Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах тухай тусгажээ

Хуучирсан мэдээ: 2011.10.27-нд нийтлэгдсэн

Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах тухай тусгажээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлсэн билээ. Засгийн газрын гишүүд хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн аж. Ц.Нямдорж сайд  “Онц байдал зарласан, үндэсний аюулгүй байдалд  нөлөөлөхүйц үйл ажиллагаа явуулсан үед мэдээ, мэдээлэл нэвтрүүлэхийг хязгаарлана. Түүнчлэн бусдын эрх, эрх чөлөө, нэр хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах,  хуулиар төр, байгууллага, хувь хүний нууцад хамааруулсан мэдээ, мэдээллийг хязгаарлах тухай хуульд тусгасан. Үүнээс гадна шинэчилсэн найруулгын төсөлд төрийн байгууллага, албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хязгаарласан тушаал, шийдвэр гаргахыг хориглох тухай заалт бий” гэж мэдээлсэн юм.  Нэг ёсондоо сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага 2008 оны долоодугаар сарын 1-нд болсон шиг үйл явдал давтагдсан үед энэхүү хуулийн дагуу хэвлэх, нийтлэх эрхээ хасуулна гэсэн үг. Үүнээс гадна хуулийн төсөлд сэтгүүлчийн ёс зүйтэй холбогдох худал, ташаа мэдээлэл нийтлэх, бодит байдлыг мушгин гуйвуулахыг хориглох  тухай заалт бий гэнэ.

Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд төр, эрх баригчид оролцох болсон тухай шүүмжлэл ихээр  гарах болсон. Тэгвэл Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэвлэл мэдээллийн байгууллага хараат бус ажиллах баталгааг хуульчлах талаар ч тусгажээ. Тодруулбал, хуулийг баталснаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй болно. Мөн нийтлэлийн бодлого, мэдээ, мэдээлэлд төрөөс хяналт тавихыг хориглох ажээ.  Сэтгүүлч эх сурвалжгүй, худал, хэн нэгний нэр хүндэд халдсан мэдээлэл нийтэлсэн бол учирсан хохирол болон хариуцлагыг сэтгүүлчийн харъяалагддаг хэвлэл мэдээллийн байгууллага хүлээх талаар ч тусгасан аж. Харин сурталчилгааны болон захиалгат нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотой үүсэх хариуцлагын тухайд нийтлэл, нэвтрүүлгийг захиалагч нь бүрэн хариуцах ёстой юм байна. Мөн хуулийн төсөлд Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулах талаар тусгасан байгаа аж. Энэхүү  зөвлөлийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн, нэвтрүүлсэн, тараасан мэдээллийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авах гэсэн  үндсэн зорилгоор байгуулах юм байна. Тодруулбал, иргэн, байгууллагаас ирсэн гомдлыг хамгийн анх хэлэлцэн шийдвэрлэх ёстой бие даасан байгууллага болох ажээ. Сүүлийн үед хэн нэгэн улстөрч, эрх мэдэлтэн “Хэний захиалгаар мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг хийсэн бэ” гэж хэлэх тохиолдол олонтаа гарах болсон. Тэгэхээр Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулбал чамгүй ачаалалтай ажиллах бололтой.

Т.Урангэрэл

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж