АН-ын удирдлага “Нэг ардчилал”-ынхныг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

АН-ын удирдлага “Нэг ардчилал”-ынхныг дэмжинэ

“Нэг ардчилал” клубын гишүүн залуустай Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг  нар уулзаж, санал бодлоо солилцсон юм. “Нэг ардчилал” клубын ерөнхий зохицуулагч М.Батчимэг уулзалтыг нээж “ Шийдвэр гаргах түвшинд залуус болон эмэгтэйчүүдийн оролцоог хангах талаар идэвхтэй ажиллаж байгаагаа дурдаад, намын мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр өөрсдийн бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа”-гаа илэрхийлэв.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Сонгуулийн өмнө амладаг, дараа нь мартдаг тогтолцоог өөрчлөхийн тулд ирээдүйгээ харсан “Монгол хүн-2020” хөтөлбөрийг санаачлан зохион байгуулах ажилд залуусын хүч оролцоо хувь нэмрээ оруулж байгааг онцолж, цаашид “Нэг ардчилал” клубынхэнтэй байнга уулзаж, хамтран ажиллана” гэж амлалаа.

Мөн Сонгуулийн хууль болон бусад тулгамдсан асуудлын талаар санал солилцсон юм. Сонгуулийн хуулийг шинэчлэх асуудалтай холбоотойгоор тус хуулийн ажлын хэсэгт 360 санал ирсний 100 нь Сонгуулийн ерөнхий хорооноос, үлдсэн 260 нь Ардчилсан намын  гишүүдээс иржээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг дээрх саналуудыг хуулинд тусгуулахаар ажиллаж байгаа гэж хэллээ.

 Ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэх намын хүсэл зориг, чадамж намын дотоод ардчиллаар хангагдана гэж Ардчилсан намынхан үздэг. Ардчилсан намын дэргэд олон сонирхлын бүлгүүд төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Тэдгээр байгууллагууд улс орноо хөгжүүлэхэд сурсан мэдсэнээ зориулах, итгэл үнэмшлээ тодорхойлохын тулд үзэл бодлоо уралдуулах, олон нийтэд мэдээлэл түгээх зэрэг олон төрлөөр үйл ажиллагаагаа явуулдаг.

Монголын үндэсний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялгийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх үндсэн зорилго нь тэднийг нэгтгэдэг бөгөөд тус тусын чиглэлээр нийгэм, иргэдийн анхаарлыг татах ажлууд санаачлан зохион байгуулсаар байгаа юм.

Тухайлбал,  Ардчилсан намын дэргэдэх “Нэг ардчилал” клуб олон нийтэд зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Тус клубын гишүүд ирэх жил УИХ-ын сонгууль болохтой холбоотойгоор “Шударга сонгууль-хариуцлагатай улс төр” хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт Ардчилсан намын гишүүд дэмжигчид, Ардчилсан залуучуудын холбоо, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг төрийн бус байгууллагууд идэвхтэй оролцсон байна.  Ардчиллыг сонгох уу, эрх мэдэлд дулдуйдсан хөрөнгөтнүүдийн цөөнхийн засаглалыг сонгох уу гэдэг маш хариуцлагатай сонголттой тулгараад буй тул  Сонгуулийн өмнө иймэрхүү олон нийтийг хамарсан, олон нийтийн санаа бодлыг сонссон хэлэлцүүлгүүд маш чухал байгаа аж. Тус клубээс мөн “Иргэнд суурилсан хөгжлийн яриа” уулзалт хэлэлцүүлгийг аймаг дүүргүүдэд зохион байгуулжээ. Энэ долоо хоногт Дорнод, Говьсүмбэр аймагт 10 дахь хэлэлцүүлгээ зохион байгуулах юм. Сонгууль, иргэний, улс орны хувь заяаны асуудлуудыг шийдэхийн тулд нам, УИХ, иргэдийг холбоход энэ арга хэмжээнүүд зохих үр дүнгээ өгч эхэлжээ.

Улс төр, эдийн засгийн ийм эгзэгтэй байдалд хүрээд байгаа энэ түүхэн сонголтыг  жилийн өмнө ардчилсан намын залуус үзэл бодол, үнэт зүйлсийнхээ төлөө өөр өөрсдийн боломжийн хэрээр нэгдэн иргэдэд, нийгэмд хандсан арга хэмжээг зохион байгуулж байгааг Ардчилсан намын удирдлага сайшаан, дэмжихээ илэрхийлсэн юм.

Г.Дарь 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж