian Music Video Awards-2011” наадмаас энэ жил хоёр хамтлаг анхныхаа шагналыг авч, “Киви”-гийн Ука бие даасан уран бүтээлээрээ анхны шагналаа хүртэж, “Sweetymotion” үдшийн эзэд байж, Б.Баатарийн “Hero entertainment” шилдгээр тодорч, “Моханик” хамтлагийн “Будагчин” дуу хит болсон гээд сонирхолтой үдэш байлаа.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

М.Дөлгөөн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж