Гуравдугаар сарын 2 | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.03.01-нд нийтлэгдсэн

Адуагийн тулалдааныг дүрсэлсэн Этиопн ардын зураг

Адуагийн дэргэд Италийн цэргийг ялсаны (1896) ойг гуравдугаар сарын 2-нд Этиопод тэмдэглэдэг. Энэ тулалдаан нь орчин үеийн олон мянган хүнтэй армийг задгай тулаанд африкчуудын дийлсэн анхны ялалт нь байсан юм. Европчуудын Абиссини гэж нэрлэдэг байсан Этиоп XIX зууны сүүлчээр африкчуудын цорын ганц тусгаар улс байлаа. Цөөн тооны колонитай Италийн Засгийн газар Африкийн бүрэн хуваалтаас хоцорно гэж айгаад яаран тийшээ оржээ. Яаран сандран зохион байгуулсан 20 мянган хүнтэй Италийн корпус Адуагийн дэргэдэх тулалдаанд ялагдсан байлаа. Этиопчууд амьд хүчээр италичуудаас тав дахин их байсан ба тэдний сайтар зохион байгуулсан тагнуулын ажиллагаа италичуудын хөдөлгөөний талаар сайн мэдэж байснаас гадна их буучдын гал нь Италийн корпусын төв хэсгийг бут ниргэсэн байна.

 

Тулалдаан 1896 оны гуравдугаар сарын 1-нд Адува (Адуа) хотын ойролцоо эхлэн орой нь дуусчээ. Ялагдагсадыг мөрдөн мөшгөх ажиллагаа нь өглөөний зургаан цаг хүртэл явагдсан ба хэдэн мянган италичууд олзлогдсон байна. Бүрэн ялалт дөрөөгийн өдөр нь ирсэн учраас этиопчууд ялалтын баярын ойгоо 2-ны өдөр тэмдэглэж иржээ. Уг ялалт африкчуудад цагаан арьстнуудыг ялж болно гэдгийг харуулсан сэтгэл санааны томоохон өөрчлөлтийг авчирсан байна.

Өдрийн ишлэл

Бидний дуррог хирс гишгэлнэ
Бидний смокваг бич тасдана,
Цагаан тэнүүлч италичууд
Цаад бич, хирснээс ч дор.

(Николай Степанович Гумилев. Абиссинийн цэргийн дуу)

 

Цэргийнхнийг амьтнаар зүйрлүүлэх нь тэр цагийн Этиопын үг хэлэх урлагийн залшгүй хэсэг нь байв. Итали довтолсон тухай ард түмэндээ негус (Абиссинийн хаан эсвэл ван) II Менелик бичихдээ: “Дайсан тасралтгүй урагшлан сохор номин мэтээр манай газар нутаг ба манай ард түмнийг хэмэлж байна” гэсэн байв. Тэрээр “Би өөрийн дэргэд миний бүх дайчдыг харахыг хүснэ. Үүнийг мэдтүгэй!” гэсэн үгээр өөрийн тунхагаа төгсгөсөн байлаа.

Үйл явдал

1796 он. Наполеон Бонапарт Италид явуулах цэргийн ажиллагааны Францын армийн командлагчаар томилогдов. 1795 оны аравдугаар сарын 5-нд (вандемьер сарын 13) Парист гарсан роялистуудын үймээнийг хайр найргүй дарсан нь түүнийг дээрх тушаалд томилох гол шалгаан болсон байна. 1796-1797 онуудад Италид явуулсан кампаниар түүний жанжны авъяас тодорсон юм. Оросын генералисмус Александр Суворов залуу франц генералаас Европт цахируур хагалах хүн тодорч байгааг анхлан олж хараад “Хол алхаж байна. Залуугийн аагийг дарах цаг болжээ!” хэмээн хэлсэн гэдэг.

1831 он
. Оросын агуу яруу найрагч Александр Сергеевич Пушкин Москагийн Их Вознесенийн сүмд Наталья Гончароватай  гэр бүл болох ёслолоо хийлгэв. Пушкин 31-иэй, Гончарова 18 настай байлаа. Бөгж солилцох үеэр Пушкины бөгж унасан ба дараа нь түүний асаасан лаа нь унтрав. Түүний царай нь цайгаад “Өнгөрлөө. Муу ёр” гэж хэлсэн гэдэг.

