
Харин энэ жил Үндэсний өгөх өдрийн хүрээнд гурван ажил хийхээр төлөвлөжээ. Одоогоор хүмүүнлэгийн ажилд 31 сая төгрөг цуглаад байгаа гэнэ. “Wisdom” фильм продакшны хамт олон Үндэсний өгөх өдөрт зориулан дэлгэцэнд гараад удаагүй байгаа “Бодлын хулгайч” киноны дээжийг буюу бүтэн долоо хоногийн орлого болох 20 орчим сая төгрөгийг хандивлажээ. Түүнчлэн “Мэргэн” бизнес групп 10 сая төгрөг хандивласан бол хүний эрхийн хуульч М.Ичинноров нэг сая төгрөгөөр тусалжээ.
Үндэсний өгөх өдрийн үйл ажиллагаанд цугларсан мөнгөнөөс 20 сая төгрөгөөр нь 25 дугаар тусгай сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад хичээлдээ ирж, буцахад нь дөхөм болох үүднээс том оврын автобус бэлэглэх гэнэ. Мөн бөөрний дутагдалтай Г.Баттөр гэж залууд БНСУ-д хийлгэх эмчилгээний зардалд нь тусламж болгон 10 сая төгрөгөө зарцуулахаар хэвлэлийн бага хурлын өмнөхөн шийдсэн тухайгаа “Өгөх өдөр” ТББ-ын гишүүн, Үндэсний өгөх өдрийн үйл ажиллагааны зохион байгуулагчаар ажиллаж буй жүжигчин Б.Амарсайхан дуулгалаа. Мөн тэрбээр “Арваннэгдүгээр сарын 1 хүртэл хугацаа байгаа учир хэрвээ бидэнтэй нэгдвэл, илүү олон ажил хийхээр төлөвлөсөн” тухайгаа ярьсан юм.
Г.Даша