Хуралдаанаас тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, ялтнуудын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл зөв байна хэмээн үзсэн юм. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас нарт оноосон хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж дүгнэн, тэнсч, тус бүрийг нэг жилийн хугацаагаар хянан харгалзах шийдвэр гаргасан билээ. Уг хэрэгт анхан болон давж заалдах шатанд улсын яллагчаар нийслэлийн Прокурорын газрын мөрдөн шалгах нэгдүгээр хэлтсийн дарга Ё.Сагсай оролцсон. Түүнийг хяналтын шатны шүүх хуралд оролцуулахгүй байх саналыг яллагдагчдын өмгөөлөгчид шүүх бүрэлдэхүүнд тавьж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсан юм. Прокурор Ё.Сагсай хоёр шатны шүүх хуралд яллах байр суурьтай оролцсон учир хяналтын шатны шүүх хуралд оролцуулах шаардлагагүй гэж үзсэн байна.
АТГ-ын дарга нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 2-2.4 жилийн хорих ялыг тэнсч, хянан харгалзахаар болсон Дээд шүүхийн шийдвэрийн талаар нийслэлийн Прокурорын газрын мөрдөн шалгах нэгдүгээр хэлтсийн дарга Ё.Сагсайгаас зарим асуултад хариулт авлаа.
-АТГ-ын дарга нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хуралд таныг оролцуулсангүй. Өмгөөлөгчид нь яагаад таниас татгалзсан юм бол?
-Хяналтын шатны шүүх хуралд Улсын ерөнхий прокурорын газраас хяналтын прокурор оролцдог. Хоёр шатны шүүх хуралд яллагчаар оролцсон ч хяналтын шатанд оролцохгүй байж болно. Шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн гаргасан саналыг хүлээж авсан бол би хүндэтгэх ёстой. Ер нь шүүх хуралдаанд улсын яллагч яллах байр суурьтай л ордог, гэхдээ хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд. Энэ журмаар л явсан.
-Дээд шүүхээс гаргасан хорих ялыг нь тэнсч, хянан харгалзах шийдвэрийн талаар та ямар бодолтой байна вэ?
-Энэ бол шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Дээд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Дээрх хүмүүсийн хэрэг хүндэвтэр гэмт хэрэгт ордог. Гэхдээ ялыг биеэр эдлүүлэхгүй байх боломж хуулиндаа бий. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд тэнсэх гэсэн заалт байгаа. Үүнд “Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсч, нэгээс таван жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно. Тэнсэгдсэн ялтан шүүхээс тогтоосон хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, засарч хүмүүжсэнээ харуулсан бол шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхгүй” гэж заасан. Энэ заалтыг үндэслэн шийдвэр гаргасан болов уу. АТГ-ын дарга нарын хувьд төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажиллагааны хууль зөрчсөн, бусдын нэр хүндийг гутаасан гэсэн зүйл ангиудаар буруутгагдсан. Эдгээр зүйл ангиудад тодорхой мөнгөн торгууль байхгүй. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нэр төр гутаасан гээд мөнгө нэхэмжлээгүй, зөвхөн нэр төрөө сэргээхийг хүссэн шүү дээ.
-Д.Сундуйсүрэнгийн өмгөөлөгч Ц.Монгол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Ерөнхий шүүгчид хандана гэж байсан. Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэх өөр эрх зүйн боломж бий юу?
-Дээд шүүхийн шийдвэр эцсийнх гэж хуулиндаа заасан. Гэхдээ ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Дээд шүүхийн шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзвэл 30 хоногийн дотор Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь хуулиар нээлттэй. Энэ дагуу Ц.Монгол өмгөөлөгч Ерөнхий шүүгчид хандана гэсэн болов уу. Үүнээс гадна Дээд шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл Ерөнхий прокурор 30 хоногийн дотор эсэргүүцэл бичих эрхтэй гэж заасан байдаг.