1
912 он. 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Хятад улсын түр Ерөнхийлөгчөөр сонгогдсон, хаант засаглалын эсрэг 1911-1913 оны Хятадын хувьсгалын лидер Сунь Ятсен хар тамхины үйлдвэрлэл ба хэрэглээг хориглосон зарлиг гаргалаа. “Хар тамхи өөрийн хороор Хятадыг 100 жилийн турш хордуулан баян ба ядуусийг үл ялган өөрийн хөнөөлөө Хятад даяар тарааж байна… Хэрэв үүнд төгсгөл тавихгүй бол манай бүх ард түмэн мөхнө. Энэ хорлолын үр дагавар нь ямар ч дайсны довтолгоонтой эн зэрэгцэхгүй…” гэж түүний зарлигт өгүүлсэн байлаа.

1931 он Михаил Сергеевич Горбачев Ставропольийн хязгаарын Привольное тосгонд төржээ. 1947 онд тариа хураалтад комбайнаар өндөр ургац авсан гэж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 16 насандаа шагнагдаж байжээ. 1950 онд дунд сургуулиа төгсгөөд Москвагийн Ломоносовын их сургуульд хуульчийн мэргэжлээр суралцан төгссөн байна.  1952 онд Зөвлөлтийн коммунист намын гишүүн болов. 1955 оноос Ставрополийн хязгаарт прокуророор ажиллаж эхлээд дараа  комсомолын ажилд шилжсэн байна. 1962 оноос тэрээр намын ажилтан болсон ба 1985 оны гуравдугаар сард Зөвлөлтийн коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон байна. Тэр үеэс Брежневын зогсонги үе дуусч “өөрчлөлт шинэчлэлийн үе” эхэлсэн байна. Гэвч тэр нь “социализмыг төгсжүүлэх” зорилготой байжээ. Горбачев анхлан архидалтын эсрэг өргөн кампанийг эхлүүлэн согтууруулах ундааны үнийг нэмэн  усан үзмийн талбайнуудыг устгасан юм. Тэр нь найруулсан архи хэрэглэхийг идэвхжүүлсэн сөрөг үр дагавартай байлаа. 1986-1987 онуудад Горбачев нийгмийн амьдралын ардчилал ба ил тод байдлын кампанийг явуулсан байна. 1989 онд Зөвлөлтийн түүхэнд анхны харьцангүй чөлөөт сонгууль болов. Ардын депутатуудын их хурлаар нийгмийн олон хөдөлгөөний хурц зөрөлдөөн гарсан ба тэр хурал дээр М.Горбачев ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн даргаар сонгогдсон байна. Шинэчлэл хийх Горбачевын санаачлага нь Зөвлөлтийн нам-төрийн системийн эсэргүүцэлтэй тулгарч түүний эрх мэдэл Улс төрийн товчоон дахь хүчний харилцаанаас хамааралтай байлаа. Түүний санаачлагаар Зөвлөлтийн цэргийг Афганистанаас гаргаж, түүний оролцоотойгоор Берлины хана нуран хоёр Герман нэгдсэн юм. 1990 онд тэрээр Парис хотноо Европын орнууд ба Канад, АНУ-ын удирдлагын хамт “Шинэ Европын харти”-д гарын үсэг зуран 1940-өөд оны сүүлчээс 1990-ээд он хүртэл үргэлжилсэн “хүйтэн дайны үеийг” төгсгөжээ. 1989 оноос Зөвлөлтийн улс төрийн системийн бутралт хүчээ авч бараг бүх холбооны улсууд нь тусгаар тогтнолоо зарлав. Тэр үеэр Зөвлөлтийн анхны Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Михаил Горбачев Оросын холбооны улс тусгаарласны дараа Зөвлөлтийн Ерөнхийлөгчийн эрх мэдлээ татан буулгаж буйгаа 1991 оны арванхоёрдугаар сарын 25-нд зарласан юм. 1992 оноос хойш тэрээр нийгэм, эдийн засаг ба улс төр судлалын Горбачев санг толгойлж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж