Нийслэлийн гишүүд лобби хийсэн ч санал унав

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн гишүүд лобби хийсэн ч санал унав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тодотголыг авч хэлэлцэж байна. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн хувьд энэхүү төсвийн тодотголын хүрээнд нийт хөрөнгийн 10 хувийг Улаанбаатар хотод зарцуулах санал гаргасан юм байна. Үүнийгээ чуулганы нэгдсэн хуралдаанд хамгаалахын тулд шаргуу лобби хийлээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг Баянзүрх дүүргээр жишээ авч, бага насны хүүхдүүдийн 30-40 хувь нь цэцэрлэгт хамрагддаг. Дунд сургуулийнхны хувьд гурваас дөрвөн ээлжээр хичээллэдэг. Баруун дөрвөн замаас-Зүүн дөрвөн зам хүртэлх 3 км газарт оргил ачааллын үед нийслэлчүүд дөрвөн цаг явж байна. Төсвийн тодотголыг харахад төсвийн урсгал зардал 70-аад тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа. Энэ нь контор нэмэгдэж байгаатай холбоотойгоор гарч буй зардал. Тиймээс Улаанбаатар хотод асар их асуудал байгааг харгалзан үзэж, төсвийн тодотголын 10-хан хувийг нийслэлд зарцуулахад зориулж кнопоо дарахгүй байхыг хүссэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “Сайд С.Баярцогтыг ноднин жил гэр хорооллоор дагуулж явж, амьдрал ямар байдгийг үзүүлсэн юмсан. Гэтэл тодотголд Улаанбаатар хотын проблемыг шийдэх хөрөнгө оруулалт алга. Ямар учиртай хүн бэ” гэв.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Төсвийн тодотголыг төлөвлөхдөө Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн саналыг аваагүй юм уу, хаашаа юм. Засгийн газрын төвшинд шийдэх байсан асуудлыг л УИХ дээр “босгож” ирээд шуугиулаад байх. Ямар учиртай юм бэ, Сангийн сайд тайлбар хий” гэлээ.

Сайд С.Баярцогт “Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн саналыг хүндэтгэж байна. Өөрийнхөө сонгогдсон тойрог, хотын проблемыг шийдэх агуулгаар санал тавьж буй ойлгож байна. Гэхдээ өнөөдөр ярьж байгаа энэ асуудлыг дэмжих боломжгүй, Төсвийн хуулийг зөрчих болно. Шинэ төсөв орж ирж байсан бол саналыг авч болох байсан, энэ төсөв бол тодотгол хийж байгаа. Төсвийн тодотголыг хийхдээ Улаанбаатар хотоос мөн Төрийн сангуудаас санал авсан. Нэг зүйлийг онцолход Улаанбаатар хотын хрөнгө оруулалтыг жил бүр нэмэгдүүлж байгааг хэлье. Хятад улсаас авах 500 сая ам.долларын 300 сая нь Улаанбаатар хотод зарцуулагдана. Нийслэлд проблем их байгааг харгалзан үзэж, бонд гаргах эрх, зээл авах эрхийг хотод өгөхөөр бодлогын төвшинд зохицуулалт хийж байна. Мөн нийслэлийн авто замын ажлыг явуулахын тулд 18 тэрбум төгрөгийг оруулж ирсэн” гэсэн тайлбар өглөө.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 55.8 хувь нь Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн саналыг хүлээн авах боломжгүй хэмээн үзэж, шийдвэрээ гаргасан юм.

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж