Шивээхүрэнгийн замыг төрд шилжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Шивээхүрэнгийн замыг төрд шилжүүлнэ

Шивээхүрэнгийн замыг 17 жилийн дараа төрд шилжүүлнэ

Өмнөговийн Нарийн сухайтын нүүрсний ордод “Чинхуа Мак-Нарийн сухайт”, “СаусГоби сэндс”, МАК зэрэг томоохон компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр компани нүүрс экспортлох болсоор багагүй хугацаа өнгөрч буй. Өдгөө өдөрт 500 орчим хүнд даацын машин урд хил рүү нүүрс зөөж байгаа тул зам тавих асуудлыг яаравчлах шаардлагатай болсон юм. Тиймээс тендер зарлах замаар Нарийн сухайтаас Шивээхүрэнгийн боомт хүрэх хатуу хучилттай замыг тавихаар болсон бөгөөд шалгаруулалтад “МТВ” түншлэл ялалт байгуулжээ. Өчигдөр тус түншлэлтэй Төрийн өмчийн хороо албан ёсоор гэрээ байгуулсан юм. Энэ үеэр ТӨХ-ны дарга Д.Сугартай ярилцлаа.

-Шинэ зам тавьснаар уул уурхайн салбарт, тэр дундаа экспортод сайнаар нөлөөлөх нь тодорхой. Ашгийн нар­ийн судалгаа хийсэн үү?

-Өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн түншлэл буюу Концессийн тухай хуулийг баталсан. Үүний дагуу хэд хэдэн ажил эхлүүлсний нэг нь энэхүү замыг тавих асуудал. Энэ нь 47 км, дөрвөн эгнээ бүхий том зам барих бүтээн байгуулалтын ажил. Зам барьснаар экспорт нэмэгдэхээс гадна, байгаль экологийн өндөр ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа юм. Энэ ажлыг хийх зардал, хөрөнгө оруулалтыг төсвөөс шууд гаргах боломж хязгаарлагдмал. Тиймээс тендер зарлахад олон компани саналаа ирүүлсэн. Бид тэдгээрээс хамгийн найдвартай, шинжлэх ухааны үүднээс хийсэн тооцоо, ТЭЗҮ боловсруулсан учраас МONNIS-ыг сонгосон.

-Хөрөнгө оруулалтыг хэр хугацаанд нөхөх бол. Төрд хэзээ шилжүүлэх вэ?

-Замыг хоёр жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулна. Ашиглаж эхэлснээс хойш 17 жилийн дотор оруулсан хөрөнгөө нөхөх тооцоо гаргасан. Түүнээс хойш төрд шилжүүлэх юм. Тиймээс энэ ажлыг төрд ашигтай гэж үзэж буй. Учир нь экспортыг нэмэгдүүлэхийн тулд дэд бүтцийг яаралтай шийдвэрлэх асуудал тулгарч байгаа.

-Энэ онд концессийн гэрээгээр гүйцэтгэх ажил үүнээс өөр бий юү?

-Шивээхүрэнгийн боомтын зам хоёрдахь том төсөл. Ойрын хугацаанд дараагийн төслийн ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна. Концессийн гэрээг төсөөлөхөд хялбар мэт. Төрөөс тендер зарлангуут хөрөнгө оруулагчид өөрсдөө хүрч ирээд ажлыг шуурхай гүйцэтгэх төдийгөөр ойлгож болохгүй. Гэтэл нийгэмд үзүүлэх нөлөө, эрсдэл зэргийг маш нухацтай тооцоолох ёстой. Төсөлд оролцохыг хүсэх хувийн хэвшлийнхэн маш олон. Тэдгээрийн санал, төсөлтэй бид танилцаж, ашиг, аюулгүй ажиллагааны нарийн судалгаа хийсний үндсэн дээр шалгаруулдаг. Хамгийн гол нь эрсдлийн үнэлгээг гаргах шаардлагатай. Хүмүүсийн мөнгөөр хөрөнгө оруулалт хийчихээд эцэст нь ашиггүй, аль аль тал нь эрсдэл хүлээхээр нөхцөл үүсэхийг үгүйсгэхгүй. Энэ онд хийх концессийн гэрээний дагуу саналаа ирүүлсэн компани олон байна. Бүх эцсийн байдлаар, маш чанартай, бүрэн гүйцэд судалгаа хийсэн, ТЭЗҮ гаргасан нь ч цөөнгүй. Эдгээрээс сонгоно гэхээр бас л хэцүү. Тиймээс хугацаа их орно. Дараагийн том гэрээ бол Тавантолгой-Ханбогд-Хангимандал чиглэлийн 400 километр замыг тавих ажил.

-Зам ашигласны татварыг хэрхэн тогтоож байгаа вэ?

-Тухайн компани бүх эрсдлийг дааж, хөрөнгө оруулалт, барилгын ажлыг хийж байгаа учраас тарифыг ч тогтоох эрхтэй. Үүнд төрөөс ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Өнөөгийн зах зээл, эдийн засаг, эрэлтийн судалгаагаар нэг тонн ачаанд 1500 төгрөгийн татвар ногдуулахаар тооцоолсон байна билээ.

-Хүчин чадлын хувьд хэр ачаалал даах зам барих бол?

-Бидний тооцоолсноор энэ замаар жилд 40 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.

-Төр, нийгэмд ирэх аш­гийн талаар ярилаа. Тэгвэл энэ замыг тавьснаар гүйцэт­гэгч компани хэр ашиг олно гэж тооцоолсон бэ?

-Мэдээж эрсдэл өндөртэй байна. Гэхдээ замыг ашиглаж эхэлснээс хойш 17 жилийн дотор зардлаа нөхөхөөс гадна, тодорхой хэмжээний ашиг олох байлгүй. Ер нь эрсдэл өндөртэй ажил шүү дээ.

-Шивээхүрэнгийн боом­тыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах гэхээр Хятадын тал хариу өгөлгүй ажил уяж буй гэх яриа бий. Энэ асуудал хэр ахицтай байгаа вэ?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Хятадын тал цаанаасаа замаа тавьчихсан. Манайхыг л хүлээж байсан юм. Тиймээс экспорт, боомтын хүчин чадалд санаа зовох зүйлгүй.

Г.Амартүвшин

"Өдрийн шуудан" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж