Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн
Хятадад хөдөлмөрийн хөлс 21.7 хувиар өсчээ
Хятадад хөдөлмөрийн хөлс улам нэмэгдэж буйг судалгаа харуулсан байна. Тус улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас явуулсан судалгаагаар есдүгээр сарын эцсээр дундаж цалин 21.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Инфляцийн халуурлаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаатай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт ажээ. Өртөг нэмэгдсэнээр Хятад дэлхийн хамгийн хямд үйлдвэрлэгч орон байхаа болих юм. Дээрх судалгааг Хятадын 31 мужид явуулсан байна. Хонконгтой зэргэлдээ орших Шенжень хотод дундаж цалингийн хэмжээ хамгийн өндөр, нэг сард 1320 юань буюу 207 ам.доллар байгаа ажээ. Харин Бээжинд нэг цагийн хөдөлмөрийн хөлс хоёр ам.доллар байна. “KPMG” судалгааны төвийн мэдээлснээр Хятад дахь хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ Зүүн өмнөд болон Өмнөд Азийн орнууд дахь хөдөлмөрийн дундаж хөлстэй харьцуулахад дөрөв дахин их ажээ. Н.Энх